Ази-Европыг хураан бужигнуулж явсан монголчууд цагийн эрхэнд төвхнөн нүүдлийн мал аж ахуй эрхлэн хаа нэг гарах цан хэнгэрэгийн дуунд буйдхан оршсоор ХХ зуунтай золгосон. Энэ зуун бол хүн төрөлхтөн яав гэмээр хөдөлгөөнд орон, олон сая хүний амь авч одсон дэлхийн хоёр ч дайн дэгдэж; тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө үндэстнүүд зэвсэглэн босож байсан цаг үе. Монгол орон, монгол үндэстэн ч шинэ үеийн шинэ цагийн энэ хөдөлгөөнөөс хоцроогүйг бид сайн мэднэ. 


Түүхч, нийгэм судлаачдын хувьд маш сонирхолтой цаг үе гэгддэг ХХ зуунд хоёр бүр гурван ч хувьсгал хийж гаднын эрхшээлээс гарч Богд хаант Монгол Улс-Үндсэн хуульт БНМАУ-Ардчилсан Монгол Улс болж, дэлхийн хамтын нөхөрлөлийн бүрэн эрхт нэгэн гишүүн болсныг бид мэднэ. Хувьсгал гэдэг хувь хүн, нийгэм олны амьдралд, тэр бүү хэл улсын засаг захиргааны нэр нэршил, бүтцэд огцом өөрчлөлт гарахын нэр. Бие даасан тусгаар Монгол улс болсон нь сайны дээд сайн явдал. Гэхдээ улс нийгэмд хийж эхэлсэн хувьсгалт өөрчлөлт уламжлалаа уллаж өөрөөр хэлбэл дэвшилтэт сайнд тулгуурлан ургаж бус улааны үзлээр дарцаглаж, бусдын санаанд хөтлөгдсөн болохоор бусармаг явдал ихтэй, будант жилүүд үргэлжилсэн юм. Суурин ахуй соёл руу  монгол түмэн нүүснээр гарч ирсэн олон нааштай үр дүн бий гэдгийг бид бас мэднэ. Тийм болохоор туулсан цагийн сайн мууг дэнсэлж байж л өнгөрсөнөө зөв ухаарч ирэх цагийн замналаа зөв төлөвлөх боломж үүснэ.


Манай нийгэм судлаачид ХХ зууны үйл явдлыг тал бүрээс нь бичиж байна. Харин би энэ удаа Хөвсгөл нутагт ХХ зууны эхээр төрсөн Цэдэвийн Туваансүрэн (1906-1968) хэмээх бүсгүйн туулсан амьдралын зах зухыг сөхөн толилуулъя.  Айлын ууган охин энэ бүсгүй хар багадаа алтан ургийн ноёны хатнаар тодорч, хувьсгалт өөрчлөлтөөр эгэл харц болон “бууж”,  ёстой л туг ч барьж, тугал ч хариулж явсан ховорхон заяатай бүсгүй ажээ. Манжийн эзэрхийлэл, Богд хаант Монгол Улсын төр, автономитын үе, ардын засаг гээд олон төрийн нүүр үзсэн, улс нийгмийн амьдрал яаж хувирч байсан ч өөрийн мөн чанараа гээж хатуу хөтүүд нугараагүй энэ бүсгүйн амьдрал олон талаар сургамжтай санагдахын учир түүх архивын зарим эх сурвалж хөөснөө эрхэм уншигч Танаа толилуулж байна.   


 
1. Унасан газар, угаасан ус...

Туваансүрэн бүсгүйн унасан газар, угаасан ус гэвэл: Манжийн ноёрхлын үед буюу 1725 онд Түшээт хан, Цэцэн хан, Засагт хан аймгийн хошуудаас нийлүүлэн байгуулсан Сайн ноён хан аймаг,  24 хошуутай энэ аймгийн Мэргэн гүнгийн хошуу. Хошууны хил хязгаарыг заасан тэмдэглэлд: “зүүнш Хөвсгөл нуруу... өмнөш Элстэй... баруунш олон голын бэлчир... баруун өмнөш-Нуламтай хүрчээ... гэсэн байх бөгөөд Хамтатган тэмдэглэсэн бичигт: энэ хошууг Хануй голын хөвөө, Сэлэнгэ мөрний өмнөд хөвөө... гэжээ [1]
Харин Монгол улс тусгаар тогтнолоо 1911 онд тунхаглахад тус хошууг Сайн ноён хан аймгийн Мэргэн гүнгийн хошуу, ардын засгийн үед Цэцэрлэг Мандал уулын аймгийн Рашаант уулын  хэмээн нэрийдэж байжээ. Энэ хошууны нутаг дэвсгэр нь өнөөгийн Хөвсгөл аймгийн Рашаант сум, Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрийг хамаарч байжээ.
Мэргэн гүнгийн хошууны засаг ноёд бол Богд Чингис хааны алтан ургийн үргэлжлэл, Гэрсэнз жалайр хунтайжийн ач, Түмэнхан сайн ноёны аравдугаар хүүгийн угсаа залгамжлагчид юм байна.
Харин Туваансүрэн бүсгүйн өвөг дээдэс болох Бадай зайсан  XIX  зууны дунд үеэс Мэргэн гүнгийн хошуунд алба хашиж байсан гэж үр хүүхэд нь хөөн бүтээсэн ургийн бичээст тэмдэглэгддэг ажээ.  Бадай хэмээх энэ эрхэм тайж байгаад зайсан болсон уу, шавийн  отог захирдаг зайсан байв уу гэдэг тодорхойгүй бололтой. Манжийн төр тайж нараас алба гувчуур татах болсноор XIX зууны хоёрдугаар хагасаас тайж нар зайсан болох нь ихэссэн хэмээн судлаачид бичдэг учраас үүнийг онцолж байна.
Бадай зайсангийнх 1880 онд Цэдэв хэмээх хүүтэй болжээ. Хүүгээ багад нь сүм хийдэд шавилуулан монгол, түвд бичиг үсэгт тайлж, өөрөөр хэлбэл өнөөгийн бидний хэлж заншсанаар боловсролтой, төр, нийгмийн ажил үйлд бэлтгэж, шударга төлөв нэгэн болгож хүмүүжүүлсэн учраас Их шавийн захиргаанаас отог захируулж, зайсан цол хүртээсэн бололтой.  
Цэдэв зайсан /1880-1939/ Заяын гэгээний зайсан Пэлжээгийн охин Бадамжавтай /188?-1944/ айл гэр болж 10 хүүхэд төрүүлснээс охин  Туваансүрэн /1906-1968/, охин Сэлэнгэ /1918-2001/, хүү Цэрэндорж /1923-1986/, хүү Дарьсүрэн /1925-1983/, бага хүү Агваанрэнцэн /1927-1979/ гэх 5 хүүхдээ эсэн мэнд өсгөж, гэрийн багшаар бичиг үсэг, ном эрдмийн захад хүргэсэн хэмээнэ. Элдвээр хэлэгдэн мал хөрөнгөө хураалгах дайрлагад Цэдэв зайсангийнх гурвантаа өртөж байсан ч үр хүүхдүүдээ гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөж, шинэ цагийн сургууль соёлын замд хөтөлсөн  гэж үр хүүхдүүд нь ам бардам ярих ажээ. 

Цэдэв зайсан /1880-1939/ Заяын гэгээний зайсан Пэлжээгийн охин Бадамжавтай /188?-1944/ айл гэр болж 10 хүүхэд төрүүлснээс охин  Туваансүрэн /1906-1968/, охин Сэлэнгэ /1918-2001/, хүү Цэрэндорж /1923-1986/, хүү Дарьсүрэн /1925-1983/, бага хүү Агваанрэнцэн /1927-1979/ гэх 5 хүүхдээ эсэн мэнд өсгөж, гэрийн багшаар бичиг үсэг, ном эрдмийн захад хүргэсэн хэмээнэ.

 

 

2. Ургийн газар очно гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмдаа хө

Цэдэв зайсангийн ууган охин Туваансүрэн  ухаан сэргэлэн, бие эрүүл, сэтгэл цагаан, гэрийн боловсролоор бичиг үсэг, эрдэм ном сурсан, зураг зурах авьяастай, оёдол үйлэнд гарамгай нэгэн байжээ. Түүнийг 13 нас хүрэх үед нь олон зуун жилийн уламжлалтай, монголчуудын “бэр шинжих, сонгох ёс”: газар нутаг, удам судар, эрүүл мэнд, өнгө зүс, ааш ааль, хувь төөрөг гээд олон талаас нь шинждэг уламжлалт ухааны дагуу “хатан хүний олон сайхан шинж бүрдсэн хацар гоо, ухаалаг бүсгүй” хэмээн сонгон хошууны засаг, мэргэн гүн Мөнх-Очирын ууган хүү агь ноён Гомбожавын хатнаар тодруулжээ.
Хошууны засаг ноён Мэргэн гүн Мөнх-Очир эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг, мэргэн хурц ухаан, мэдлэг чадвартай, олны төлөө сэтгэл оюунаа чилээдэг,  албат ард, ахас ихэстээ үнэлэгдсэн хүн байж. Хүү Гомбожав нь 1906 онд төрсөн, цовоо сэргэлэн, элдэвт адтай, ном эрдэмд дур сонирхолтой хүүхэд байжээ.  
Мэргэн гүн Мөнх-Очир ууган хүү Гомбожавыг багаас нь Дарба бандид гэгээний 6 дугаар дүрийн хувилгаан Агваанчойжордондув буюу Ар халхын Дарба бандид хэмээн олноо алдаршсан их эрдэмтэнд шавь оруулан ном эрдэмд шамдуулан суралцуулж байжээ. 
Гомбожавын багш Дарба бандид хутагт 1906 онд Их хүрээний гандангийн Гунгаачойлон дацанд гавжийн дамжаа, 1919 онд Их хүрээний  жүд дацанд аграмбын дамжаа барьж мяндаг цол олсон халхын хутагтууд дотроо дээгүүр үнэлэгдэх эрдэм боловсролтой, нэр хүндтэй нэгэн. 
Гомбожав бага наснаасаа эрдэмт багшид шавилж, бас хятад хэл бичигт суралцаж байсныг гэрчлэх олон баримт байх ажээ.
Монголчууд олон зуун жилийн тэртээгээс Хатан хүний 15 эрдэм хэмээн 
1. Номуун ухаант шинж бүрдсэн
2. Өнгө үзэсгэлэн гоо сайхан зүстэй
3. Санаа сэтгэл ариун сайхан
4. Эсгэх оёход уран
5. Ачлалт тахимдуу
6. Энэрэлт эевэргүү
7. Үйлээ амар бүтээгч
8. Ааш араншин сайтай найрсаг найрамдуу
9. Хүндлэж зочломтгой
10. Ухаалаг хэрсүү
11. Үг сонсогч
12. Ашдын хишиг дэлгэр
13. Барьсан идээ арвин өгөөмөр
14. Урваж үл аашлагч
15. Ичгүүр сонжуур төгөлдөр байх  явдал гэж үздэг байжээ.
Энэ бүх шинж Туваансүрэн охинд бүрдэж хэмээн Мөнх-Очир гүн ч даган зөвшөөрөөд байжээ. Гэтэл “...хошууны засаг гүн Мөнх-Очир Олноо өргөгдсөний есдүгээр (1919) оны дөрөвдүгээр сарын шинийн нэгний өглөө бие барав...” [2] хэмээн хошууны тамгын газраас харьяат олон ард даа хандан зарлаж байжээ.
Ийнхүү Гомбожав эцгээ алдаж, том хүүгийн хувьд өрх төдийгүй тухайн үеийн ёсоор хошуу толгойлон хоцорсон гэсэн үг. Олноо өргөгдсөний есдүгээр /1919/ оны таван сарын 20-ны өдөр “...урьд нэгэнт батлуулан тэмдэглүүлсэн ахмад хөвгүүн Гомбожавт тогосын одон гутгаар зэргийн тайж ... засаг тэргүүн зэргийн тайж хэргэм, мэргэн гүн цолыг Гомбожавт залгамжлуулахыг тогтоон зааж өгнө үү” хэмээн аймгийн чуулган даргын тамгын газарт хошууны тамгаас бичиг илгээжээ. Мөн оны намар цагаас эхлэн шинэ ноён болох агийг өргөөлүүлж, хондого холбох бэлтгэлийг хангах, шинэ өргөөг бэлтгэх, морь малыг адуулах, гүү саах, айраг бэлтгэх хүмүүсийг  ирүүлэх, тогоо барих гэрийн ажилд сайтар боловсорсон эмэгтэй нэгийг ирүүлэх зэрэг ажлыг холбогдох хүмүүст даалгаж байжээ.  
Хошууны тамгын газрынхан ураг барилдах өдрийн сайныг сонгон зайсан Цэдэвийнд сүй бэлэг хүргэх зэрэг ажлыг  хичээнгүйлэн бэлдэж, 1919 оны намрын дунд сард агь ноён Гомбожавын хондого холбохын тухай өргөөний доторхи хэрэгсэлд орох  10 гаруй тэрэг хуш модыг онгон тахилгагүй газраас бэлтгэх, агь ноёныг хуримлахад хэрэгсэх зүйлийг нэн даруй бэлтгэж “шинийн долоонд буюу 1919 оны 11 сарын 29-нд зайсан Цэдэвийн гэр газар хүрч ёс бэлгийг өгч гүйцэтгэх” [3] ,  “шинийн  найман буюу 1919 оны 11 сарын 30-ны баасан гараг могой өдөр ёс сүй бэлгийг [4] гүйцэтгэх шийдвэр гаргажээ.  Ийнхүү Туваансүрэн эцгийн гэрээс агь ноёны өргөөнд заларчээ. Гүн Гомбожавт мэргэн засгийн хэргэм өвлүүлэх дээд газрын шийдвэр 1920 оны нэг сард ДИУ цэрэглэн Богд хаант Монгол Улсын засаг захиргааг буулгаж цэргийн захиргаа тогтсон учраас гаралгүй 1921 онтой золгосон байна. Энэ бусармаг явдал цаг зуурын  байсныг бид сайн мэднэ. 
Ингээд олноо өргөгдсөний 11 дүгээр оны арван нэгэн сарын арван гуравны мягмар гариг, нохой өдрийн луу цагт Гомбожавт хошууны засаг гүнгийн хэргэм залгамжлуулах, хатан Туваансүрэн нарын хондого холбох талаар албат ардууддаа зарлан мэдэгдсэн архивын баримтыг судлаачид ном сударт нийтлүүлжээ. Мөн энэ өдрөөс дээдсийн нэр алдрыг дуудахыг цээрлэдэг байсны учир хошууны дотор Гомбожав нэртэй хүнийг Омбожав, Туваансүрэн нэртэй хүнийг Уваансүрэн гэх тушаал ч бууж байжээ.


Мэргэн гүн Гомбожавын хатан Ц.Туваансүрэн /сэтгүүлч, судлаач Ч.Болдын цуглуулгаас/


1919 он бол Гомбожав, Туваансүрэн хоёр 14 нас хүрч байсан цаг. Эцгийн гэрээс холдож, ноёны хатан болж явахаасаа өмнө Туваансүрэн тоглож нааддаг найз нар дээрээ ирээд “би маргаашнаас та нартай тоглож чадахгүй болох нь, хүний эхнэр болоод явах нь” гээд хүзүүндээ зүүж байсан шүрэн зүүлтээ бидэнд хувааж өгч байлаа хэмээн нэгэн эмэгтэй 1969 онд улсын төв II эмнэлэгт хэвтэж байхдаа дурсан ярьж байжээ. [5]
Ийм нэгэн нас чацуу хоёр ихэс дээдэс, эрдэмт багш, эцэг эхийн сонголт, айлдвараар хувь заяагаа холбож, сонин ч гэмээр содон ч гэмээр амьдралын замын эхэнд гарчээ. Эцэг эхийн гараас гарч хатан болсон Туваансүрэн “хүнгүй ганцаар үлдэх үедээ эхнэр өмсгөлөө тайлж, дураараа ийш тийш гүйж ... Гомбожав ноёныг ирэх сургаар хувцсаа өмсдөг байсан” гэж дүү Сэлэнгэ нь  зээ охин Цолмонд дурсаж байсан [6] гэдэг. 
Гомбожав, Туваансүрэн нарын ууган охин Дарьбазар 1921 онд мэндэлж, мөн онд Гомбожав хошууны засаг ноёны тушаалыг хүлээн  авчээ.
Мөнх-Очир гүнийх 1917 оны тоо бүртгэлээр 97 адуу, 71 үхэр, 464 хонь бүгд 637 малтай байсан бол 1922 оны хүн, мал хөрөнгийн тооллогоор  Сайн ноён хан аймгийн Мэргэн засаг тэргүүн зэрэг тайж Гомбожав 17 нас, дүү банди Ванчинбазар 15 нас, Лувсанцэрэн 13 нас, Бизьяажав 11 нас, Чалаажав 9 нас, Сономцэрэн 8 нас, эм Туваансүрэн 17 нас, өрх 1, хөрөнгөний адуу 63, үхэр 22, хонь ямаа 337... хэмээн бүртгэгдэж байсан байна. 
Ардын нам засаг бодлого зорилтоо олон түмэнд зөвөөр ойлгуулж хэрэгжүүлэхдээ хутагт хувилгаад, лам, тайж нар, нутаг орондоо нэр хүндтэй ард иргэдийг түшиглэхийг эрмэлзэж байсны нэгэн төлөөлөл нь Гомбожавын багш байв. Гомбожавын багш Дарба бандид ардын хувьсгалын үйл хэргийг эхнээс нь таалан дотночилж аядуу тайван хүлээж аван, шинэ цагийн өөрчлөлт шинэчлэлтэд таатай хандахын зэрэгцээ шавь Гомбожавыгаа ч шинэ засгийн бодлогыг дэмжин, сургууль соёлын мөр хөөлгөх эхлэлийг тавьсан байна. 
М.Гомбожав шинэ засгийн бодлогыг дэмжиж, ардын намын суртлыг хүлээн зөвшөөрч даган явуулахаар харьяат хамжлага ардад тушаан бичиг илгээж байснаас гадна тус хошуунд монгол ардын намын 55 дугаар үүр байгуулахад 1922 оны 12 сард гишүүнээр элсчээ. Дарба бандид хутагт өөрөө 1922 оноос өөрийн тааллаар хүрээ хийдийн горломоос гарч хөдөөлөн Идэр, Чулуут голын бэлчир орчим жижиг гэрт сууж, өөрийн дотоод сан, мал хөрөнгөө улсад нийлүүлэн, заримыг ядуу лам, харчуул борчуулд бага сага хувь олгон тараажээ.   
Ийнхүү засаг тэргүүн, гүн хэргэмээсээ татгалзсан Гомбожав багшийн зөвлөснөөр 1923 онд Нийслэл хүрээнд оюутны сургуульд сурахаар явсан байна. Эр нөхөр нь хэргэм зэрэгээсээ татгалзсан болохоор эхнэр Туваансүрэн ч эгэл жирийн эхнэр хэмээх “мөнхийн” гэмээр албанд шилжжээ.

М.Гомбожав, Ц.Туваансүрэн нар 1924 он

 


Гомбожав нарын 11 хүн оюутны сургууль 1924 онд төгсч “бага сургуулийн багш” [7] үнэмлэх авч албан боловсролтон болж нийтийн амьдралд ч идэвхтэй оролцож эхэлжээ. Тухайлбал оюутны сургуульд суралцаж байх үедээ Цэцэрлэг мандал аймгийн анхдугаар их хуралд Мэргэн гүний хошууны намын үүрээс сонгогдон оролцож, хурлын нарийн бичгийн даргын үүрэг хүлээн хуралд идэвхтэй оролцжээ. Аймгийн анхдугаар хурлаас БНМАУ-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдож [8]   байжээ. 

3. Алс холын Ленинградад
Эрдэм сурахаар явлаа даа...  

Залуу хосын амьдралд ч эргэлт гарч Туваансүрэн 1923 онд хоёр дахь охин Лхамсүрэн, 1924 онд хүү Дарьсүрэнг төрүүлсэний дараа мөн л нөхрөө даган Нийслэл хүрээ орж, сургууль соёлын мөр хөөх замд орсон байх ажээ. 
Монгол улсын засаг төр ард иргэдээ бичиг үсэгтэй болгох, бичиг үсэгтэйг нь цааш сургууль соёлын замд хөтлөх, түүн дотор эмэгтэйчүүдийг хамруулахыг зорилго болгож байсан цаг. Монголын уламжлалт гэрийн сургалтаар товхийсэн боловсролтой болсон Туваансүрэнд том боломж нээгдсэн хэрэг. Олноор нээгдэж байсан сургууль дамжаанд Туваансүрэн суралцсан гэх баримт олдохгүй байгаа ч ЗХУ-д орчуулагчийн сургуульд явах болзлыг хангах боловсролтой нэгэн байжээ.
Ардыг гэгээрүүлэх яамны сайд Онход овогтой Сангажавын Жамьян “...орчуулагчийг бэлтгэх, үүнд тайлбарлах нь манай монгол угаас суртал үгүй бүдүүлэг, гадаад олон улсын хэлбичигт суралцсан хүн үгүй учир аа, ямагт гадаад улсын хүнийг хэрэглэж, аливаа орчуулах сургах зэрэг хэргийг эрхлүүлэн, эл хэрэглэхүүнийг нийлүүлэн өгөх нь чирэгдэл сүйтгэл үлэмж болох бөгөөд зүй нь эдүгээгээс насан идэр хүн нарыг Ленинград хотноо явуулж, Дорно дахины олон улсын хэлбичгийн сургуульд оруулан, хэдэн жилийн хугацаагаар суулгаж боловсруулан, орчуулагч зэрэгт бэлтгэн, энэ мэтээс гадаадын хүнийг хүнийг хэрэглэх чирэгдлийг хэмнэвээс зохих тул саяхан хорин хүний эл хэрэглэхүүнийг төсөвлөн батлуулаад  уг сургуульд одуулах хүн нарыг нэгэнт мордуулсан” [9] -ыг 1924 оны 11 сард БНМАУ-ын анхдугаар их хуралд илтгэж байж. Ленинградын дорно дахины амьд хэлний сургуульд Ардын гэгээрлийн яамны зардлаар 1924 оны намар илгээсэн хорин залуусын дотор  мэргэн гүн Гомбожав, эхнэр Туваансүрэн нар оржээ. Тэдний зардал төсвийг Ардыг гэгээрүүлэх  яамнаас гаргаж, Гадаад явдлын яам үнэмлэх бичиг олгосноор тэд замд гарчээ. 
Эхний ээлжинд гадаадын дээд сургуульд сурахаар хүлгийн жолоонд мордсон 18 хүнийг эрдэмтэн О. Намнандорж, зохиолч Ж.Дамдин абугай нар:
1. О.Намнандорж
2. Барилгын ажилтан Гончиг
3. Ж.Дамдин
4. Т.Гончиг-хуучин ДХГ ажиллаж байсан
5. Ш.Шагдар –анхны их эмч
6. Г.Чимиддорж- Монголд банкинд ажиллаж байсан
7. М.Гомбожав-академийн зурагчин байсан
8. Их Шагдар-хуучин монгол үсгийн нэртэй сайн бичээч, эмийн худалдааны төв дэлгүүрийн дарга байв
9. Н.Цэвэгжав-ардын цэргийн анхны багш, алтан шүдэт Намсрай гэгчийн хүү
10. Гомбожав-Зөвлөлтөд олон жил сурч байсан, сүрхий эрдэмтэй хүн гарах нь гэж хэлэлцэж байсан, мэргэн гүн Гомбожав мөн
11. Гомбо-ДХГ-ын ерөнхий комиссар байсан одоогийн Булган аймгийн хүн.
12. Данзан-Хүнсний яамны сайд байсан
13. Дэндэв-анхны их эмч, бүх цэргийн эмнэлгийн газрын дарга байсан
14. Түмэн-Өлзий- Булган аймгийн ойн ангийн дарга байсан
15. Туваансүрэн-Элдэв-Очирын эхнэр
16. Цэрэндорж- дансны мэргэжилтэн
17. Даш-цэргийн яаманд ахлах тушаалын дарга байсан
18. Түвдэн- дансны мэргэжилтэн, Алтанбулагийн буриад” [10] нар явсан
гэж жагсаан тэмдэглэсэн байх ажээ.
Мөн түүнчлэн Гомбожав, Туваансүрэн нарт Монгол улсын Гадаад явдлын яамнаас “Эдүгээ манай Ардын гэгээрүүлэх яам, Судар бичгийн хүрээлэнгээс Зөвлөлийн засагт холбоот Улсын Ленинград хотноо Дорно зүгийн хэлний дээд сургуульд одох Гомбожав, Туваансүрэн, Дорж, Гарсайд үнэмлэх бичиг шийтгэн олгомуй хэмээсэн үүнийг яамнаас гуйсан ёсоор болгон явуулсан тул Эрхэм Зөвлөлийн засагт холбоот Улсын эрх баригчид ба зах хязгаарын түшмэл цэрэг албаны хүмүүс учрыг мэдэж, түүний биеийг нааш цааш явахад авч явах албаны бичиг ба хувцас зүйлийг нэгжин байцаах зэргээр саатуулахгүй туслан хамгаалж өнгөрүүлмүй хэмээн үүний тул үнэмлэх тэмдэгт бичиг шийтгэн олгов.
Монгол улсын 14 дүгээр он, 8 сарын 25. Аргын 9 сарын 23” гэсэн үнэмлэх бичиг олгожээ. Энд дурдагдаж буй Дорж, Гарсай нар нь Судар бичгийн хүрээлэнгээс 1923 онд Ленинградын энэ сургуульд явсан буриад бичээч [11] нар гэсэн баримт архивт буйг эрдэмтэн Ч.Батдорж бүтээлдээ тэмдэглэжээ. Ийнхүү бусдаас онцгойлон олгосон бичгийн учир нь Гомбожав багшийн сургуульд сурч байх үеэс Судар бичгийн хүрээлэнгийн ажилд бас хамаарч байсны нотолгоо болж байгаа юм.  
Намар явсан эхний 18 хүний араас 1924 оны өвөл Ленинградын сургуульд явсан  генерал С.Равдан [12]  “...1924 оны зун эвлэлийн гуравдугаар  их хуралд үг хэлсэн Ардыг гэгээрүүлэх яамны сайд С.Жамьян  Зөвлөлт улсын Ленинград хотноо 20 хүн сургуульд явуулна. Хэрэв та нарын дотор явах хүсэлтэй хүн байвал чөлөөтэй явж болно гээд санал асууж билээ. Элдэв-Очир бид хоёр ярьж байгаад явах саналаа өгсөн. ...бид хоёрын хэн нь ч тэр удаа явж чадаагүй. Сургуульд явах хүсэлтэй хүмүүсийг эмнэлгийн үзлэгээр шалгахад би ханиад хүрсэн байсан  эрүүл мэнд тэнцэхгүй, бүр ... цэргийн лазаретад  бараг хүчээр хүргэгдсэн” хэмээн дурсчээ.   
Гэгээрлийн яам болон гадаад яамны ажилтнууд энэ залууст Зөвлөлт улсад очоод биеэ хэрхэн авч явах, хичээл номдоо шамдан сурах талаар заавар зөвлөгөө өгч, зам зуур хэлмэрч хийх болон зардал мөнгөний тооцоо барих хүмүүс гаргаж хамт явуулж байсан юм байна.

 

Хөдөө орон нутгаас ирсэн залуус анх удаа явж гадаад орныг зорьж байгаадаа хөл хөөрцөг болсоор  “...1924 оны  10 сарын дунд хэрийн нарлаг сайхан өдөр Түмт өртөөнөөс улаа хэрэглэн Гандангийн хойгуур Нийслэл Хүрээнээс гарч билээ. Толгойтын замаар арван найман цэл залуус шуугилдан давхиж:
Ар монголынхоо нутгаас
Арван наймуул гарлаа даа
Алс холын Ленинградад
Эрдэм сурахаар явлаа даа... гэж хүн бүр үг мөр нэм нэмсээр 
нэлээд хэдэн бадаг болоход Даваагийн Гончиг гэдэг эвлэг хоолойтой залууг даган дуулсаар цааш давхиж билээ ... бидний гаргасан дууг хожим болтол хот хөдөөгүй дуулсаар байсан...” хэмээн зохиолч Ж.Дамдин [13] абугай бичиж үлдээжээ.

 

Туваансүрэн Ленинградад 1925 он.
/доктор Ч.Батдоржын цуглуулгаас/   

 

О.Намнандорж абугай: “...Хиагтаас цааш явах уналга хөлслөн олохоор бидний дарга Гомбожав, Петров хоёр Дээд шивээ, Троицкосавск руу хэдэн өдөр, удаа дараа явган явж байж тус бүр хос морь оруулсан хоёр дугуйтай морин тэрэг хоёрыг хөлслөн авч ирсэн” [14] . Ингээд Улаан Үд хотноо хүрч галт тэргэнд сууж арав шахам хоног явж Ленинград хот орсон. Цааш нь “...Галт тэрэг гэдгийг шохоорхон үзэж энд тэнд нь гарч, чив чимээгүй зогсон харж, тос тортог дааварласан аварга том байшин, төмөр шугам дээр зогсох олон дугуйг харан явдаг гэхэд үнэмшимгүй санагдаж байж билээ. Дотор нь ороод морин тэрэгтэй адил сэгсчин донслох байх гэж санан хүлээж суухдаа яндан дохиог нь гэнэт дуугарахад цочиж айлаа. Галт тэрэг хөдлөн явж байгаа үгүй нь мэдэгдэхгүй зөөлөн, цонхоор нь харахад байшин хашаа, уул ус жирэлзэхийг үзээд үнэхээр хурдан явдгийг гайхан шагшицгааж байсан” [15]  хэмээн дурсчээ. 


Дээрх хоёр эрхэм “...бидний 18 дээр тэр жил нэмж ирсэн улсыг нэрлэн дурдвал: Нэрт эрдэмтэн, доктор, профессор, академич Бямбын Ринчин, генерал агсан Б.Равдан, Э.Цэвэгжав (1923 оны үеэр Москвад сууж байсан Монгол элчингийн нарийн бичгийн дарга байсан бөгөөд одоо Төв аймгийн Баянчандмань сумаар банкны Цэвэгжав хэмээх нэрээр алдаршсан), Гонжоон (цэргийн дарга, комиссар, аймгийн дарга, гэгээрүүлэх яамны сайд зэрэг ажилтай байсан), Д.Нацагдорж (их зохиолч, яруу найрагч), Гүж лам хэмээх Батсуурь (1925 онд Алтанбулаг хотод ирэх замд нас барсан),  Эрдэнэбилэг (ШУА-д ажиллаж байсан, эдүгээ тэтгэвэрт), Батсүх (партизан, зохиолч байсан Дамбадоржийн эхнэр), Гонгоржав (их эмч), Данзангийн Лувсаннайман (ардын хувьсгал үүсгэн байгуулсан Сүхбаатар нарын долоон хүний нэг Данзангийн төрсөн хүү, хоршоодын төв холбоонд ажиллаж байсан), Өлзийбадрах (1930-аад оны үеэр Улаанбаатар хотын шүүх таслах газрын дарга байсан, барга хүн), Лхагвадулам (Гонжооны эхнэр) нар болно” хэмээжээ.
Энэ бүх баримтаас үзвэл Ц.Туваансүрэн, Батсүх, Лхагвадулам нар манай улсаас гадаадын их сургуульд сурч эхэлсэн анхдагчид болж байна. Нарийсган тодруулбал Туваансүрэн Монгол улсаас гадаадын их сургуульд сурахаар очсон анхны эмэгтэй болж таарч байна.


Эмэгтэйчүүдийн боловсрол, жендерийн тэгш байдал гэж ярих болсон өнөө үед жижиг гэж гололгүй орхиж боломгүй энэ явдлыг манай судлаачид ном бүтээлдээ онцлон дурдсан нь цөөнгүй байх юм. Тухайлбал “1924 онд монголын анхны 18 залууг ЗХУ-ын Ленинград хотноо Дорно дахины хэлбичгийн дээд сургуульд суралцуулахаар явуулсны дотор эмэгтэй Ц.Туваансүрэн ... явжээ... монголын эмэгтэйчүүдийн мэдлэг ухамсрын хүрээ өргөжин, тэдний дунд европын боловсролтой бөгөөд орос, герман, манж, хятад зэрэг гадаад хэлийг мэддэг сэхээтнүүд ч төрөн гарч эхлэв” [16] хэмээн эрдэмтэн, багш Э.Чимидцэрэн цохон тэмдэглэсэн байгааг энд ишилж байна. 
Монгол оюутнууд Ленинград хотын Гунгэчойна буддын сүмийн дэргэдэх байранд сууж, тэдний ахуй амьдралтай холбоотой ажлыг хариуцах төлөөлөгчөөр буриад хамба Агваандоржийг манай улсаас томилжээ.
Далай лам, Жавзандамба хутагт нарын зөвшөөрлөөр Ленинградад байгуулсан түвд-монголын сүм цогцолборын нэг байрыг Монголын Ардын засгийн газар Судар бичгийн  хүрээлэнгийн хөрөнгө болгон шилжүүлэн авч “аливаа эрдэм соёл, сургуулийн тухай хэргээр тэнд суугчид ба нааш цааш явагсад бэлтгэн хэрэглэхээр тогтсон бөгөөд харьяат Судар бичгийн хүрээлэнгээс энэ зүйлийн сүм хашааг эрхлүүлэх ба мөн Ленинград хотноо гадаадын хэлбичгийн сургуульд сурч бүхий монгол залуусын аливаа хэрэг явдлыг эрхлэн гүйцэтгэх тухай төлөөлөгчид хамба Агваандоржийг” [17] томилсон  тэмдэгт бичиг  1924 оны 11 сарын 18-нд шийтгэн олгожээ.      

 


Монгол оюутнуудын байрлаж байсан байр 1925-1926

 

Хамба Агваандорж монголын залууст “одоо манай Монгол улсын цог хийморь үлэмж мандаж бадрах цаг ирсэн нь юм бүхнээс илэрхий мэдэгдэж байна. Тэр бүхнийг яриад яахав. Та нар өөрсдөө ойлгох болно. Нутаг ус, улс гэрээсээ алс хол газар ирсэн учир эрдэм номыг аль болохоор сав дүүрэн олж буцах хэрэгтэй. Хүний газар нэрээ бодож, даруу томоотой, цэвэр нямбай байж эрдэм сур!” хэмээн захиж байжээ.
Гэрээсээ алс холд сурахаар очсон монгол хүүхдүүд өвөл цагт Нева мөрөн үерлэж байсныг, Ленинградын цагаан шөнийг үзэж, багш нар нь тусгайлан бэлдэж,  цагаан сар хамтран тэмдэглэх зэрэг олон сонин содон үйл явдал ар араасаа хөвөрсөн тухай ч дурсан тэмдэглэсэн байх ажээ.


Нева мөрөн 1925 оны өвөл нэг сард үерлэж, эргээсээ халин тэдний байрлаж байсан байрны нэг давхарт тулахад бүгд сандралдан гуравдугаар давхраас дээш гүйлдэж “энэ хол газарт ирж хүний нутагт усанд үхэх байж гээд зарим маань нулимсаа унагааж ч байсан” [18]. Их ус, үер гэдгийг үзээгүй, бүр дүн өвөл гол мөрөн үерлэдэг гэж төсөөлж яваагүй монгол залуус айж цочилгүй яахав. Уг нь усны ийм үер энэ нутагт болдог л газар. Тухайлбал, 1924 оны намар 9 сард Нева мөрөн үерлэж олон байр байшингийн 1, 2 дугаар давхар усанд автсан нь зуун жилд тохиолдсон гамшиг [19] гэгдэж байсны дараа жилийн 1925 оны өвөл дахин давтагдсан тухай “1 сарын 3-ны орой 18 цаг 30 минутаас эхлэн усны төвшин 152-170 см болон нэмэгдсээр 22 цаг 8 минутад хамгийн ихээр 231 см болсон” [20]  гэх зэргээр тэр үеийн хэвлэлд мэдээлж байжээ. 


 Ленинградын дорно дахины хэлбичгийн сургуулийн монгол оюутныг хариуцсан багш нар 1925 онд монголын цагаан сарыг монгол ёсоор нь  манай залуусын сууж байсан байранд тэмдэглэж, бүр хонь авчруулан төхөөрч, монгол заншлаар эвдэж, чануулан таваглаж, бууз хийлгэж, айрагны оронд шар айраг сөгнөн битүүний орой зөндөө сайхан битүүлж, “...багш нар маань битүүлгэн дээр шөнө орой болтол хамт байж монголын битүүлэх, шинэлэх ёс, хэлэх үгс, ерөөх ерөөлийг нэгд нэгэнгүй биднээр хэлүүлэн өөрснөө ч оролцон, ууц таллан, ууж идэх зэргээр наргиж билээ. Битүүний энэ орой Воробьев, Козин, Владимирцев, Поппей, Грумм-Гржимайло, Ольденбург зэрэг нэрт эрдэмтэн багш нар бидэнтэй хамт хивсэн дээр нам ширээ засан цөм зэрэгцэн сууж битүүлсэн” [21] хэмээн дурсжээ. 


Энэ үед Монголын ард түмэн өөрсдийн сонгон байгуулсан Ардын Их Хурлаар дамжуулан үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах засаглал тогтоож буйгаа тунхагласан нь Ази тивийн улс орнуудын түүхэнд гарсан анхны тохиолдол байсан юм.  Олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ч энэ явдлыг онцолж байж. Зөвлөлт орос улсад хэвлэгдэн гарч байсан тогтмол хэвлэлийн нэг, манай уншигчдын сайн танил “Огонёк” сэтгүүлийн редакц 1925 оны №13 дугаартаа Ленинград хотын Дорно дахины амьд хэлний их сургуульд сурч буй монгол залуусын талаар сурвалжлага нийтэлж; №10 дугаартаа  “Монголын ирээдүй” [22] хэмээх өгүүллэг нийтлэн, сэтгүүлийн нүүр хавтсанд “Өөрийн орны бүсгүйчүүдийг  соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэхээр Дорно дахины хэлний Их сургуульд сурч байгаа монгол оюутан бүсгүй”  гэсэн тайлбартай Туваансүрэнгийн зураг хэвлэгдэж байжээ. 


“Огонёк” сэтгүүлийн тусгай сурвалжлагч Николай Пастухов 46 жилийн дараа энэ бүсгүйг нэхэн сурвалжлахаар Улаанбаатар хотод ирж, тэр үед сурч байсан хүмүүсийг сураглан уулзаж, улмаар 1971 оны  “Огонёк” сэтгүүлийн  №28 дугаартаа “Зуун зууныг алгасагчид” [23] нийтлэл гаргаж байжээ. Монгол улсын хөгжил дэвшил, хүн ардын тухай хийсэн энэхүү сурвалжилгадаа:  “Ийм гайхалтай хөгжил дэвшил гаргаж байгаа орны анхдагчдыг эрж олох гэж оролдвол яах бол гэсэн бодол санаанд буулаа. Юунаас эхлэх вэ? 


Огонёк сэтгүүлийн 1925 оны № 10

 

Эрэл хийх гаргалгааг манай “Огонёк” сэтгүүлийн 1925 оны 3 сарын 22-ны №10-т хэвлэгдсэн Ленинградын дорно дахины институтэд сурч байсан анхны оюутнуудын талаар хийсэн “Монголын ирээдүй” хэмээх сурвалжилга байлаа” [24] гээд энэ хүмүүсийн эрэлд гарч, Улаанбаатар хотноо ирж тэр үед сурч байсан Равдан, Эрдэмбилэг нартай уулзан ярилцаж, “Огонёк” сэтгүүлийн 1925 оны №10 дугаарын нүүрэнд гарсан зургийн эзний талаар асуусанд Равдан генерал: “Мэдэлгүй яахав! Туваансүрэн, саяхан хүнд өвчний улмаас өөд болсон. Оюутан ахуй цагтаа Москвад сурч байсан миний нэг найзтай гэр бүл болсон” хэмээн ярьсаныг уг нийтлэлдээ бичжээ. 
1925 оны эхээр хэвлэгдсэн “Огонёк” сэтгүүлд БНМАУ, монголчуудын тухай мэдээлэл, зөвлөлтөд сурч байсан монгол залуусын төлөөлөл болсон Туваансүрэнгийн зураг нийтлэгдэж гадаадын олон уншигчдад монголын тухай таниулж байсан нь бас нэг чухал үйл явдал яах аргагүй мөн.


Монгол оюутнууд Зөвлөлт оросод төдийгүй дэлхийд нэрд гарсан  эрдэмтэд болох С.Ф.Ольденбург, Г.Е.Грумм-Гржимайло, В.В.Бартольд, Б.Я.Владимирцов, Козин, Воробьев [25] нараар хичээл заалгаж байсан гэдэг ч тэр болгон хүнд тохиогоогүй азтай учрал байсан юм. 
Ленинградын дорно дахины амьд хэлний дээд сургуульд суралцаж байсан монгол  оюутнууд хожим 1968 онд  уулзан энэхүү зургийг дурсгал болгон татуулжээ.


 Энэхүү зургийг эрдэмтэн Ц.Дэлгэрсайханы “Багшийн сургуулийн 100 жилийн ойд зориулан гаргасан бүтээлээс [26] авч, тайлбарыг хавсаргавал:
I эгнээнд зүүн гар талаас: М.Гомбожав /Багшийн сургуулийн анхны төгсөгчдийн нэг, ШУА-ийн гэрэл зурагчин/, Д.Батсүх /нэрт орчуулагч/, Ц.Туваансүрэн /МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очирын гэргий/, Б.Ринчин /нэрт монголч эрдэмтэн, зохиолч/, С.Равдан;  II  эгнээнд:  Ж.Дамдин /ардын хувьсгалын партизан, нэрт зохиолч/, С.Лувсанцэнд, Д.Гончиг /Багшийн сургуулийн захирал, кино зургийн хорооны анхны дарга/, Түмэн-Өлзий;  III эгнээнд Г.Эрдэмбилэг /Багшийн сургуульд багшилж байсан бөгөөд МУГБ Б.Сэмжидийн нөхөр/, О.Намнандорж /нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Б.Гонгоржав /ЭМЯ-ны сайд асан/ нар ажээ.
Туваансүрэн бие давхар болсон [27] тул Гомбожавтай хамт 1925 оны 2 дугаар сард Улаанбаатарт ирж Улаанбаатар хотын 9 дүгээр хороо, 145 тоот хаалганд [28] амьдарч байсан байх бөгөөд хамар хашааны Д.Балдандорж [29], Цэрэн нарт хүссэнийх нь дагуу охин Мартыгаа үрчлүүлээд сургуульдаа буцан явсан бололтой байна. Гомбожав 1925 оны 2 дугаар сарын 15-наас Судар бичгийн хүрээлэнд сар тутам 90 янчааны цалинтай дагалдан сурагчаар ажиллах [30] болсноор ар гэрээ тэтгэх боломжтой болжээ.  


Мөн БНМАУ-ын II их хурлын төлөөлөгчид 1926 оны эхээр ЗХУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ленинградын дорно дахины амьд хэлний дээд сургуульд зочлон, Агваан Лхаарамбын хийдийн өмнө монгол оюутнуудтай авахуулсан зурагт 2 дугаар эгнээнд зүүн гараасаа Пагмадулам, Туваансүрэн, Долгор нар [31] зогсож байгааг их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал бүтээлийг судлан туурвисан зохиолч, сэтгүүлч Д.Нямаа, эрдэмтэн Д.Цэдэв, Х.Мэндсайхан нар тус тусын бүтээлдээ тэмдэглэжээ. Энэ судлаачдын бичсэнээр Д.Нацагдорж 1925 онд Зөвлөлт Орос Улсын Ленинград хотын цэргийн сургуульд, эхнэр Пагмадулам нь  Дорно дахины хэлний сургуульд жил хиртэй  суралцаад эх орондоо буцаж ирээд 1926 оны намар Германд суралцахаар явсан гэдгийг дуу нэгтэй бичсэн байна.  


Энэ зураг болон хийгдэж байгаа тайлбарт тулгуурлан бодвол: Нэгд, Туваансүрэн  1926 оны эхээр  Ленинградын дорно дахины хэлний сургуульд буцан очоод суралцаж байж. Хоёрт, Гадаадын их сургуульд манайхаас суралцаж эхэлсэн анхны эмэгтэй Ц.Туваансүрэн мөн юм байна. Тэгвэл эндээс бие давхар бүсгүй буцаж болон эргэж хэрхэн явсан байх вэ гэсэн асуулт гарна. Тухайн үеийн Орос орны дотоод нөхцөл байдал, зам тээвэр адармаатай байсан болохоор эргэлзэх нь ч зүй. Ийм бодолтой баримт лавшруулан хөөтөл М.Гомбожав 1925 оны 9 дүгээр сард Ленинград хотын төмөр замын буудал дээрээс ачаа тээшээ алдсан тул элчин элчин төлөөлөгчийн газраас тавин төгрөг олгосныг [32] Судар бичгийн хүрээлэнгээс нэхэмжилсэн баримт байгаа нь Ц.Туваансүрэн энэ үеэр нөхрийн хамт төмөр замаар Ленинград хүрч гэж үзэх сэжүүр болж байна. 


Гомбожав 1926 оны 1 сард  эх орондоо ирж, эрдэмтэн Ж.Цэвээний хамт Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор эх түүхэнд холбогдох зүйлийг шинжлэх ажлаар Цэцэрлэг Мандал аймгийн Зая бандид, Дарба бандидын хүрээ зэрэг  газраар уурын тэрэг хөлслөн явсаныг илтгэх архивын баримт байна. Судар бичгийн хүрээлэнгээс Ж.Цэвээн, М.Гомбожав нарын 4 хүнд зар бичиг шийтгэн олгохыг хүсч Дотоод явдлын яаманд 1926 оны 1 сарын 14-нд явуулсан бичигт “Эдүгээ манай хүрээлэнгээс судар бичиг эрэх ба түмэн бодисын зүйлийг шинжлэх зэрэг хэргээр Цэцэрлэг Мандалын аймгийн Заяын хүрээ, Дарба бандидын хүрээ зэрэг газраа одох харьяат хүрээлэнгийн хүндэт гишүүн Цэвээн Жамсранов, оюутан Гомбожав нар дагах хүн нэгийг авч уурын тэргэнд сууж жолооч Жамбал хэмээх  хүнээр жолоодуулан явах бөгөөд өртөө, хошууны зэрэг ямар нэг газар хоног тохиолдох буюу хэрэг буй бөгөөд өнжиж хонох, жич бас хааяа улаа хэрэглэх хэрэг тохиолдох болзошгүй  тул үүнийг Дотоод яамнаа хуудас явуулав. Олдвоос эдний дөрвөн хүний хоног тохиолдоход шүүс нийлүүлэн өгөх ба улаа хэрэглэх хэрэг тохиолдсон газарт нэгэн хүний унах, ачих морь, морьтой улаач нэжгээдийг хэрэглэх нэгэн сарын хугацааны зарлал бичиг шийтгэн олгож болох ажаамуу” [33] хэмээжээ. 


Тэд сар хиртэй ажиллаж, олдсон ном судар зэргээ  хүрээлэн рүү шуудангаар илгээхэд замын зуур америк шар хайрцагтай юм гээгдүүлсэний дотор  “оюутан охин Туваансүрэнгийн улаа хэрэглэх үнэмлэх бичгүүд цөм хаягдсан” [34]  гэдгийг Судар бичгийн хүрээлэнгээс цагдан сэргийлэх газарт мэдэгдэж, сурвалжлан олуулахаар  бичиг илгээж байжээ. Үүнээс үзэхэд томилолтоор явсан 4 хүний нэг нь Туваансүрэн байх нь.  Өөрөөр хэлбэл Туваансүрэн мөн нөхрийн хамт Ленинградаас ирээд Рашаант руугаа цуг явсан  байна.


Гомбожав, Ж.Цэвээн  нар Цэцэрлэг Мандалын аймгаас ирсний дараа Гомбожав  Бат-Очирын хамт Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор хятадын Бээжин, Тяньжин, Шанхай ба Хөх хот зэрэг газраа монгол үсгийн судар бичиг ба монголын түүхэнд холбогдох судар бичиг зүйлийг эрэх хэргээр 3 сар хэртэй ажиллажээ. Хятадад ажиллаж цуглуулсан эх судар, данс тайлан тооцоогоо хийж, зун нь зөвлөлтийн эрдэмтэн судлаачид Б.Я.Владимирцов, Б.Б.Полынов, Н.Н.Поппе, Б.Б.Бямбаев нартай ажиллан тэднийг хүрээлэнгийн томилолтоор Троицкосавск буюу өнөөгийн ОХУ-ын Кяхта хотод хүргэж өгөхөөр явж байхдаа 1926 оны 6 сард  энэ зургийг авахуулжээ. Ийнхүү 8 сар шахам ажиллаж байгаад мөн оны 9 сард Франц улсын Парис хотод сурахаар явж 1929 оны 7 сар хүртэл нутагтаа ирээгүй байдаг.


Гомбожав ирэх бүрдээ Судар бичгийн хүрээлэнтэй хийсэн гэрээний дагуу Заяын хүрээ, Рашаант руу явж байсныг үзвэл эхнэр хүүхэд, дүү нараа эргэж тойрч байжээ. Юутай ч Ц.Туваансүрэн бүсгүй 1926 онд Гомбожавын бага хүү болох Дандарыг төрүүлжээ. Ингэснээр эртний уламжлалаар ёслон 14 настайдаа  айл гэр болсон Гомбожав, Туваансүрэн хоёр 1921, 1923, 1924, 1925, 1926 онд хүүхэд гаргаснаар таван хүүхэдтэй өнөр өтгөн айл гэр болжээ. Томруулж үзвэл Алтан ургийн  Мэргэн гүнгийн удам угсаа ийнхүү өргөжин тэлсэн хэрэг. 


Гэвч сурч мэдэх, судалж таних ажлын амтанд орж ёстой л өнөө мориноооо буух завгүй явах Гомбожав мэргэний хүсэл зориг гэр орон, эхнэр хүүхдэдээ тогтохгүй болсон бололтой. 
Энэ үед монголд төдийгүй олон орныг хамарсан дэлхийн хувьсгалын санаа дэвэрч, баруунтан, зүүнтэн болон талцаж, нэг нь нөгөөгөө яллаж, хүн ардын амьдрал ахуйг орвонгоор нь эргүүлсэн бужигнаан өрнөснийг бид мэднэ. 
 МАХН-ын VII, Улсын V их хурлаас  улсын аж ахуйн албан газруудад “нийгэмд харш” этгүүдүүд болох феодал язгууртнууд, цагаантнууд, хуучин түшмэдүүдийг цэвэрлэн түүнчлэн феодалуудын хөрөнгийг хэсэгчлэн хураах шийдвэр гарч, энэ ажлыг эрхлэх төв комиссыг УБХ-ын тэргүүлэгчдийн даргаар ахлуулан байгуулжээ. Хөрөнгө хураах явцыг Коминтерны төлөөлөгч ажиглаж, заавар зөвлөгөө өгч байж. Хөрөнгийг нь хураавал зохих хүмүүсийг ардыг мөлжигч гэж ерөнхийлөн тодорхойлж, ван, гүн, хутагт, сүм хийдийн жас жав, баячууд, шинэ хөрөнгөтөн, панзчин, ардын эрх чөлөөнд дайсагнагч хувьсгалын эсэргүү нарыг багтаан үзэж байсан ч аж амьдралаа өөрсдөө үүрч явдаг чинээлэг дунд хэсэг ч ширвэгдсэн. Хөрөнгө хураах энэ давалгаанд Гомбожавынх болон Цэдэв зайсангийнх гурван ч удаа өртөж хөрөнгөө хураалгаж байсан [35]  хэмээн үр удмынхан нь бичжээ. Рашаант уулын хошууны феодал, түшмэл, дээд ангийн лам нараас 1927 онд 62,6 мянган төгрөгийн хөрөнгө хураасан [36] баримт буй. Ард иргэдийг санал харгалзахгүй  мал ахуйг нь нийгэмчлэн хамтралжуулсан. Хөрөнгө хураахаас гадна хэт хувьсгалч зарим улсын зүгээс элдвээр дайрч доромжлон хошуу ноён Гомбожав, эхнэр Туваансүрэн нарыг устгах хэрэгтэй гэх үг ч гарах болжээ. “Ийм бодит аюул сэдэгдэж байгааг нутгийн сайн санаат нэгэн хэл хүргэснээр Туваансүрэн замын ая даахтай болсон охин Дарьбазар, дүү Сэлэнгэ нараа дагуулан үхэр тэргээр 20 гаран хоног явж Улаанбаатарт ирсэн” хэмээн Сэлэнгэ эгч ярьж  байсан гэж зээ охин Цолмон дурссаныг энд тэмдэглэе. 
Хэт хувьсгалч явдлыг ард иргэд эсэргүүцэн 1930-аад оноос эх нутгаасаа дүрвэх болсныг эрх мэдэл, өмч хөрөнгөө хураалган өсөрхөгчид улам хөөрөгдөн олон түмнийг зэвсэгт бослого хөдөлгөөнд уриалан  дуудах болжээ. Намтрыг нь мөшгөж байгаа баатруудын нутагт энэ байдал 1932 онд хурцаар илрэн зэвсэгт бослого дэгдэж; хоршоо, захиргааг галдаж; идэвхтэн олон хүнийг алж байсан болохоор энд бид онцлоод байна. 

 

Гомбожав болон Цэдэв зайсангийн үр хүүхдүүд нь шинэ цагийн үзэл суртал, эрдэм соёлыг түүчээлж байсан ч ноёлогч, чинээлэг хэсгийн нэгэн гэгдэн хөрөнгөө хураалгасан хэрнээ эсэргүү нарын гарт амь насаа алдах аюулд тулж аргагүй байдалд орсоноор Туваансүрэн үхэр тэрэг хөдөлгөн нутгаас оргон гарчээ. Бас Гомбожав хэдхэн жилийн дараа герман, японы тагнуул гэгдэн шоронд амиа алдаж, дүү нар нь цаазлуулж, мөн л хэдэн жилийн дараа цагаадан нэр төр нь сэргээгдсэнийг хувь заяаны тохуурхал ч гэмээр юм шиг. Гэхдээ алдсан амь эргэн ирж, үхсэн хүн босохгүй болохоор цагаатгасан гээд ч яах билээ, хувь заяаны тохуурхал гээд ч яалтай. Улс төрийн хийрхэл, эрх баригчдын бусармаг үйл ажиллагаа хувь хүн төдийгүй нийгэм олны амьдралыг орвонгоор нь эргүүлэх хүчтэй ажээ.  
Ороо бусгаа цагт хувьсгалчирхах, албан тушаал эрх мэдлээс  илүүтэй үр хүүхэд гэр орныхоноо хамгаалах, өөрийн ур ухаанд дулдуйдан бие даан амьдрах эрдэм ухаанд сургах юу юунаас чухал юм гэдгийг Туваансүрэн ухаарч эхэлжээ.


 
4. Уран арга нь уулгалан баатарлахаас илүү [37]

Ийм нэгэн нийтлэл “Сайн санаат” хэмээх нэрээр Ардын цэрэг сонины 1924 оны №7-д хэвлэгдсэн нь Туваансүрэнгийн амьдралын замналыг дүгнэн өгүүлсэн мэт.  
Туваансүрэн Улаанбаатар хотноо суурьшин эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагад бичээчээр ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. Бичгийн  боловсролтой, бас дээр нь ихээхэн хэрэгцээтэй болсон орос хэлтэй хүн өдрийн од шиг байсан  болохоор Туваансүрэнд ажил мундсангүй. 
Туваансүрэн “Огонёк” сэтгүүлийн 1925 оны дугаарт “Өөрийн орны бүсгүйчүүдийг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэхээр Дорно дахины хэлний Их сургуульд сурч байгаа монгол оюутан бүсгүй” гэж бичсэнийг жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлэх, “өөрөө сураад бусдыг сургах”  ажилд шуударчээ.
Намын төв хорооны ухуулан боловсруулах хэлтсийн дэргэд эмэгтэйчүүдийн тасаг нээж, “бүсгүйчүүдийн санал” хэмээх сэтгүүл гарган, 1925 оноос эмэгтэйчүүдийг богтлох ёсыг устгасан тогтоол гаргаж, бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургах дугуйлан олноор хичээллүүлж эхэлжээ. Энэ тасгийн эрхлэгчээр 1924 онд Пагмадулам, 1925-1928 онд Цэрэнлхам, 1928-1949 онд Янжмаа нар ажиллаж байв.
Манайхны хүсэлтээр 1925 оны эцсээр зөвлөлтийн мэргэжилтэн В.Тарантаева ирж ажиллах болжээ. Тэрээр “Эхний үед тун хүнд байлаа. Намын гишүүн эмэгтэйчүүд бараг бүгд бичиг үсэг мэдэхгүй ... тэдний хэн нь ч орос хэл мэдэхгүй байв” [38]   хэмээн дурсаж байж. Туваансүрэн Эмэгтэйчүүдийн тасагт 1928 оноос бичээчээр ажиллах болжээ. Бичих, орчуулах  гээд ажил мундахгүй. Ном сурах бичиг, ухуулах хуудас бэлтгэх гээд зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэнтэй харьцахад Туваансүрэн шиг хэрэгтэй хүн байсангүй... 

Ажилчин эмэгтэй сэтгүүл. 1930 №2. 


Ажил, гэрийн хооронд толгой өндийх завгүй гүйх Туваансүрэн, алс газар одсон Гомбожав хоёр нэг л мэдэхэд хөндийрөн тус тусын мөр хөөхөөс өөр замгүй болжээ. Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор ОХУ-ын Улаан-Үд хотноо сууж байсан Гомбожав хамт ажиллаж байсан буриад бүсгүй Оюунбилэгтэй ойртон дотноссоор, 1930 онд гэр бүл болжээ. 
Ийнхүү Туваансүрэн ээлжит бэрхшээлтэйгээ нүүр тулсан хэрэг.  Үр хүүхдийнхээ төлөө амьд байх, үр хүүхдээ эсэн мэнд өсгөж өндийлгөх амаргүй ачаа нуруунд нь тохогдсон хэрэг.
Юутай ч олны түрүүнд хувьсгалчирхан дэрвэж явсанаас хэрэгтэй газраа чадах ажлаа хийн даруухан явахыг эрхэмлэн ХЗЭ, эмэгтэйчүүдийн байгууллага, хоршоодын төв зөвлөл хавиар бичээчийн ажил  хийн, зөвлөлтийн мэргэжилтний бичсэн, ярьсаныг орчуулах зэргээр амьдралаа залгуулах болжээ. 
Тийм ээ, ингэж хайртай үр хүүхэд, амраг садан нарынхаа төлөө эм хүн хэрхэн тэмцдэгийг харуулах цаг болжээ.

 

5. Итгэл, сэтгэл...

Дээр тэмдэглэсэнчлэн охин Мартыг нь үрчлэн авсан, хамар хашааных нь эзэгтэй Цэрэн Туваансүрэнг Намын төв хороонд ажиллаж байсан Б.Элдэв-Очиртой 1930-аад оны эхээр танилцуулснаар дотносон гэр бүл болжээ. Цэрэн гэх энэ эмэгтэйн тухай зээ охин Өлзийсайхан “манай эмээ ёстой хүний сайн сайхан бүхнийг өөртөө агуулсан хүн байсан. Намайг жаахан байхад аав ээж хоёр гадаад яваад эмээд янз бүрийн гоёлын зүйл бэлэг болгон авчирч өгнө. Эмээ тэгэхэд “Би яахав, ээждээ, Туваанд өг гэдэг байсан. Эмээ, Туваансүрэн эмээ хоёр их сайн найзууд байсан” [39] гэж дурссан бол зээ охин Цолмон “Март эгчийг өргөж авсан Цэрэн гуай эмээг Элдэв-Очиртой танилцуулж байсан гэж Сэлэнгэ эгч ярьдаг байсан” гэж байсан.
Б.Элдэв-Очир зоримог, хүн сайтай, шальдар булдар зангүй, элдэв зүйлд туйлширдаггүй, эх орноо гэсэн сэтгэлтэй нэгэн байж.
Засагт хан аймгийн Цогтой вангийн  хошуунд эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга байсан Б.Элдэв-Очир Залуучуудын эвлэлийн III их хуралд төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт анх ирж, 1925 онд намын төв сургууль, зөвлөлтөд сургуульд явах хүсэлтээ илэрхийлж [40], 1926-1928 онд ЗХУ-ын Москва хотноо КУТВ-т суралцан  төгсч,  МАХН-ын төв хорооны суртлын хэлтсийн эрхлэгчийн туслах, МАХН-ын 7 дугаар их хурлаас  МАН-ын Төв хорооны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн даргаар сонгогдсон. Тэрээр зүүнтний бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн өөрөөр ажиллахыг шаардаж байсан боловч тухайн үед түүнийг дэмжих хүн гарсангүй. Элдэв-Очирыг 1930 онд дотоодыг хамгаалах газрын даргаар томилж, баруун хязгаарын Төгсбуянтын хүрээнд гарсан бослого хөдөлгөөнийг дарах ажилд явуулж, энэ зуур НТХ-ны нарийн бичгийн даргаас чөлөөлжээ. Б.Элдэв-Очир Төгсбуянтын хүрээний бослогыг дарах үед хүзүүндээ шарх авсан нь хожим хүндэрч хэвтэрт орох шалтгаан болжээ. 1930 онд Төгсбуянтын хүрээнд гарсан эсэргүү бослогыг дарахад идэвхтэй оролцож онцгой гавьяа байгуулсан... Б.Элдэв-Очир БНМАУ-ын цэргийн гавьяаны [41] одонгоор шагнагджээ.
Б.Элдэв-Очир 1933-1934 онд “Үнэн” сонины эрхлэгч,  Улсын V, VI, VII дугаар их хурлаас Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдож баруунтан, зүүнтний бодлогын алдаа завхрал, ардын аж ахуйтныг коммунд албадан элсүүлсэн зэргийг  хурц зоримог шүүмжилж, засаж залруулах үйлсэд манлайлан оролцжээ. Мөн МХЗЭ-ийн III, VII,  IX их хуралд төлөөлөгчөөр оролцож; VII, IX их хурлаас МХЗЭ-ийн ТХ-ны тэргүүлэгчээр сонгогдож байв. 
МХЗЭ-ийн 1930 онд хуралдсан VII их хурал дээр  төлөөлөгч Батнягт “Элдэв-Очирын эхнэр Туваансүрэн бол гарцаагүй феодал мөн. Манай үүр Туваансүрэнг эвлэлээс хөөж, нөхөр Элдэв-Очирыг түүнээс салахыг шаардсан. Гэтэл Элдэв-Очир эхнэрээ өмөөрч...намайг эхнэрээс салахыг шаардах эрх та нарт байхгүй гэж хэгжүүрхсэн” [42]  хэмээн шүүмжилснээс үзвэл 1930 оны эхээр тэд гэр бүл болсон байжээ.
Туваансүрэн, Элдэв-Очир нар Рашаант суманд аав, ээж дээрээ үлдээсэн хүүхдүүдээ авчирч, Улаанбаатар хотын 5 дугаар хороонд хамт амьдрах болжээ. Ийнхүү нүүдлийн шувуу шиг хоёр орон, хот хөдөөгийн хооронд явж, хаа нэг ирэх нөхрөө хүлээн сууж байсан Туваансүрэн сая л нэг эр нөхөр, үр хүүхүүдийн хамт халуун ам бүлээрээ, ажлаа хийн амгалан амьдрах цаг ирэв бололтой гэж санагдахаар болжээ. Хүүхдүүд нь Нийслэлийн 3 дугаар сургуульд суралцан, өөрөө хоршоодын төв холбоонд бичээч, данс хөтлөгчөөр ажиллах болжээ. 

 


Дарьбазар, Туваансүрэн, Элдэв-Очир, Дандар 1934 он

 

1934 оны сүүл үеэс Элдэв-Очирын бие чилээрхэн, баруун хязгаарт ажиллаж байхдаа авсан шарх нь сэдрэн хэвтэрт орж, улмаар ЗХУ-д эмчлүүлэхээр явжээ. Элдэв-Очир эмчилгээнд явсан хэдий ч намын нөхөдтэйгээ байнгын харилцаатай, ажлаа хийсээр байсныг олон баримт гэрчилдэг. 1935 оны 3 сард охин Туул төрж Элдэв-Очирынх бүл нэмж, том охин Дарьбазар багш нарыг бэлтгэх техникумд элсэн оржээ.
НТХ-ноос Элдэв-Очирын цалинг ар гэрт нь олгодог байсан бөгөөд 1936 оны зун Элдэв-Очирт туслан  ажиллах Чүлтэмсүрэнг охин Дарьбазарын хамт Крым явуулжээ.  Дарьбазар 4 сар орчим аавыгаа асарч байгаад 11 сарын 21-нд Л.Дарьзавын /цэргийн зөвлөлийн/ гэр бүлийн хамтаар [43] Улаанбаатарт буцан ирсэн байна.  Маршал Х.Чойбалсан 1936 оны 9 сард Элдэв-Очирт  [44] бичсэн захидалдаа: “Тувааны хэлэх нь чиний цалин хэрэглэлийг сар бүр Төв хорооноос авдаг гэх ба мөн саявтар Төв хорооноос нэг мянган төгрөг өгсөн гэнэ.  Үүнд элдвээр онц гачигдан дутагдсангүй сайн байна...танай гэргий Туваан нэгэн өдөр манайд ирж над лугаа нэлээн ярив. 

 

Крымийн Гурзуфт Чүлтэмсүрэн, 
Элдэв-Очир, Дарьбазар 1936 он. Крым

 

Түүний хэлэх нь манай нөхөр очсоор нэлээн удав. Жил илүү болжээ. Хэдий... эмч, докторууд биеийг нь засарч сайжирч байна гэх боловч үнэндээ төдий л засарч сайжраад онц мэдэгдсэн юмгүй. Саяхан өөрөөс нь авсан захидалд одоо дахиад нэг жилээс дорогшгүй хэвтэх хэрэгтэй хэмээсэн хэмээмой. ...Тувааны хэлэх нь, хаа ч хэвтэхийн мөр өөрцгүй нааш нь авчрах аваас юу бол хэмээн надад хэлсэн” хэмээжээ. Эндээс үзвэл Туваансүрэн нөхрөө авчран өөрийн гараар асарч сувилахыг хүсэж байсан авч чадсангүй ...
 Бага хүү Дандар өвчнөөр эндсэн нь Туваансүрэнд хүнд цохилт болжээ. Дандарын тухай зээ охин Өлзйсайхан “...би төрийн шагналт, зохиолч Чойжилын Чимид гуайтай нэг хэсэг хамт ажиллаж байсан. Тэгэхэд “...3 дугаар сургуулийн бага ангид Элдэв-Очирын Дандартай цуг сурч байсан. Дандар их гоё зурдаг, царайлаг хүү байсан” [45] гэж ярьж байсан . 
Крымд эмчлүүлж байсан Элдэв-Очирын бие сайжрах төлөв олж, овоо болох нь уу гэтэл хатгаа аван хүндэрч 1937 оны 12 сарын 12-нд насан эцэслэжээ.
Туваансүрэн хүнд өвчнөөр ханиа, хүүгээ алдаснаас хойш хүүхдүүд, ач зээ, дүү нартаа хүний өвчнийг анагаадаг эмч мэргэжилтэй л бол гэж ятгах болсон гэцгээх ажээ.
 Нийгмийн ороо бусгаа цагийн элдвийг үзсэн болохоор ямар ч үед баттай, буянтай, юунаас ч хамаарахгүй хүн шиг амьдраад явах ажил мэргэжил эмч юм гэж бодох болсных бололтой.


Элдэв-Очирын чандрыг Зөвлөлтөөс авчран төв музейд залж, БНМАУ-ын ерөнхий сайдын 1938 оны 10 тоот тушаалаар “түүний гавьяа зүтгэлийг илэрхийлж Монгол улсын хувьсгалын түүхэн дор үүрдийн дурсгал болгон хоцоргох ба түүний ар гэрийг улсаас энэрлэн үзэж туслан тэтгэх нь чухал хэмээн үзэж ... Завхан аймгийн Нөмрөг сумын төв дор түүний нэрийн доор тусгай бага сургууль нэгийг шинээр нээн байгуулж дурсгал болговоос зохих... гэргий Туваансүрэн дор... Элдэв-Очирын сууж байсан 5 дугаар хорооны ...тоот хашаа байшинг үүрд олгох, төрсөн эцэг эх болох Завхан аймгийн Нөмрөг сумын ард Бат-Очир, эмэгтэй Долгоржав нарын аж амьдрал дор 3000 төгрөгийг буцалтгүйгээр олгох” [46] зэрэг шийдвэр гаргаж байжээ.
Мөн БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны 68 дугаар хуралаас  Б.Элдэв-Очирыг нас барсны  10 жилийн ойн тухай тогтоол гаргаж, Завхан аймгийн төвийн дунд сургууль ба Улаанбаатар хотын кино театрыг Элдэв-Очирын нэрэмжит болгожээ. 1965 онд төрсний 60 жилийн ойгоор МАХН-ын УТТ-ны тогтоолоор улсын төв музейд хадгалж байгаа чандрыг Алтан-Өлгийд шилжүүлэн байрлуулж, цээж баримал тавих шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн байна. Завхан аймгийн төв болон Нөмрөг суманд түүний дурсгалын хөшөөг барих, 1975 онд 70 жилийн ойгоор Нөмрөг сумын “Их эхлэлт” нэгдлийг түүний нэрэмжит болгох зэрэг шийдвэр мөн гаргаж хэрэгжүүлжээ. 

 


Элдэв-Очирын чандрыг Төв музейгээс Алтан-Өлгийд шилжүүлэх үе. 1965 он

 

Элдэв-Очир бол угаас улс эх орны төлөө чин сэтгэлээр зүтгэдэг, мөр зэрэгцэн ажилладаг нөхдөдөө дэмжин тусалдаг, тэдний хоорондын эв найрамдлыг ямагт хичээж байдаг байсан нь нам төрийн эрх баригчдын дунд нэр хүндтэй, байнгын зөвлөгөө авагч нэгэн болгожээ. Ийм ч учраас түүний эрүүл мэндийн төлөө санаа зовнин, эмчлүүлэх, ар гэрийг нь халамжлах талд нам төрийн эрх баригчдын хэн ч бай дэмжиж байсан аж. Эрүүл мэндийн яах ч аргагүй шалтгаанаар зөвлөлтөд эмчлүүлж байсан “Элдэв-Очир их хэлмэгдүүлэлтийн хар хэрэгт оролцоогүй бөгөөд өөрөө ч өртөж хэлмэгдээгүй бараг цорын ганц хүн болон үлдсэн азтан”  [47] хэмээн эрдэмтэн Магсаржав абугай бичжээ.
Туваансүрэн эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагаас хоршоодын төв холбоонд бичээч, данс хөтлөгчийн зэрэг ажил эрхэлж байв.  Хаана орос мэргэжилтэн олноор ажиллана тэнд Туваансүрэн бичээч, туслах, орчуулагч, зааварлагчаар ажиллаж байсан аж. Тэрээр оросуудтай найзалж нөхөрлөдөг байсныг олон хүн дурсдаг ажээ. 

 

6. Айван тайван амьдрал...эмээгийн зиндаанд 

Хань нөхрөө өвчнөөр алдсан Туваансүрэн ар гэрийн бүхий л ажил, бас улсын алба хашихын хажуугаар нам улс төрийн түр курс ч төгсөж амжжээ.  Тийм ч учраас 1938-1948 онд цэргийн улс төрийн газар зааварлагч, анхны төв яслийн дарга, зээллэгээний хэлтэст эдийн засагч, мэргэжилтэн зэрэг ажил хийж иржээ. Хүүхдүүд нь ч өсч өндийн сургууль соёлын замд орж төгсөн түрүүч нь ажилд орж эхлэв.


Том охин Дарьбазар 1939 онд багш бэлтгэх  техникум амжилттай төгсөн Нийслэлийн 3 дугаар дунд сургуульд багшлах болов. Дарьбазар 1939 онд Москвад төмөр замын дээд сургууль төгсөн Улаанбаатар Налайхын нарийн төмөр замд ажиллаж байсан Л.Цэндтэй танилцан гэр бүл болж, 1941 онд анхны хүү Онон төржээ. 
Туваансүрэн эмээгийн зиндаанд дэвшжээ. Өөрийн хүүхдүүд, дүү нар бас зээ гээд Тувааны санаа тавих хүний тоо өссөөр... Анхны зээ хүү Онондоо их хайртай, бүхнээ зориулж байсан гэдэг. Зээ хүүгээ эмч мэргэжилтэй болохыг ятган, эмч болоход нь ч тусалж дэмждэг байж...


Туваансүрэнгийн аав ээж 1939, 1944 онд өөд болж, дүү нараа  хотод татан авчирч сургууль соёлын замд хөтөлсөн байна. 


Олны хараа татсан эмэгтэй, ээж Туваансүрэнг шохоорхох залуус олон байсан гэдэг. Тийм залуусын нэг Рэнцэндоо Туваансүрэнтэй 1945 онд ханилан насан өөд болтол хорь гаран жил ханилахдаа хүү Бэххуяг (1946), охин Байгал (1948), охин Оюунбилэг (1950) нарын эцэг, эх болжээ. Найдангийн Рэнцэндоо хэмээх энэ эрхэм 1911 онд төрсөн, Хэнтий аймгийн уугуул, цэргийн сургууль төгсөн цэргийн болон дотоодыг хамгаалах газар тусгай тасгийн дарга, хошууч болтлоо дэвшин ажиллаж байгаад Порт-Артурын хэрэгт холбогдон шийтгэгдсэн ч цагаатгагдан, 1956 оноос МУИС-д суралцан түүхийн багш мэргэжилтэй болжээ. Ингээд 1959 оноос Дорнод аймгийн техник мэргэжлийн сургууль, Улаанбаатар хотын III сургуульд  түүхийн багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэтгэвэрт гараад зүгээр суусангүй Сансар кинотеатрын дэргэдэх номын санд номын санчаар ажиллаж хүүхэд багачуудыг ном унших, уншсанаа ойлгоход хөтөлсөн  соён гэгээрүүлэгч байв.


БНМАУ-ын 1957 онд хуралдсан Их хурлын 2 дахь удаагийн сонгуулийн 4 дүгээр  чуулганаар “манай эх оронд социализм байгуулах залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхэд гавьяа байгуулсан олон хүүхэдтэй эхийг шагнаж байх “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг бий болгох... I зэргийн одонгоор 8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг, II зэргийн одонгоор 5-8 хүртэл хүүхэд mөрүүлэн  өсгөсөн эхийг тус тус шагнах”-аар заажээ. 
Туваансүрэн найман хүүхэд эрүүл саруул өсгөсөн учраас 1958 онд “Алдарт эх”  одонгоор шагнагдсан 17 мянга гаруй эхийн нэг болж  “Алдарт эх”  I, II одонгоор шагнагджээ.  
Хүүхдүүдийн түрүүч хань ижилтэй болон тусдаа гарч, Тувааны эргэж тойрох ач зээ өдөр сараар олширсоор...

 
Том охин Дарьбазар нь Л.Цэндтэй гэр бүл болон хүү Онон, охин Төмөр, Цолмон; удаах охин Лхамсүрэн нь Гомбожавтай ханилан хүү Эрдэнэбилэг, Гонгор, Гончиг; том хүү Дарьсүрэн нь М.Долгорсүрэнтэй ханилан хүү Сүхээ, Энхсайхан, Энхээ, Баатар зэрэг хүүхэдтэй болжээ. Дараа нь 1963 онд Д.Сосортой суун хүү Баатар, Санчир, охин Оюунгоо, Мэргэнгоо; удаах охин Март нь Б.Жаргалсайхантай ханилан охин Хулан, Өлзийсайхан, Солонго, хүү Энхсайхан; охин Туул нь  Ж.Гомботой ханилан хүү Энхжаргал; хүү Бэххуяг нь Б.Туяатай ханилан охин Сувд, Болор нарыг төрүүлжээ. Ач зээ нарыг нь тоолоход ч бэрх өнөр өтгөн болж... 
Бас тал талын ах дүү хамаатан гээд тэднийх үргэлж л олуул бужигнаж байдаг, орсон гарсан бүхнийг ундаалж цайлдаг олны хөл бужигнасан айл байсныг бүгд дурсан ярьцгаах ажээ. Бас Элдэв-Очирын ээж Долгоржав гуай  тэднийд  өвөлждөг байсныг охид нь дурсаж байв.


Туваансүрэн 1948-1951 онд МУИС-д шинэ хүчний гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сургуулийнхаа гистологийн тэнхимд лаборантаар ажиллах болжээ. МУИС-ийн хүн ба мал эмнэлгийн факультетийн дэргэд 1942 онд гистологи эмбриологийн тэнхим байгуулагдсан юм байна. Энэ тэнхимд академич Х.Цэрэв, эрдэмтэн Д.Манлай болон ЗХУ-ын мэргэжилтэн гээд олон эрдэмтэн багш нар ажиллаж байж. Туваансүрэн 1951 оноос лаборантаар ажиллаж эхэлж улмаар 1952-1954 онд уул тэнхимд ирсэн зөвлөлтийн мэргэжилтэн багш Н.А.Пебецовтай хамтран зөвлөлтийн сурах бичгүүдээс үлгэр аван хичээлийн үзүүлэн таниулах материал зурж эхэлжээ. Энэ тэнхим Их сургуулийн нэгдүгээр байрны дээд шилэн бөмбөгөртэй хэсэгт байрлаж байсан гэдэг. Лаборантаар ажиллаж байхдаа туулай, хулгана, мэлхий зэрэг туршилтын амьтан арчлан хамгаалах, туршилт хийх, бас хичээлийн үзүүлэн таниулах материал бэлддэг байжээ. Туваансүрэн зурах авьяастай, түүнийгээ ашиглан ватум цаасан дээр үзүүлэн таниулах бэлдэн зурж, сургалтад ашигладаг байжээ. Ингэж зурахдаа микроскоп ашиглан нарийн нямбай зурдаг байсан хэмээн ахмад багш нар хуучилдаг ажээ. 
 Зөвлөлтийн мэргэжилтэн Н.А.Пебецов (1952-1954-онд ажиллаж байсан), Туваансүрэн, Жалмаа нар хичээлийн үзүүлэн бэлдэж буй зураг . [48]

 


“Туваан эмээгийн ажил дээр очиж их сургуулийн шилэн оройтой өрөөг сонирхон гайхдаг байж билээ” хэмээн зээ Цолмон ярьж байсныг энд онцлон дурдъя. “Ээж маань микроскоп барьж зурж байсан бол дүүгийн маань охин эмч болж, эрдмийн зэрэг хамгаалахдаа бас микроскоптой ажилласан” гэж охин Байгал нь дурсаж байна. 

 

Охин Байгал: “...аав Дорнод аймагт ажиллахаар болж бид ачааны машинаар нүүн очиж байсан... Дорнод нутгийн цаг агаар, нам дор газар Хөвсгөлийн өндөр уулсаас гаралтай ээжид зохихгүй бие нь хямраад байсан тул хүү, бага охин хоёроо аваад удалгүй Улаанбаатар руу буцсан. Би аавтай жил болоод зун нь аавтай хот орж ирж, аав намраас нь 3 дугаар сургуульд багшлах болсон” гэж ярьж байлаа.
Бичээчээс ажлын гараагаа эхэлсэн Туваансүрэн тоо бүртгэгч, зээлийн мэргэжилтэн, зааварлагч, төв яслийн дарга, эдийн засагч, лаборант зэрэг олон ажил хийж явсаар 1958 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Тэглээ гээд гар хумхин суусангүй, Хөдөө аж ахуйн дээд сургуульд жижүүр, төв аптекад кассчин зэрэг ажил хийсээр байжээ.  

 

7. Эгэлгүй тусч, эрхэмсэг нэгэн...

Туваансүрэн хүүхдүүдээ хоорондоо эвтэй найртай байлгахыг хичээж, эрдэм боловсролтой болгохыг юу юунаас илүү чухалчилж байж. Сургуулийн зуны амралт болоход хүүхдүүдээ нэг дор гаргадаг, заримдаа пионерийн зуслан явуулдаг байж. Өөрсдөө эмээ өвөө нар болсон тэд ах эгчийнхээ хүүхдүүдтэй ойр тоглож наадаж өссөн хэмээн бахдалтай дурсацгаана. 
Охин Байгал, Оюунбилэг нартай уулзаж хөөрөлдөхөд “ээж биднийг эрт босгоод л хичээл сургуульд явуулдаг, даалгавараа сайн хий гээд л... шаарддаг байсан. Оюунбилэг бид хоёрыг орос хэл сургана гээд Билэгт эгчийнд хүргэж хичээл заалгадаг байсан ... ээж Ленинградад цуг сурч байсан Батсүх гуай, Ж.Самбуу гуайн эхнэр Нямаа гуай гээд олон сайхан найзтай, ер нь тэр үеийн сэхээтэн, жүжигчин, нутгийн малчин, орос мэргэжилтэн гээд олон хүнтэй нөхөрлөж явсан. Ээж бас дүү нар,  хүүхдүүдээ  эргэж тойрч, хаана хэнд юу хэрэгтэй байна гээд л эргэж тойрч, ярьж зөвлөж явдаг байлаа. Хааяа Сэлэнгэ эгч, Дарьбазар эгч, Март эгч нар манайхаар ирнэ. Хоол унд болж, урт нарийхан ороосон тамхиа татаад л... инээлдээд л... сайхан байжээ... Ээж хүн загнадаггүй, үг цөөтэй, намуухан дуутай, тогоо шанаганы ажилд ороод байдаггүй, налайгаад л сууж байдаг хүн байсан. Лувсандорж гэдэг ээжийн нэг нутгийн хүн манайхтай олон жил хөрш явсан,  түлээ түлш гээд бүх л ажилд тусалдаг байсан” гэж ярих. 
Отгон хүү Бэххуягийн  эхнэр Туяа “бид хоёр 1963 онд гэрлэж, би бэр болж очсон. Манайхаар хүн олон ирнэ. Хадам ээж маань, орсон гарсан хүнд юм өгч л байдаг, ер нь байдаг юмаа өгчихдөг хүн байсан. Хөвсгөлөөс нэг хүн ирж байсныг сайн санаж байна. Хоол унд болж яриа болж байснаа явахад нь авдараа уудлан алчууранд боосон  нэлээн хэдэн мөнгөн ембүү гаргаад эмээл хазаар хийлгээрэй гээд  өгсөн. Би тэгэхэд ембүү гэдгийг анх харсан... Бас  Март эгчийн өгсөн ээмгийг зүүж байснаа нэг өдөр ээмэггүй ороод ирсэн. Ээж ээмгээ яагаа вэ? гэхэд нутгийн нэг танил тааралдаад, тун ядруу харагдахаар нь тайлаад өгчихлөө. Хэрэг болох биз гэж байсан. Оросуудтай их найз, орос дэлгүүрийн ховор бараагаар таслаагүй дээ... Бас гадагшаа яваад орж ирэх болгондоо надад, хүүхдүүдэд жижиг ч гэсэн заавал нэг юм барьж орж ирдэг, дандаа чанартай юм байдаг байсан. Манай хоёр том охиныг өсгөсөн. Том маань эмээтэйгээ л унтдаг... эмээгээ л их ярьдаг, эмээгээрээ нуруугаа маажуулдаг байсан. Ер нь хүүхэд асарч арчлахыг хадам ээж маань л зааж өгсөн... ” хэмээн дурсаж сууна.  
Зурах, оёж хатгах авьяастай нэгэн байсан гэж үр хүүхдүүд нь дурсана. Хүний хөрөг өөрөө зураад хатгамалаар гүйцээдэг байж. Ленин, Сүхбаатар Сталин гээд олон хүний хөрөг урлаж Нямаа гуай, Янжмаа гуай нарт өгдөг, өнөө хоёр нь гадаад, дотоодын хүнд бэлэглэдэг байсан тухай  хүүхдүүд нь дурсч байна. Ингээд бодвол түүний урласан зарим хөрөг музейн сан хөмрөгт хадгалагдаж байж ч магадгүй.
“Туваансүрэн эмээ гоёж гоодохыг бус энгийн хэрнээ эрхэмсэг төв хувцасладаг нэгэн байсан санагддаг. Сайн чанартай материалаар хийсэн дээл өмсөж, бреткен малгай тавьсан дүр төрх олон ч зурганд бий. Голдуу цэнхэр, хөх, хар хөх өнгийн дээл өмсөж даавуун бүс бүсэлдэг байсан. Намуухан зөөлөн дуутай, ярихдаа гараа хөдөлгөөд л... гоё гартай гэж олон хүн хэлдэг байсан. Эмээ маань уул шиг... дулаан нөмөртэй санагддаг байж билээ” хэмээн зээ охин Ц.Цолмон дурсана.  
Их хэлмэгдүүлэлтийн илдэнд анхны нөхөр Гомбожав, дүү нарыг нь өртөхөд  яаж ч чадаагүйдээ их харамсдаг байсан гэх. Хожим мэргэн гүн Гомбожавын хоёр дахь эхнэр Оюунбилэг шорон, цөллөг гээд олон аймшигт давааг туулан тэмцсээр монголд 1958 онд ирэхэд андын ёсоор угтан найз нөхрийн харьцаа тогтоон бие биенийхээрээ орж гардаг, хүүхдүүддээ охин Билэгтээр нь орос хэл заалгаж байсныг эдүгээ охид нь халуунаар дурсах ажээ. 
Ийм нэгэн бүсгүй Туваансүрэн насан багадаа ноёны хатан боллоо гээд ихэрхэж ямбархсангүй, эхнэр хүний үүргээ ч умартсангүй,  гадаадын дээд сургуульд явсан ч алтан ургийн үргэлжлэл үр хүүхдүүдээ бодон сургуулиа орхилоо... орхиод явсан нөхөртөө гомдсонгүй, аав ээж ар гэр нь хамаг хөрөнгөө хураалгаж, олны хэл аманд орж байсан ч гундалгүй ажил төрлөө хийн олны төлөө зүтгэсээр ... хайр сэтгэл гэдгийг ухаарч мэдэмгүй бага насандаа хүний эхнэр болсон эхнэр хүний ёс журмыг чанд сахиж явсан бол хорь гаран насандаа жинхэнэ хайртай учирч эмэгтэй хүний эмзэгхэн сэтгэлээ дэвтээж явж ... хань, хүүгээсээ хагацаж сэтгэлийн зовлонд унасан ч эрслэн босч эмч л болох хэрэгтэй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болж, дахин амьдралын ханьтайгаа учирч олон жил сэтгэл амгалан амьдарчээ. Тийм ээ, тэр эрслэн босч бүхнийг даван, тэсч үлдэж тэвчин амьдарчээ. 
Эр хүн эцэтлээ, эмэгтэй хүн үхтлээ тэсдэг гэдэг. Туваансүрэн нийгэм, хүний амьдралд тохиолдсон ямар ч салхи шуурганд нугаралгүй амьдарчээ.

 

8. Өндөр эмээ

Анхны зээ Цэндийн Онон 1961 онд Д.Гантөмөртэй гэр бүл болж, 1962 онд анхны хүүхдээ өлгийдэн авсанаар Туваансүрэн эмээ өндөр эмээгийн зиндаанд дэвшиж, Бадай зайсан өвөөгөөсөө эхлэн тоолвол зургаа дахь үеэ, өөрийнхөө 4 дэх үеийн зээнцэртэй учирчээ. Хүмүүний амьдралд 3, 4 дэх үеэ үзнэ гэдэг маш ховор завшаан гэж монголчууд үздэг. Туваан эмээ баярлахын дээдээр баярлаж байсан ч ил гаргалгүй үүрийн цолмон шиг гялалзаж, үдшийн цолмон шиг гэрэлтэхийг билэгдсэн Цолмон нэрийг адислажээ. Өндөр эмээ нь сэтгэлээ шингээн, гараа гарган  цагаан өнгийн торгоор энгэрийг нь хатгамлаар эмжиж чимсэн дээл хийж өгч байсан гэдгийг бэр Туяа дурсч байв
Туваан эхнэр, ээж, эмээ, хадам ээж, эгчээс гадна өндөр  эмээгийн үүрэг хариуцлага ийнхүү үүрэх болжээ. Түүний 14 наснаасаа эхлэн үүрсэн хатан, эхнэр ээж, эмээгийн үүрэг жил ирэх тутам нэмэгдсээр ...эргэх, тойрох айлын тоо ч нэмэгдсээр... Дүү нарынх нь ч ам бүл олшрон Цэдэв зайсангийн үр удам тэлсээр... 
Цагийн байдал тогтож, үр хүүхэд нь өсч өндийн дүү нар нь сургууль соёлын мөр хөөж, айл гэр болон өсөж өндийхийг хараад Туваансүрэн бүсгүйн дотор сая нэг цэлмэж эхэлсэн болов уу... Олон жилийн дараа өссөн төрсөн бууриа эргэхдээ аав ээжийгээ дурсан хүүхэд насаа дурсан санагалзсан байх. Эрхэлж өссөн бяцхан охин амьдрал, цаг хугацааны эргэлтээр өндөр эмээ зиндаанд хүрээд унасан газар угаасан усаа эргэсэн нь энэ. Амьдрал дэндүү урт ч юм шиг, бас дэндүү богино ч юм шиг... 

 

Ц.Онон, О.Цолмон, Гантөмөр 
1963 он

Туваансүрэн буурайн зүрх өвдөж, 1968 оны нэгэн өдөр хэнд ч хэлэлгүй өөрөө эмнэлэгт очин хэвтээд удалгүй, хэнд ч явдал чирэгдэл бололгүй амар амгалангийн орон руу чимээгүйхэн оджээ. Чимээгүй амьдрахыг зорилго болгож явсан эгэл бус эгэл нэгэн бүсгүй ардаа харин ч чимээтэй амьдралын үргэлжлэл, үр хөврөл үлдээгээд ийнхүү одсон юмсан уу?
Үр хүүхдүүдээ эрдэм номд шамдан сургаж, тархиндаа эрдэмтэй бол цаг үе яаж ч хөрвөж байсан алзахгүй; хүнийг эрүүл болгох эрдэмт эмч болохыг зөвлөж байснаар эдүгээ үр хүүхдүүдийнх нь дотор олон ч эмч, эрдэм ном, авъяас билгийн зам мөр хөөгсөд олон байгааг хараад энэхүү товч намтар-зурвасыг тэрлүүлэгч би вээр дуу алдаж байна.
Рашаантын бүсгүй Туваансүрэнгийн үр хүүхдүүд цаг хугацаа өнгөрөх тутам ээж, эмээ, өндөр эмээгийнхээ хатан ухаан, авьяас чадвар, тэсвэр тэвчээрийг шагшин магтах болжээ... Тэдний удамд цаг өнгөрөхийн хэрээр олонд үнэлэгдсэн мэргэжилтэн, эдийн засагч, инженерүүд, эмч, нисгэгч, төрийн түшээ, дипломат,  зурах, урлах авьяастан  төрсөөр...

 

Зүүлт:

[1]  Ц.Сономдагва. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлт. УБ.,1998 он. Тал 203
[2]  Ч.Банзрагч, С.Ерөөлсүрэн. Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, Цэцэрлэг мандлын   аймгийн Рашаант уулын  хошуу /1691-1931 он/. УБ., 2016 он. Тал 57
[3]  Мэргэн гүн Гомбожав./намтар, баримт, эх сурвалж/. УБ., 2016. Тал 165-166-д:
[4]  Мөн тэнд.
[5] Туваансүрэнгийн охин Байгалтай  2024 оны 1 сарын 10-нд хийсэн ярилцлага. Зохиогчийн хувийн архив. 
[6]  Дарьбазарын охин Цолмонтой 2024 оны 1 сарын 4-нд хийсэн ярилцлага. Зохиогчийн хувийн архив. 
[7]  Багшийн сургуулийн түүхэн товчоон. Эмхтгэн зохиомжилж хэвлэлд бэлтгэсэн:С.Ширбазар, Д.Хүү. УБ.,2002 он. Тал 18
[8]  БНМАУ-ын анхдугаар их хурал.1924 оны XI сарын 8-28. Дэлгэрэнгүй тайлан. УБ., 1984 он.  Тал  305
[9]  БНМАУ-ын анхдугаар их хурал.1924 оны XI сарын 8-28. Дэлгэрэнгүй тайлан. УБ., 1984 он. Тал 120
[10] Ж.Дамдин “Замын эхэн” өгүүлэл, найруулал, тэмдэглэл. УБ., 1984 он
[11] Мэргэн Гомбожав: амьдрал, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэл. УБ., 2017 он. Тал 141
[12] С.Равдан. Дорнод Монголын эх оронч. УБ., ...тал 18
[13]  Ж.Дамдин “Замын эхэн” өгүүлэл, найруулал, тэмдэглэл. УБ., 1984 он. Тал 73
[14]  О.Намнандорж. Боть II. УБ., 2003 он. Тал 528
[15]  Ж.Дамдин “Замын эхэн” өгүүлэл, найруулал, тэмдэглэл. УБ., 1984 он. Тал 79
[16]  Э.Чимидцэрэн. Монголын эмэгтэйчүүд шинэ амьдралын замд /1921-1931/. УБ., 1969 он. Тал 38-39
[17] “Мэргэн Гомбожав:  амьдрал, өв”  УБ., 2017 он. Тал 142
[18]  Ж.Дамдин. Замын эхэн. УБ., 1984 он. Тал 86
[19] https://ru.wikipedia.org/wiki (1924) 
[20]  https://vk.com/wall-3197974_32137 
[21]  Ж.Дамдин. Замын эхэн. УБ., 1984 он. Тал 83-84
[22]  http://www.magzdb.org/j/163#1925
[23]  “Огонёк”. 1971 №28 сэтгүүл  Туваансүрэнгийн зээ охин Ц.Цолмонд хадгалагдаж буй 
[24]  Огонёк сэтгүүл. 1971.№ 28. Тал 9-10
[25] А.Н.Кононов, И.И.Иориш. Ленинградский восточный институт. Москва., 1977 г. С49
[26]  Ц.Дэлгэрсайхан. Монгол улсын боловсролын их сургуулийн Багшийн сургууль-100 жил. Тэргүүн боть 1912-1942 он. Түүхэн эх сурвалж, баримт, түүхэн зураг. УБ., 2022 он.тал 217
[27]  МУ-ын ҮТА. Хөмрөг 6. Д 1.ХН 40. Хуудас 1-2
[28]  Мэргэн Гомбожав: амьдрал, өв  УБ., 2017 он. Тал 207
[29]  Д.Балдандорж/1894-1937/. Дотоодыг хамгаалахын газрын анхны дарга /1922-1923/
[30]  Мэргэн гүн Гомбожав. Эрхэлсэн Т.Тамир, Т.Аира. УБ., 2016 он. Тал 184
[31]  У.Дэлгэрсайхан. Монгол улсын боловсролын их сургуулийн Багшийн сургууль 100 жил. Тэргүүн боть /1912-1942/. Түүхэн эх сурвалж,  баримт, түүхэн зураг. УБ.,2022 он. Тал 167.
[32]  Мэргэн гүн Гомбожав. Эрхэлсэн Т.Тамир, Т.Аира. УБ., 2016 он. Тал 184
[33]  Мэргэн гүн Гомбожав. Эрхэлсэн Т.Тамир, Т.Аира. УБ., 2016 он. Тал 187
[34]  Мэргэн гүн Гомбожав. Эрхэлсэн Т.Тамир, Т.Аира. УБ., 2016 он. Тал 189
[35]  Зайсан удмын мөнхөд орших ургийн бичээс. УБ.,2023 он. Тал 11
[36]  Ч.Банзрагч, С.Ерөөлсүрэн. Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний, Цэцэрлэг мандалын аймгийн Рашаант уулын хошуу. УБ., 2016 он. Тал 106-107

[37]  Х.Мэндсайхан. Пагмадулам. УБ., 2021 он. Тал 56. Ардын цэрэг сонин. 1924. № 07
[38]  “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл. 1964 он. №2. Тал 28
[39]  Туваансүрэнгийн зээ охин Ж.Өлзийсайхантай хийсэн ярилцлага. 2024 оны 1 сарын 19
[40]  Б.Равдан. Дорнод монголын эх оронч. УБ.,  ... он. Тал  17
[41]  Ц.Тэрбиш. БНМАУ-ын одон медал, алдар цол түүнийг анх хүртэгчид.УБ., 1977 он. Тал 26
[42]  С.Туяа. Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд. УБ., 2016 он. Тал 93
[43]  Б.Элдэв-Очир. Захидал, баримт бичгүүд. Эмхтгэсэн Х.Магсаржав.УБ., 2005 он. Тал 106
[44]  Б.Элдэв-Очир. Захидал, баримт бичгүүд. Эмхтгэсэн Х.Магсаржав.УБ., 2005 он. Тал 80
[45]  Туваансүрэнгийн зээ охин Ж.Өлзийсайхантай хийсэн ярилцлага. 2024 оны 1 сарын 19
[46]  Засгийн газрын албаны сэтгүүл.  Монгол улсын 28/1938/ он. № 1/90/. Тал 221-222
[47]  Б.Элдэв-Очир. Захидал, баримт бичгүүд. Эмхтгэсэн Х.Магсаржав.УБ., 2005 он. Тал 7
[48]  Биологи гистологийн тэнхимийн түүхэн замнал. 1984-2019 он. УБ., 2020 он. Тал 11

 

Ашигласан ном бүтээл:

1. Ажилчин эмэгтэй сэтгүүл. УБ.,1930
2. Багшийн сургууль:түүхэн товчоон. УБ.,2002 он
3. Багшийн сургууль 100 жил. Түүхэн  эх сурвулж, баримт түүхэн зураг. Тэргүүн боть 1922-1942 он УБ.,2022 он
4. Банзрагч Ч, Ерөөлсүрэн С. Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний, Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу. 1691-1931. УБ., 2016 он
5. Биологи гистологийн тэнхимийн түүхэн замнал. 1984-2019 он. УБ., 2020 он.  
6. БНМАУ-ын анхдугаар их хурал. 1924 оны 11 сарын 8-28. УБ., 1984 он
7. Сэтгүүлч, судлаач Ч.Болдын хувийн архивт буй гэрэл зургуудыг ашиглав.
8. Даваацэрэн Н.Бид ууган сургуулийнхан. УБ., 2011 он
9. Дамдин Ж.Замын эхэн. Өгүүллэг. Найруулал. Тэмдэглэл. УБ.,1984
10. Долгорын Нямаа. Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл. УБ., 2009 он.
11. https://vk.com/wall-3197974_32137
12. Зайсан удмын мөнхөд орших ургийн бичээс.УБ., 2023 он
13. Засгийн газрын албаны сэтгүүл. 1927-1938 он
14. Зохиомол эмхтгэл. №63. Ч.Бат-Очир. Мандах нарны туяа. УБ., 1926 он 
15. Кононов А.Н, Иориш И.И. Ленинградский восточный институт. Москва.,1977 г 
16. Мэндсайхан Х .Пагмадулам. УБ., 2021 он
17. Мэргэн Гомбожав. Амьдрал, өв. УБ., УБ., 2017 он
18. Мэргэн гүн Гомбожав. УБ., 2016 он
19. Магсаржав Х. Б.Элдэв-Очир. Захидал, баримт бичгүүд. УБ., 2005 он
20. Монголын эмэгтэйчүүд сэтгүүл. 1964 № 2
21. Монголын залуучууд. 1911—2008. Түүх, цадиг намтар, дурдатгал, өөрчлөлт шинэчлэлт. I-IX боть.
22. Намнандорж О. Бүтээлийн эмхтгэл. Боть II. УБ., 2003 он.
23. Огонёк сэтгүүл. 1971. №28
24. Равдан С. Дорнод монголын эх оронч. УБ., 
25. Санждорж М. Ардын төрийн түүх. УБ., 1974 он
26. Сономдагва Ц. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэл.УБ., 1998 он.
27. Туяа Б. Их түүхийн бага түүх. Удмын бичгийн эх. УБ., 2018 он
28. Туяа С. Хийрхлээс хэлмэгдүүлэлтэд. УБ., 2016 он
29. Тэрбиш Ц. БНМАУ-ын одон, медаль, алдар цол, түүнийг анх хүртэгчид.УБ., 1977 он
30. Удвал С. Монголын эмэгтэйчүүд. УБ., 1981 он
31. Хоймор нутгийн алтан босго. УБ., 2013 он
32. Чимидцэрэн Э. Монголын эмэгтэйчүүд шинэ амьдралын замд. /1921-1931/. УБ., 1969 он
33. Чимидцэрэн Э .Монголын эмэгтэйчүүдийн мэдлэгийн уламжлал дэвшлийн зарим суудлууд. УБ., 1983 он
34. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарт тусламж. УБ.,1979 он
35. Эмэгтэйчүүдийн санал сэтгүүл. 1926-1930 он

Түүхч Санждоржийн ТУЯА
2024.02.27.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 43 (7287)