Базарбямбын Нямсүрэн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн зочноор БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн "KOPIA Монгол" төвийн захирал У Мён Гюүг урьж ярилцлаа. Бидний ярилцлага хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, тус улсаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар голлон өрнөсөн юм. Тэрбээр манай улсад ирээд жил гаруй болж байгаа бөгөөд өмнө нь АНЭУ-д цагаан будаа тариалах болон  смарт фермийн чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай аж. 

-Монголчууд Солонгосын KOICA байгууллагыг сайн мэднэ. Тэгвэл KOPIA-ийн гол зорилго болон Монголд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй талаар яриагаа эхэлье?
-KOPIA нь БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Хүнсний аюулгүй байдал, малчин тариачдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх гол зорилготой бөгөөд одоогоор дэлхийн 22 орны хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа. "КOPIA Монгол" төв нь 2013 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 2014 оны хоёрдугаар сараас Монголд албан ёсоор үүдээ нээж ажиллаж байна.  KOPIA-ын төслүүд шинэ технологиудыг нэвтрүүлсэн, үр дүн сайтай гэдгээрээ олон улсад нэр хүндтэй. НҮБ-ын Хөдөө аж ахуйн газраас ч мөн манайхтай хамтран ажиллах санал ирүүлж байгаа. 


-Монголд ямар чиглэл рүүтөсөл хөтөлбөрөө чиглүүлж байгаа вэ. Ер нь төсөл хөтөлбөрүүдээ сонгохдоо ямар гол шалгуур тавьдаг бол?   
Монголд 2014 оноос хойш одоо ч үргэлжиж байгаа болон дууссантайгаа нийлээд 16 орчим төслийг хэрэгжүүлээд явж байна. Сүүлийн үед улаан буудайн болон тэжээлийн ургамлын сортыг шинээр гаргах төсөлд илүүтэй анхаарч байна. Мөн хүнсний ногоо тариалах, шинэ сортуудыг Монголд нэвтрүүлэх төсөл 10 орчим жил хэрэгжсэн. Төслүүдээ сонгохдоо тухайн улсад аль салбар илүү стратегийн хувьд чухал байна гэдгийг голлон харгалзаж үздэг. Монгол Улсын хувьд эдийн засгийн томоохон салбар нь мал аж ахуй. Тиймээс одоогоор манай хэрэгжүүлж байгаа гол төслүүд мал аж ахуй руу түлхүү чиглэсэн. Ерөнхийдөө KOPIA-ийн төслүүд гурван үе шаттай. 2014-2016 оны хооронд шинэ сорт нутагшуулах, түүнийгээ туршиж үзэх, шинэ технологийг оруулж ирэх төслүүдийг илүүтэй нэвтрүүлсэн. Үүний дараа 2017-2019 оны хооронд махны үржүүлгийн төслүүдэд гол­лон анхаарсан. 2019 оноос хойш улаан буудайн тэжээлийн ургамлын сорт хөгжүүлэх, түүгээр дамжуулж хөрсний үржил шимийг нөхөн сэр­гээх, мал аж ахуйн салбарт шинэ тех­­но­логи нэвтрүүлэх, “Загвар сум бий болгох” төслүүдийг хэрэгжүүлж байна.  


-Хамгийн амжилттай, үр дүнтэй сайн төслийн туршлагаас хуваалцахгүй юу?
-Жишээлбэл, Улаанбуудайн хувьд шинэ сорт гарч эхлэхээс өмнө дотоодын үр үржүүлгийн дөнгөж гурав орчим хувийг дотооддоо хангадаг байсан. Тэгвэл манай төслийн хүрээнд улаан буудайн шинэ сортуудыг гаргаж авснаар энэ тоо 18 хувь болсон. Цаашид бид энэ байдлаараа үргэлжлүүлж, 80 хувьд хүргэх гол зорилготой. Малчдын хувьд малын тэжээл бэлтгэхдээ 99.9 хувийг байгалийн хээрийн өвсөөр бэлтгэдэг. Тэгвэл манай технологийн шинэ төслийн хувьд байгалийн өвснөөс илүү шим тэжээл сайтай тэжээлийн ургамлын үрийг малчдад өгдөг. Малчид өөрсдөө тэр үрээ тариад, технологио давхар сураад хурааж авсан өвсөө шууд өгөхгүйгээр, илүү тэжээллэг болгон ферментжүүлээд өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, илүү ашиг шимтэй болгож өгснөөр малд жинхэнэ утгаараа шим тэжээл болно. Энэ мэт бид аль болох боловсруулах технологийг зааж өгч байгаа. Дархан-Уул аймагт гэхэд Ургамал, газар тариалангийн газарт үрийн агуулахыг барьж өгсөн. Мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд ферментжүүлсэн тэжээлийн судалгаа үйлдвэрлэлийн төвийг байгуулж байгаа. 


Одоо хэрэгжиж байгаа “Загвар сум” төсөлд нийт дөрвөн сумын 80 өрх хамрагдаж байгаа. Энэ жил зуд болж нөхцөл байдал онц байдалд хүрэх хэмжээнд хүндэрсэн. Гэхдээ манай төсөлд хамрагдсан айл өрхүүдийн хувьд харьцангуй шинэ технологийг хэрэгжүүлсэн, өвс тэжээлээ өөрсдөө бэлтгэсэн учраас одоогийн байдлаар 80 өрх маань нэг ч малын хорогдолгүй өвлийг давж байна. Малын тэжээлээ өөрсдөө хангалттай хэмжээгээр тариалж, түүнийгээ ашигтай ферментүүдээр дэмжиж өгөхөөр үр дүн гарч байгаагийнх гэж бид дүгнэж байгаа. Загвар сумын 80 өрхөөс өвөлжилт хүндэрсэн айлууддаа нийт 22 тонн өвс, 8000 литр тэжээлийн нэмэлтүүдээ хүргэж өгсөн. “Загвар сум” төслийн хоёрдугаар шат энэ онд дуусна. Дараагийн шат буюу хамгийн том төслийн үйл ажиллагаа ирэх 2025 оноос хэрэгжих юм. Энэ нь хамгийн гол үе шат учраас Монгол Улсын Засгийн газартай хамтраад 10 загвар сум болгож нэмэгдүүлэх, цаашлаад орон даяар хэрэгжүүлэхээр ярьж байна. Шинэ технологиудыг аль болох олноор нь малчдадаа эзэмшүүлж чадвал цас зудны аюулаас малчид өөрсдөө сэргийлэх, өндийж босох боломжтой болно. “Өлсөж үхэх гэж байгаа хүнд агшаасан будаа аваачиж өгснөөс будааг яаж тариалах аргыг заах нь илүү үр дүнтэй” гэсэн Солонгос ардын зүйр үг байдаг. Үүнтэй адил манай төслүү­дийн гол зорилго ч бас бэлэн зүйл өгөх биш арга технологийг нь зааж сургах. Тиймээс ч манай төслийг технологийн төслүүд гэж нэрлэдэг. 


-Таны хэлснээр технологийг зааж сургахдаа Монголоос хүмүүсийг Солонгос руу аваачиж байна уу эсвэл сургагч багш нар авчирдаг уу?
-Аль аль нь бий. Малчдын хувьд Солонгосоос туршлагатай мэргэжилтэнг урьж хичээл заалгадаг. Харин Солонгос руу хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүдийг мэргэжлийн байгууллагуудад нь аваачиж, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр илүүтэй ажиллаж байна. 
Дэлхийн өндөр хөгжсөн орнуудыг харахад бүгд хөдөө аж ахуйн салбараа их анхаардаг, сайн хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр Монгол Улсын хувьд нэг хүнд ногдох газар нутгаар дэлхийд тэргүүлдэг, хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн болох суурь бааз бий. Тиймээс ч хөдөө аж ахуйн хүчирхэг гүрэн болоход KOPIA төв ч бас бүх талаар, чадах бүхнээрээ хамтарч ажиллах болно. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Катарт айлчлах үеэрээ БНСУ-аас тус улсад нутагшуулсан смарт фермд зочилж, хэрэгжүүлж байгаа төслийн нөхцөл байдалтай танилцжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Катарт айлчлах үеэрээ БНСУ-аас тус улсад нутагшуулсан смарт фермд зочилж, хэрэгжүүлж байгаа төслийн нөхцөл байдалтай танилцжээ. 


-Та Монголд ирээд жил гаруй болсон. Ер нь манай хөдөө аж ахуйн салбарын гол тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн харж байна. Мэдээж нөгөө талд тэдгээр бэрхшээлийг шийдэх арга замыг өөрийнхөөрөө олж харж байгаа болов уу?
-Монголын хувьд давуу тал боловч нөгөө талд бэрхшээл гэж хэлж болох нэг онцлог бий. 
Дэлхийн бусад улстай харьцуулахад эхнээсээ 15-д багтах өргөн уудам газар нутагтай мөртлөө газар нутгийн нэг хувь хүрэхгүй талбайд тариалан эрхэлдэг. Монгол Улс  бэлчээрийн мал аж ахуйн олон мянган жилийн түүхтэй. Гэхдээ хэдэн мянган жилд байсан технологийг хэвээр нь аваад үлдчихсэн, цаг үеийн шаардлагаар шинэчлэхээс өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг хүн болгон мэдэж байгаа. Мөн өвөл урттай нь газар тариалангийн салбарт бас нэг сул тал болчихдог. Өвөл удаан үргэлжилснээр шинэ ногоо тариалах хугацаа богиносдог. Үүнтэй холбоотойгоор монголчуудын махны хэрэглээ их, хүнсний ногооны хэрэглээ бага. Энэ нь эргээд эрүүл мэндтэй шууд холбогддог. Миний бодлоор монголчуудын дундаж наслалт богино байгаагийн нэг шалтгаан нь ногооны хэрэглээ бага байдгийнх юм болов уу. 


-Сүүлийн үед Монголчууд өвлийн хүлэмжинд нарийн ногоо тариалах зэргээр аль болох таны ярьж байгаа асуудлыг шийдэхээр оролдож байгаа. Мэдээж Солонгос зэрэг газар тариалангаар мэргэшсэн улс орнуудын хажууд манайх бага харагдаж болох ч эхлүүлээд явж байгаа хүмүүс цөөнгүй байна. Тэгвэл энэ чиглэл рүү анхаарсан төслүүд танай дээр хэрэгжиж байгаа болов уу?
-Яг энэ чиглэлээр хоёр том төсөл хэрэгжсэн. Улаан лооль, бөөрөнхий сонгины шинэ сортыг нутагшуулах төслүүд амжилттай хэрэгжиж дууссан. Цаашдаа анхаарах зүйл гэвэл энэ нутагшсан байгаа, Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн сортуудаа яаж зах зээлд гаргах вэ, яаж ажиллах хүчний зардлыг бууруулах вэ гэдэгт голлон анхаарах хэрэгтэй. Тиймээс хүний ажлыг хөнгөвчилсөн, бөөрөнхий сонгины хураалтыг механикжуулсан төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  


-Хоёр орны цаг уурын нөхцөл эрс өөр. Манай улсын хувьд дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Солонгос уур амьсгалын хувьд зөөлөн, тариа ногоо тариалахад илүү таатай гэж хэлж болно. Тэгэхээр Солонгосын технологи Монголд тохиромжтой байж чадах болов уу гэсэн эргэлзээ бас бий...? 
-Мэдээж ийм эргэлзээ байж болно. БНСУ-д смарт фермийг сүүлийн үед өргөн хэрэглэж байгаа. Хүнсний ногооныхоо ихэнх хувийг смарт фермд ургуулдаг. Бэлэн царан дээр тариалаад хурааж аваад түгээдэг арга л даа. Энэ технологийг хөгжиж байгаа орнууд  болон Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг ойрхи Дорнодын орнууд их нутагшуулж байгаа. Эдгээр улсуудын хувьд өмнө нь 100 хувь гаднаас хүнсний ногоогоо импортолж оруулдаг байсан бол одоо бага багаар смарт тариалангийн аж ахуйг хөгжүүлээд хүнсний ногоогоо орон даяараа түгээж эхэлж байна. Саяхан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Катарт айлчлах үеэрээ смарт хүлэмжинд зочилж яаж тариалж байгаа нөхцөл байдалтай танилцсан байсан.


Би өмнө нь Арабын Нэгдсэн Эмират Улсад ажиллаж байсан. Тэгэхээр ажиллаж байсан гурван газрынхаа нөхцөл байдлыг харьцуулан харвал хамгийн халуун нь Араб, хамгийн хүйтэн нь Монгол, дундаж нь Солонгос болж таарна. Мэдээж улс орон бүрийн цаг уур өөр учраас БНСУ-ын хувьд ухаалаг ферм, смарт хүлэмжийг бий болгоход дулааныг тохируулах нь тийм ч хэцүү биш. АНЭУ Монгол улс хоёрт адил төстэй зүйл байгаа нь хоёул цаг уурын хувьд нэг нь халуун, нэг нь хэт хүйтэн. Гол асуудал нь гаднах агаарын температурыг өөрчилж зохих түвшинд аваачиж байж хүлэмж маань амжилт олох ёстой. 
АНЭУ-д 40-50 хэм хүрч халдаг. Гэтэл хүнсний ногоо ургах тохиромжтой хэм нь 25-30 градус байдаг. Монголын хувьд өвлийн улиралд нийлэг хальсан юм уу шилэн хүлэмжинд голдуу ногоо тарих боломжтой. АНЭУ-д энэ нь адил байдаг бөгөөд гадны температурыг яаж багасгах вэ гэдэгт технологио чиглүүлсэн. Тэнд бол контэйнер шиг том агуулахад хүлэмжээ бариад,  гадны агаарыг дотогш нэвтрүүлэхдээ тухайн контэйнерийн тусламжтай агаарын хэмийг бууруулдаг. Монголд яг энэ технологийг урвуугаар нь буюу температурыг нэмэгдүүлэх байдлаар ашиглаж болно.


-Таны ярьж байгаа смарт хүлэмжийг Монголд туршиж үзсэн үү. Яг ямар байдлаар шийдэж байгаа юм бэ?
-Өвлийн хүлэмжийг байгуулахад хэд хэдэн төрөл байж болно. Эхнийх нь дээр хэлсэнчлэн контэйнер дотор байгуулах. Хоёрдугаарт шилэн, гуравдугаарт нийлэг хальсан хүлэмж гээд гурван өөр төрөл байж болно. Миний хувьд Монголд хамгийн тохиромжтой нь контэйнер дотор тариалах технологи гэж бодож байна. Учир нь хамгаалалт сайтай. Гэвч энэ технологи зардлын хувьд маш өндөр. Хоёрдугаарт, өвлийн нийлэг хальсан болон шилэн хүлэмжийг байгуулахад халаалтыг яаж зохицуулах вэ гэдэг гол асуудал. Цахилгаанаар халаадаг өвлийн хүлэмж байгаа. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч, салхины эрчим хүчийг ашиглавал илүү хэрэгтэй. Жишээлбэл, халуун рашааны ойролцоо байгуулаад ус гүйлгэж, халаалтын зардлыг багасгах нэг хувилбар байж болно. 
Смарт ферм нь өндөр хөгжилтэй орнуудын хувьд өдөр тутмын хэрэглээ болсон. Монголын хувьд харьцангуй шинэ боловч оруулж ирэх цаг нь болсон. Монгол Улсад нэвтрүүлэхэд сул тал гэвэл эдийн засгийн зардал өндөртэй. Давуу тал нь дотооддоо чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Монгол Улсын төрийн тэргүүн хүнсний аюулгүй байдалд анхаарах, “Хүнсний хувьсгал” хөтөлбөр санаачилсан. Тэгэхээр смарт фермд тариалж байгаа ногоонууд чанарын хувьд хамаагүй өндөр түвшинд байж чаддаг учраас аюулгүй хүнс идэх, цаашлаад хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдал дээшлэх зэрэг алс хэтийн хувьд хэрэгтэй зүйл гэж боддог. Тиймээс энэ давуу талуудаа илүү нэмэгдүүлж, сул талаа нөхөхийн тулд автоматжуулсан байдлаар шийдэж чадвал илүү үр дүнтэй болов уу. Хамгийн гол нь зардлаа багасгаж, ургацаа нэмэгдүүлэх нь гол шийдэх асуудал юм. 


-Монголд цагаан будаа тариалж эхэлж байгаа гэсэн. Манай улсын хувьд цагаан будаагаа 100 хувь гаднаас импортолдог. Тэгэхээр Монголынхоо хөрсөнд тарьсан цагаан будаа идэх боломжтой болно гэж төсөөлөхөд жирийн иргэний хувьд надад их сайхан байна. Гэхдээ цагаан будаа тариалах явц амаргүй гэж сонссон. Шууд гадаах хэмд тариалж болохгүй байх. Цагаан будаа тариалах төсөл маань ямар явцтай байгаа вэ?
-Цагаан будааг тариалахын өмнө шууд тарихгүй, үрсэлгээгээ гаргасны дараа ил талбайд тариалдаг. Цагаан будааны үрсэлгээг Монголд смарт фермд үржүүлж байна. Ингэхдээ яг ийм үрсэлгээ хийх эрхтэй Солонгосын байгууллага хариуцан ажиллаж байгаа. БНСУ-д тариачид өөрсдөө очоод тухайн үрсэлгээний байгууллагад бэлэн үрсэлгээг худалдаж аваад тариалдаг энэ технологи нэвтрээд 10 гаруй жил болж байгаа. Монголд нэвтрэхэд эхний ээлжинд ямар ч асуудалгүй. 


-Монгол Улс цагаан будаа тариалах алхам хийж байгаа нь зөвхөн одоо биш л дээ. Өмнө нь хэд хэдэн удаа оролдсон туршлага бий. Гэвч цаг уурын нөхцөл байдлаас ч юм уу тийм ч сайн үр дүнд хүрээгүй. Та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл өмнө хэрэгжүүлж байснаар өөр технологи юм уу?
-Монгол Улс цагаан будаагаа гаднаас импортолж авдаг. Жилд 2.2 сая орчим ам.долларын цагаан будааг импортолж оруулж ирдэг гэсэн тооцоо байдаг юм байна лээ. Тэгэхээр бидний хувьд энэ төслийг эхлүүлсэн гол зорилго нь дээрх зардлыг нөхөх, нөгөөтэйгүүр эрүүл мэнд талаасаа монголчууд шинэ будаа идэх боломжтой болох нь хамгийн чухал зорилго юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, энд хаа нэгтэй цагаан будаа тариалах боломжтой л гэсэн үг гэж би бодсон. Мэдээж амаргүй гэдгийг сонсч байсан ч гэсэн судлаад үзье гэж зорьсон. Өмнө нь тарьж байсан хүмүүстэй очиж уулзсан. Тарьж байсан газруудын хувьд тариалалтаа сайн хийсэн ч ургацаа амжилттай авч чадаагүй, эцсийг нь үзэж чадаагүй гэх мэт тохиолдлууд байсан. Өмнө нь тариалж байсан газруудад очоод ус, хөрсний шинжилгээ хийсэн. Хамгийн боломжтой гэсэн гурван газарт энэ жилдээ багтаж туршилтаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Миний хувьд өмнө нь АНЭУ-д ажиллаж байсан, Арабын цөлд цагаан будаа амжилттай тариалж чадсан учраас Монголд ч бас чадна гэсэн итгэл бий.  
Цагаан будаа тариална гэдэг одоохондоо хол сонсогдож байгаа байх. Гэхдээ туршилт маань амжилттай болчихвол бага багаар өргөжсөөр хэдхэн жилийн дараа Монгол Улс цагаан будаагаа өөрсдөө тариалах боломжтой болно. Тэр цаг ирэх үед Монгол Улс олон сая ам.долларын импортоо нөхөж, эдийн засгийн хэмнэлт хийнэ. Мөн одоо жил, хоёр жил өнжсөн будаа хэрэглэж байгаа бол шинэ будаа гэдэг ойлголт бий болно. Цаашлаад цагаан будаа тариалаад эхлэвэл хөдөө аж ахуйн салбар бий болж, ажиллах хүч, ажлын байр цоо шинээр бий болох гээд их давуу талтай. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 49 (7293)