Доржийн ОЮУНЧИМЭГ

Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “SheTrades Summit” өндөр дээд хэмжээний уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад болжээ. Уулзалтад "Ханбогд кашимер" компани, “Голомт” банк, “Тэсо” групп зэрэг есөн аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцсон байна. Түүнчлэн Япон улсад болж буй хүнсний салбарын үзэсгэлэн худалдаанд манай улсын таван экспортлогч оролцож байгаа юм. 
Импортыг орлох экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих төсөв, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ирсэн 10 гаруй жил сайн муугаар бишгүй хэлэгдсэн. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл хөгжсөн нь үнэн. Харин энэхүү бага зэргийн өсөлтийг дэмжих хөшүүрөг хаанаас гарах вэ гэдэг асуудал бий. Төрийн бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Харин төр бизнесийнхэнтэй “мөр зэрэгцэн” өрсөлдөх нь буруу. Түүнчлэн хувийн хэвшлийн өөрийн хандлага өөрчлөгдөх ёстой. Үүний тулд байгаа боломжоо зөв хуваарилах зарчимд суралцах хэрэгтэй гэдгийг судлаач Б.Болор-Эрдэнэ ярьж байв. 

 

БОЛОМЖИЙГ АШИГЛА

Үйлдвэрлэгчдэд олон боломж бий. Үүний нэг нь  “SheTrades Summit” уулзалт. Энэ мэтчилэн олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцон шинэ боломжийг ашиглах нь зүйтэй. “SheTrades Summit” уулзалтад оролцогчдыг Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар хүлээн авч уулзжээ. Тэрбээр, булангийн орнуудад Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар санал солилцож, дотоодын, үндэсний үйлдвэрлэгч нартай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Хэдийгээр эмэгтэй бизнес эрхлэгчдэд хамаатай мэт боловч нийгмийн дунд шатанд эмэгтэйчүүдийн оролцоо давамгай байгаа нь манай улсын давуу байдал гэж болно. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр Дэлхийн Худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн 13 дахь удаагийн худалдааны сайд нарын хуралдаан болж, “Цахим эдийн засаг дахь Эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан”-г нээсэн байна. 50 сая ам.доллароор нээсэн олон улсын энэхүү сангаар дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улс орнууд хамтарч ажиллах ажээ. Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас тус сангийн үйл ажиллагаанд 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Манай улс уг сангийн үйл ажиллагаанд оролцох бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх “She Trades Mongolia” төв Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дээрх сангийн үйл ажиллагаанд хамруулах боломжийг бүрдүүлэн хариуцан ажиллахаар болсон байна. Энэ боломжийг үйлдвэрлэгчид ашиглах хэрэгтэй юм. Гомдоллож, төр хийх ёстой гэж суусаар 10 гаруй жилийг үдсэн ч ашиг гарсангүй. 

 

МЭРГЭЖЛИЙН БАЙЦГААЯ

Мэргэжлийн гэдэг нь жижигхэн мэт боловч ажлын бүтээмж, бараа бүтээгдэхүүний чанарт шууд нөлөө үзүүлдэг зүйлсийг ч орхигдуулж болохгүй. Үнэн хэрэгтээ шууд экспорт хийх хэмжээнд манай компаниуд төлөвшөөгүй байна. Япон-Монголын эдийн засгийн түншлэлийг монголчууд ашиглаж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь энэ гэдгийг бизнесийнхэн ойлгож байгаа. Түүнээс гадна тасралтгүй нийлүүлэх тал дээр доголдол үүсч эхэлдэг бөгөөд энэ нь урт хугацаанд хамтран ажиллах боломжийг боомилдог талаар ч тэд ярьцгаадаг. 
Тэгэхээр бусад улс оронтой хийсэн түншлэлийн гэрээг бүрэн ашиглаж үр дүн гаргахыг зорьвол үйлдвэрлэгчид каластераар хамтарч ажиллах шаардлагатай. Ингэснээр үр дүн, дэвшил гарна гэсэн санаачилга “Жугамо” нийгэмлэгээс хийсэн судалгааны үр дүнгээс харагджээ. Тэр ч бүү хэл судалгаанаас харахад технологийн салбарт давуу боломжууд бий. Өөрөөр хэлбэл, монголчууд оюун экспорт хийгээд эхэлчихсэн. IT-гийн салбарынхан цаг хугацаа орон зай харгалзахгүйгээр бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэл хийж чадаж байна шүү дээ хэмээн З.Сугар захирал ярьж байлаа. Түншлэгч орнууд гэрээг маш сайн ашиглаж байгааг манай импортын хэмжээнээс харж болно. Статистик тооноос харахад манай улсын импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 247 сая ам.доллароор өсчээ. Тэгвэл экспорт өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллароор өсөхөд нүүрс, зэсийн хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн өссөн нь голлон нөлөөлсөн байна. 
Статистикаас харахад бидний хөгжүүлэхийг зорьж буй үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн нэрлэгдэхгүй байна. Гэтэл түншлэлийн гэрээ Монголын талд ашиггүй байгаа гэх шүүмжлэл гарсаар. Үүнд мэдээллийн дутмаг байдал, төр ажиллахгүй байгаа зэрэг асуудлыг тодотгодог боловч үүнээс илүүтэйгээр хувийн хэвшил экспортод гаргах бүтээгдэхүүний чанар, стандарт, нийлүүлэлт зэрэгт анхаарал хандуулах шаардлага бий. 
Өөрөөр хэлбэл, манай хувийн хэвшил мэргэжлийн болох хэрэгтэй хэмээн Японд төгсөгчдийн "Жугамо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал З.Сугар хэлж байв. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 42 (7286)