Ц.МЯГМАРБАЯР

 

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах “Гүнээсээ хайрлая” мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологичдын холбоо, Галба-Өөш долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Геологи гидрогеологийн салбар сургуультай хамтарч гурав дах жилдээ хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд дэлхийн усны өдрийг угтаад “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтыг  хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 15 хүртэл зарлаж энэ сарын 22-нд дүнгээ танилцуулж шилдэг оролцогч болоод шийдлүүдийг зарлах юм. “Гүнээсээ хайрлая” шагналыг жил бүрийн “Дэлхийн Усны өдөр”-өөр шалгаруулдаг. Уг шагнал нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, зүй зохистой хэмнэлтэй ашиглах, бохирдол, хомсдолоос сэргийлэх, нөхөн сэргээх бодитой араг хэмжээг хэрэгжүүлж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа иргэн, судлаач, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах, дэмжих алдаршуулах зорилготой. Мөн олон нийтэд усны зохистой хэрэглээ, зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг шийдлийг таниулан сурталчлах ач холбогдолтой аж. Энэ талаар өчигдөр Усны газар болсон хэвлэлийн бага хурлын үеэр Усны газрын дарга З.Батбаяр мэдээллийн эхэнд хэлэв. Тэрбээр  “ Усны өдөр бол баярын өдөр биш. Энэ өдрийг дэлхий нийтээр 1993 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ жилийн дэлхийн нийтийн  уриа “Ус ба энх тайван”. Харин манай  улсын тухайд  “Ус ба амар амгалан” уриан дор тэмдэглэнэ. Гэхдээ нэг өдөр тэмдэглэдэг биш жилийн 365 хоног усны өдөр байгаасай гэж хүсдэг. Усыг газрын доорх, газрын дээрх, борооны, дээврийн  гэж нэрлэдэг. Эдгээр усыг шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж нөхөн сэргээх бодит арга хэмжээ болох шилдэг шийдлийг  тодруулж үндэсний хэмжээнд болон  дэлхийн улсуудад нэвтрүүлэх зорилготой ” гэв. Шилдэг байгууллага цом 10 сая төгрөг гардах бол шилдэг иргэн, шилдэг судлаач тус бүр таван сая төгрөгийн шагналтай ажээ. Хэвлэлийн хуралд оролцогчдын хэлсэн үгийг хүргэе. 

 

“Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар: 2024 онд газрын доорх усыг  дахин ашиглах, хамгаалах сэдвээр зонхилж байна

-“Гүнээсээ хайрлая” аян 2022 оноос эхэлсэн. Таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Аян таван үе шаттай. Хайрлан хамгаалах, гүнээсээ хайрлах, усыг дахин ашиглах, бохирдол, усны нөөцийн гэсэн. 2024 онд газрын доорх усыг  дахин ашиглах, хамгаалах сэдвээр зонхилж байна. Өнгөрсөн жилийн “Гүнээсээ хайрлая” аяныг оюутнуудын дунд зохион байгуулж шалгарсан оюутнууд гадаадын их сургуулийн тэтгэлэг гардуулсан. 

 

Монгол Улсын зөвлөх инженер, доктор, дэд профессор,  Г.Долгорсүрэн: Шалгаруулалтад булга, шанд аа хамгаалсан, ахуйн усаа хэмнэлттэй хэрэглэж туршлага нэвтрүүлсэн  хэн ч  оролцож болно

-Сонгон шалгаруулалтын журам, шалгаруулалтад өргөдөл явуулах талаар танилцуулая. “Гүнээсээ хайрлая” шагналыг гурван төрөлд олгоно. Шилдэг байгууллага, шилдэг иргэн, шилдэг судлаач, судалгааны баг гэсэн. Усны төрлөөс шалтгаалж өөр, өөр шалгууртай. Хараат бус шударгаар шүүх таван хүнтэй баг бүрдсэн. Шилдэг байгууллагын шалгуурт: усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдлоос сэргийлэх, бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн байх. 
Шилдэг иргэнд тавигдах шаардлага нь: Усны нөөцийг хамгаалж бохирдлоос сэргийлсэн. Бохирдлыг бууруулах , хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага,сургамж бий болгосон байх. 
Шилдэг судлаач, баг нь Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэд арга аргачлал технологийг  нэвтрүүлсэн, шинээр боловсруулж, бодит үр дүн гаргасан байх. 

 

Усны газрын Усны нөөцийн ахлах мэргэжилтэн Д.Түвшинжаргал: Усны  судлаачдыг “Гүнээсээ хайрлая” шалгаруулалтад оролцохыг урьж байна

-Тус уралдаанд одоогоор таван аж ахуйн нэгж, гурван иргэн оролцохоор материалаа ирүүлсэн. Харин нэг ч судлаач бүтээлээ ирүүлээгүй байна. Үлдэж буй хугацаанд хийсэн судалгаагаа ирүүлнэ гэж найдаж, уриалж байна. Усны есөн төрлийн  нарийн мэргэжилтнүүд байдаг. Сүүлийн үед усны залуу судлаачид олноор төрж байгаад талархаж байна. Тэд сүүлийн гурван жилд судалсан бүтээлээ ирүүлж болно. Ялангуяа газрын гадарга доорх усны судалгаа бол маш чухал. Энэ шалгаруулалтаас Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж болох усны хэмнэлтийн шинэ шийдэл гарна гэсэн хүлээлттэй байгаа. Шилдэг шийдлүүдээр контент бүтээж хөгжүүлэлт, түгээлтийг хийх болно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)