Б.АЛТАНГЭРЭЛ
Манай улс жилд дунджаар 30 мянган тонн цахим болон цахилгаан хэрэгсэл импортоор авдаг. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ч хугацаа дууссан цахилгаан хэрэгслийг хэрхэх вэ гэдэг нь салбарын тулгамдсан асуудал болоод байсан юм. "Нью метод" ХХК нь электроник, цахим болон цахилгаан хэрэгслийн хаягдал, бүх төрлийн хаягдал батарей боловсруулах Монголын анхны үйлдвэрийг ирэх сард Налайх дүүрэгт нээх аж. Энэхүү үйлдвэрт аюултай хог хаягдал боловсруулах албан ёсны тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгоод байна.
Цахилгаан хэрэгсэлд хавдар үүсгэх олон төрлийн хорт бодис агуулагддаг
Электроникийн хаягдал нь үнэт өнгөт металл агуулахаас гадна мөнгөн ус, хром, хар тугалга гэх мэт хортой хүнд металлыг агуулдаг. Энэхүү хаягдлыг хараа хяналтгүйгээр энгийн хог хаягдлын ландфиллд шууд булшилж байгаа нь хөрс хүнд металлаар бохирдох шалтгаан болдог. Мөн цахилгаан хэрэгслийн гаднах хуванцар бүрээс нь сурьма, кадми зэрэг хортой хүнд металл агуулдаг тул хорт хавдар үүсгэх, удмын санд нөлөөлөх, удаан задардаг органик бодис үүсгэдэг хлор, бромд хуванцар агуулж байдаг. Энэхүү хуванцар хэсэг мөн адил ландфиллд шууд хүргэгдэж ил задгай шатдаг. Шаталтын дүнд үүсэх органик нэгдлүүд, хүнд металлууд нь орчны бохирдол үүсгээд зогсохгүй, хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлж буй нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс электроникийн хаягдал нь “Хог хаягдлын тухай хууль”-д аюултай хог хаягдал хэмээн тусгагдсан байдаг. Тиймээс манай үйлдвэр аюултай хог хаягдлыг хөрс, орчинд хор хөнөөл багатайгаар дахин боловсруулах зорилготой хэмээн "Нью метод" ХХК-ийн ерөнхий инженер А.Доржготов хэлж байлаа.
Хог хаягдлыг хэрхэн боловсруулах талаар “Бүх төрлийн батарей нь ус, хөрсний бохирдол үүсгэдэг бөгөөд манай үйлдвэр хаягдал батарейг олон улсад ашиглагддаг технологийн дагуу боловсруулалтад оруулна. Хог хаягдлыг нунтаг болгон цааш химийн аргаар уусгаж, боловсруулах туршилт хийсэн нь амжилт олсон. Мөн бид цуглуулсан аюултай хог хаягдлыг хоргүйжүүлэх, бага хэмжээний ашигтай металл хэсгүүдийг ялгаж авдаг. Манай үйлдвэр дараах аюултай хог хаягдлуудыг албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр, батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу боловсруулалтад оруулан хоргүйжүүлнэ. Үүнд 16-02 код бүхий цахилгаан болон цахим тоног төхөөрөмжийн хаягдал, 16-06 код бүхий төрөл бүрийн хаягдал батарей хамаарна.
Үйлдвэрийн технологийг анх 2018 онд ШУТИС-д боловсруулж байлаа. Тоног төхөөрөмжийн хувьд Хятадаас оруулж ирсэн. Өөрсдийн хүчин чадлаа тооцоолж жилд 500 тн хог хаягдал боловсруулах боломжтой” хэмээн А.Доржготов сонирхууллаа.
Хүлээн авах хаягдал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)