Д.ОЮУНЧИМЭГ

“Монголд зочлох жил” гурван жил үргэлжилнэ. Цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон салбарын нэг нь аялал жуулчлал. Гэхдээ манай улс өнгөрсөн жил шинэ бодлого, шинэ стандарт, шинэ стратегийг хэрэгжүүлснээр 600 гаруй мянган жуулчин хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олсон хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв.

Тэгвэл энэ жил  аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад зориулан хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Засгийн газраас 55 тэрбум төгрөгийг аялал жуулчлалыг дэмжихэд зориулан хуваарилсан бөгөөд арилжааны 12 банкаар дамжуулан олгох аж.

Ингэхдээ шалгуур үзүүлэлт хангасан байхын зэрэгцээ Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос энэ салбарт ажилладаг эсэх тухай тодорхойлолтод үндэслэн шийдвэрлэх юм байна. Аялал жуулчлалыг дэмжих зээл 2-3 жилийн хугацаатай бөгөөд нэг зээлдэгч хамгийн ихдээ тэрбум төгрөг авч болно. Хөнгөлөлттэй гэж байгаа учраас арилжааны зээлээс 5-6 хувиар бага байхаар тогтсон байна. Өөрөөр хэлбэл, Хасбанк эргэлтийн хөрөнгийн зээл олгохдоо бизнесийн цар хүрээ, санхүүгийн чадавхийг нь харгалзан уян хатан тогтоодог аж. Ингэхдээ 36 сарын хугацаатай жилийн 18-21.6 хувийн хүүтэйгээр олгодог байна.

Тэгвэл аялал жуулчлалын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж 12-15.6 хувийн хүүтэйгээр зээл авч эргэлтийн хөрөнгө болгон ашиглах боломжтой болжээ. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл “Манай холбоо тухайн зээлд хамрагдах аж ахуйн нэгжийн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь тодорхойлж өгнө” гэв. Тэрбээр Монголбанк журам гарган арилжааны банкаар дамжуулан олгоно хэмээн тайлбарласан. Түүнчлэн энэ оны улсын төсөвт суулгасан 3.1 тэрбум төгрөг аялал жуулчлалын компаниудад олгогдсон зээлийн хүүгийн татааст явна гэдгийг хэллээ.

БОАЖЯ-наас Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “MonGOlia Always. Moving.” брэндийг дэлхий дахинаа зарлахаар бэлтгэл ажлыг хангаж дууссан гэдгээ мэдээлсэн. Монгол орны баялаг түүх, соёл, өсөн нэмэгдэж буй эдийн засаг, үнэт зүйлсээ хамтдаа илэрхийлж, өөдөө тэмүүлцгээе хэмээн уриалж буй.

Төр, мэргэжлийн холбоо, салбарын бизнесийнхэн хамтраад “Тавтай морил” гэсээр өнгөрсөн жил чамлахаар өсөлтийг бий болгосон. Харин энэ жил илүү өсөлтийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй зээлийн “ид шид”-ийг үзүүлэх бололтой.

Зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой.

 

Үүнд:

-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгж байх.
-Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувиллын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших эрхтэй газартай байх.
-Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, нэг ба түүнээс дээш жил ажилласан таван тооны ажилтантай байх.
-Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх.
-Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх.
-Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.
-Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)