С.УЯНГА
Өнгөрсөн 30 жилийн тэн хагаст нь эрчүүдээс нэр дэвшүүлэх квот гуйж, хэлэлцэж, шаардаад ч молигодуулж ирсэн өрөвдөлтэй замыг эмэгтэйчүүд туулж ирэв. Үр дүнд нь удирдах ажлыг “эрэгтэй” дүрээр харах хэвшмэл үзэл гүн бат оршсоор байгаа. Тиймдээ ч хүйсийн төлөөлөл, жендэрийн дэвшилд дорвитой ахиц гарахгүй байсаар ардчилсан Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээрээ 193 орноос 134 дугаарт жагсаж байна. Тэгвэл энэ жил, 24 оны сонгуулийн төсөөлөл огт өөрөөр зурагдаж байгаа юм.
Парламентын босгыг давахдаа нэлээд тэмцэлтэй батлагдсан Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд нэр дэвшүүлэхээс эхлээд бүхий л үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахаар тусгасан нь бараг л хүний эрхийн “эргэлт” болов. Ингэхдээ Сонгуулийн хуулиар аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувьд хүргэнэ гэсэн үүргийг намуудад хүлээлгэсэн бол Улс төрийн намын хуульд эмэгтэй улстөрч, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн дэвшилтэд заалт орж байгаа. Намууд энэ амлалтаа биелүүлэхгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй байх, төрөөс олгодог санхүүжилтийг танах хөшүүргээр баталгаажуулж өгсөн юм. Энэ дэвшлээр намууд эмэгтэйчүүд, жендэрийн мэдрэмжийн эрэлд гарч эхлээд буй. Гэхдээ энэ бол эмэгтэйчүүдийн замыг жаахан засаж чиглүүлж өгсөн нэг л шат. Харин даашинзтай улстөрчдийн хамгийн том даваа бол олон нийтийн хандлага, соёл. Бүр тодорхой хэлбэл, эмэгтэйчүүдээс дабль стандарт шаардсаар ирсэн хэвшмэл ойлголт, дайралт доромжлолыг сөрж зогсох эр зориг, сэтгэл зүйн хат, тууштай байдал энэ цаг үед жинхэнэ эмэгтэйчүүдийн тэвчээрийг шалгаж, сорьж байна. Тэр хэрээр хөрөнгө мөнгөнөөс ч илүү дэнчин бол нэр төр, хувийн амьдралаа эрсдэлд оруулж мэдэхээр нийгмийн дайралт, сошиал сүлжээний нэр нүүрээ нуусан троллууд юм.
Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгааны дүнгээс харвал эмэгтэй хүнийг манлайлагч гэдэгт таван хүний нэг нь, эрэгтэй хүний хувьд 10 хүний нэг нь итгэхгүй гэж хариулжээ. Харин удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд “эмэгтэй” хүнд үл итгэх хандлага судалгаанд оролцогчдын 20 орчим хувьд нь ажиглагдсан аж. Тухайлбал, 92 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байна. Кейс харвал, нэг байгууллагад зэрэг ажилд орсон эрэгтэй эмэгтэй ажилтнаас таван жилийн дараа хэлтсийн даргаар хэнийг нь ажиллаж чадах вэ гэхэд 92.8 хувь нь эрэгтэй, 83.3 хувь нь эмэгтэй ажилтанд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй ижил төстэй өөр нэг судалгаа харвал нийт парламентч эмэгтэйчүүдийн ажил дээрээ буюу парламентад 80 хувь нь сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, гурван эмэгтэйн нэг нь эдийн засгийн, дөрвөн эмэгтэйн нэг бие махбодын, таван эмэгтэйн нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж УТЭЭХ Дэлхийн нийтийн судалгаанд дурджээ. Мөн Европын парламентуудын эмэгтэй гишүүд болон мэргэжилтнүүдийн 40 хувь нь бэлгийн дарамт хүчирхийлэлд өртсөн. Энэ нь улс төрийг орхих шууд шалтгаан болсон гэдэгтэй санал нэгдсэн гэсэн байна. Сонгуулийн үеийн хүчирхийлэлд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд харилцан адилгүй өртдөг буюу 2000 кэйсэд эмэгтэйчүүд сэтгэл зүйн хүчирхийлэлд эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү өртсөн гэсэн судалгаа олон улсад бий.
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс Монголын улс төр дэх ялгаварлал, хүчирхийллийг тандах судалгааг 220 гаруй эмэгтэйн дунд явуулахад улс төр дэх эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл цахим болон бодит харилцаанд төрөл бүрийн хэлбэрээр үйлдэгддэг. Энэ нь эмэгтэйчүүдийн оролцоонд нөлөөлдөг гэсэн үр дүн гарсан байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хаана илүү тохиолддог вэ гэхэд хамгийн их буюу 38 хувь нь интернэт орчинд, 22 хувь нь намын дотоод үйл ажиллагаа дээр, 14 хувь нь олон нийтийн арга хэмжээ,16 хувь нь тэмдэглэлт баяр зэрэг чөлөөт үйл ажиллагаа, 11 хувь нь бусад гэжээ. Энэ байдал улс төрд идэвхтэй оролцоход хэр нөлөөлдөг вэ гэхэд 58 хувь нь шантарч зайлсхийдэг гэсэн бол 41 хувь нь нөлөөлдөг, хоёрхон хувь нь огт үгүй гэж хариулжээ.
Нийгмийн сүлжээний жендэрийн мониторинг-судалгаагаар цахим мэдээллийн хуудаснуудын нэг жилийн мэдээлэл буюу хайлтын үр дүнд илэрсэн 1062 пост, 42,534 сэтгэгдэлд анализ хийжээ. Агуулгаар нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй аль алиныг нь нас, гадаад үзэмж, хэл яриа, нүүр царайны гоо үзэмж, шашин, үндэс угсаа, гэр бүлийн байдал зэргээр нь доромжилж байна. Эрэгтэйчүүдийг хүүхэн шиг шалчигнасан, айлын авгай нарын сэдэв ярилаа гэх хандлагатай. Харин эмэгтэйчүүдийг эх хүн байж, жижиг сэдэв ярьдаг, тулга тойрсон юм сэтгэлээ гэх хандлага түлхүү байжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг хувцаслалт, ярианы өнгөөр нь шүүмжлэн үзэн ядах үг хэллэг хэрэглэх болон хэн нэгэн эрэгтэй хүнтэй нэр холбох агуулгаар хэлдэг гэжээ. Мэдээний хуудаснууд эмэгтэй улстөрчдийн царай, нүүрний хувирал хэвийн биш гарсан зураг сонгож нийтлэх нь түлхүү байдаг тухай ганцаарчилсан ярилцлагад хамрагдсан хүмүүс хэлсэн байна. Ялангуяа нүдээ аньсан зураг, хувцаслалт дээр биед өө гарсан хэсгийг тодотгосон гэх мэтээр эмэгтэйчүүдэд ээлгүй ханддаг байна. Энэ бүхний эцэст хүйсийн ялгаатай төлөөлөл салаа замын уулзварт ирдэг. Өөрөөр хэлбэл, цааш алхах уу, буцах уу гэсэн шийдвэр гаргадаг. Сонирхолтой нь дайралт, доромжлолын дараа эрчүүд хэдийгээр гэр бүл, эргэн тойрныхонд нь стресстэй байдаг ч үүнийг хэвийн үзэгдэл гэж үздэг, тоохгүй байх хандлагатай. Гэтэл эмэгтэйчүүд сэтгэл санаагаар унах, сонгосон карьераасаа татгалзах эргэлзэх, гэр бүлийн зүгээс тухайн ажлаа болихыг хүсэх зэрэг сөрөг үр дагаврууд илэрдэг. Улс төрд орсон л бол гутаан доромжлолыг туулах нь байх ёстой үзэгдэл гэсэн хандлага нийгэм, олон нийт болон намын зүгээс ирдэг гэжээ. Ингэхдээ эмэгтэйчүүд хувийн амьдрал, үзэл бодлоо сошиалд нийтлэхгүй байх арга хэмжээ авдаг гэсэн бол цөөн хэд нь мэргэжлийн имидж мэйкэр, зурагчин хөлсөлдөг гэжээ. Энэ бүхнээс харахад эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд очиж 1.5 сая төлөөллийн эрх ашгийг хамгаалах гэрэл гэгээтэй нийгмийг цогцлоохын төлөө нэр хүнд, карьераараа дэнчин тавихаас гадна ойр тойрныхоо хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж буй юм шүү. Тиймээс таны "хажууд" эмэгтэйчүүд тааралдвал эелдэг хандаарай.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 47 (7291)