Доржийн ОЮУНЧИМЭГ

 

 

БАНК БУСЫНХНЫ ӨСӨЛТ

 

Монгол улсын хэмжээнд 529 банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байна. Эдгээр нь Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.

Банк бус санхүүгийн байгууллагууд өнгөрсөн онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.5 хувийн өсөлттэй байсан нь банкны салбарын 8.2 хувьд хүрсэн үзүүлэлт аж. Харин хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ банкны салбарын 90 хувьтай тэнцэж 2022 оныхтой харьцуулахад 11.4 пунктээр өссөн дүн юм байна. Банк бусынхны хөрөнгө өнгөрсөн жил 4.7 их наяд төгрөгт хүрсэн нь 2022 оныхоос 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг салбарын тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч жил банк бус санхүүгийн байгууллагынхан орлого, зарлага, цэвэр ашиг өмнөх онтой харьцуулахад орлого 295.9 тэрбумаар, зардал 176.7 тэрбум, цэвэр ашиг 119.2 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Банк бус санхүүгийн 529 байгууллагын хувьцааг давхардсан тоогоор 30419 иргэн эзэмшиж байгаа юм байна. Нийт хувьцаа эзэмшигчдийн 96.6 хувь буюу 29379 нь олон нийтэд хувьцаагаа санал болгосон ББСБ-уудынх аж. Харин 1040 буюу 3.4 хувь нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийнх байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн 2718 буюу 8.9 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудынх бол 211 буюу 0.7 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.

Тайлант хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн байна. Харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 сая болж үүний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоод 72,521 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нийт хөрөнгө нь өмнөх оноос 14.5 хувиар өсөж 306.5 тэрбум төгрөгт хүрчээ.

Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 компанид давхардсан тоогоор 921 мянган харилцагч бүртгүүлжээ. Үүнээс 15 мянга гаруй харилцагч нь арилжаанд идэвхтэй оролцжээ. Зах зээлийн арилжааны дүн нь 136.6 тэрбум төгрөгт хүрч, өдрийн дундаж арилжаа 150.1 сая төгрөг байна.

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД НОГДОЛ АШГАА АВЧ ЭХЭЛЖЭЭ

 

Сүүлийн нэг сарын турш ногдол ашиг “трэнд” үг болтлоо хэлэгдэж байна. Хувьцааны ногдол ашиг авна гэх нь хөрөнгийн зах зээлийг “хөдөлгөгч хүч” болж буй. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгаа хуваарилж эхэллээ. Энэ нь дүрэм, журмын дагуу болж буй процесс. Хувьцаат компани ногдол ашиг тараах нь хэвийн л үзэгдэл. Тиймээс эвэртэй туулай харсан мэт аяглах хэрэггүй юм. Тухайлбал:

“Айтүүлс" компани 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 хувь буюу 103.4 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ нэгж хувьцаа тус бүрд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм байна. Мөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Богд Банк" өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийн 25 хувь буюу 3.5 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бол “Монложистикс холдинг" компани цэвэр ашгийн 35 хувь буюу гурван тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэхдээ нэгж хувьцаа тус бүрд 7.58 төгрөг олгох аж.

Түүнчлэн хөрөнгийн зах зээлд нээлттэйгээр хувьцаа арилжсан системийн банкууд ч ногдол ашиг тарааж эхэлж буй. Тодруулбал, “ХасБанк" 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15.5 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараах бөгөөд нэгж хувьцаа бүрд 14.75 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Тэр ч бүү хэл хувьцаа эзэмшигчдийнхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх нэрийн дансанд аль хэдийнэ байршуулжээ.

 

АРИЛЖААНЫ 7.7 ХУВИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН ЭЗЭЛЖЭЭ

 

Санхүүгийн салбарт хөрөнгийн болон үнэт цаасны зах зээл, банк, санхүүгийн бус байгууллагууд, даатгал, хадгаламж зээлийн хоршоод багтаж, Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулдаг. Хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж буй хэмээн салбарын мэргэжилтнүүд тодорхойлж байгаа. Магадгүй үнэт цаасны хөрвөх чадвар, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг, зах зээлийн арилжааны идэвхижил зэрэг энэ салбарын хөгжлийг, хөдөлгөөнийг тодорхойлно.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж 11.7 тэрбум төгрөгт хүрснийг салбарын тайлангаас харж болно. Түүнчлэн тус тайланд хувьцааны хөрвөх чадвар 1.5 хувьд хүрч, 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зах зээлд арилжсан хэмээн дурджээ. Бүр тодруулбал, нийт арилжааны 66.7 хувийг хувьцаа, 7.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 17.5 хувийг компанийн бонд, 8.1 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлжээ.

ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар өсөж, долоон компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Компанийн бондын хувьд мөн 7 компани 107.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд анхны ногоон бонд 17 тэрбум төгрөгийг олон нийтээс татсан байна.

Санхүүгийн салбарын бас нэг оролцогч биржийн бус зах зээлээс өнгөрсөн онд 829.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7.5 тэрбум төгрөгийн арилжаа хийснээс 14.9 сая тонн нүүрсийг 7.3 тэрбум төгрөгөөр арилжсан аж. Мөн даатгалын зах зээлийн хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 15.8 хувиар өсөж 550.2 тэрбум төгрөг болсон бол нөөц сангийн хөрөнгө 268.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 30.4 хувиар өсөж 392 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж 41.6 хувиар өсөж 141.6 тэрбум төгрөгт хүрчээ. Даатгалын үнэлгээ өмнөх улиралтай харьцуулахад 72.7 хувиар өсөж 252.7 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн даатгалын салбарын нөхөн төлбөр олголт өмнөх оноос 28.3 хувиар өсөж 120.9 тэрбум төгрөг олгосон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 32 (7276)