Б.НЯМСҮРЭН
Индонез улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрх барих намыг тодруулах сонгууль өнөөдөр боллоо. Энэхүү бүх нийтийн сонгуулийн үр дүнд парламентаас гадна орон нутгийн удирдлагууд тодрох юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто, Central Java мужийн захирагч Ганжар Праново нар өрсөлдөж байна. Тэднээс одоогийн ерөнхийлөгч Жокодогийн халааг авч, дараагийн таван жилд улс орноо удирдах төрийн тэргүүн тодрох юм. Нэр дэвшигчдийн хувьд Прабово Субианто генерал цолтой бөгөөд бусдаасаа арай их санал авах магадлалтай нөлөө бүхий улстөрч гэж үздэг. Харин Ганжар Прановогийн хувьд одоогийн ерөнхийлөгч Видодогийн хоёр ч сонгуулийн кампанит ажилд хамтран ажиллаж байсан туршлагатай.
Санал хураалт ердөө нэг өдрийн зургаан цагийн дотор явагддаг ч гурван цагийн бүст хамаардаг, 200 гаруй сая сонгогчид санал өгдөг, өргөн хүрээг хамаардаг зэргээр Индонезийн сонгууль ихээхэн онцлогтой.
Санал хураалт эхлэхэд тус улсын 38 мужийн 84 сонгуулийн тойрогт 820.161 санал авах байрыг байгуулжээ.
Өнөөдөр тус улсад их хэмжээний бороо орсны улмаас нийслэл Жакарта болон Central Java хотод үер болж, санал хураалт түр хугацаагаар хойшилсон юм. Орон нутгийн цагаар 13 цагт санал хураалт дуусч, тооллого эхэлсэн байна.
Урьдчилсан санал хураалтын дүнгээр Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто сонгогчдын 59,8 хувийн саналыг авсан дүн гарчээ.
Индонез улсын газар нутаг 17 мянга орчим арлаас бүрддэг. Эдгээрийг нэгтгэвэл нь АНУ-ын газар нутгаас ч өргөн уудам гэж харьцуулж болно.
Тиймээс ч сонгуулийн үеэр ажилладаг албан хаагчид завиар, дугуйгаар, тэргээр болон явган явж санал хураадаг гэнэ.
Эх сурвалж: www.polit.mn