Б.НЯМСҮРЭН
2024 онд дэлхийн 50 гаруй улсад ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно. Оны эхэнд товлосон сонгуулиудын нэг болох Индонез улсын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрх барих намыг тодруулах сонгууль өчигдөр боллоо. Энэхүү бүх нийтийн сонгуулийн үр дүнд парламентаас гадна орон нутгийн удирдлагууд тодрох юм.
Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, тус улсын Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто, Central Java мужийн захирагч Ганжар Праново нар өрсөлдөж байна. Тэднээс одоогийн ерөнхийлөгч Жокодогийн халааг авч, дараагийн таван жилд улс орноо удирдах төрийн тэргүүн тодрох юм. Нэр дэвшигчдийн хувьд Прабово Субианто генерал цолтой бөгөөд бусдаасаа арай их санал авах магадлалтай нөлөө бүхий улстөрч гэж үздэг. Харин Ганжар Прановогийн хувьд одоогийн ерөнхийлөгч Видодогийн хоёр ч сонгуулийн кампанит ажилд хамтран ажиллаж байсан туршлагатай.
Үерийн улмаас санал хураалт түр хойшлов
Санал хураалт ердөө нэг өдрийн зургаан цагийн дотор явагддаг ч гурван цагийн бүст хамаардаг, 200 гаруй сая сонгогчид санал өгдөг, өргөн хүрээг хамаардаг зэргээр Индонезийн сонгууль ихээхэн онцлогтой.
Санал хураалт эхлэхэд тус улсын 38 мужийн 84 сонгуулийн тойрогт 820.161 санал авах байрыг байгуулжээ.
Өчигдөр болсон санал хураалтын өдөр их хэмжээний бороо орсны улмаас нийслэл Жакарта болон Central Java хотод үер болж, санал хураалт түр хугацаагаар хойшилсон юм. Орон нутгийн цагаар 13 цагт санал хураалт дуусч, тооллого эхэлсэн байна.
Урьдчилсан санал хураалтын дүнгээр Батлан хамгаалахын сайд асан Прабово Субианто сонгогчдын 59,8 хувийн саналыг авсан дүн гарчээ.
Хэд хэдэн сонгуулийн ажилтан амиа алджээ
Индонез улсын газар нутаг 17 мянга орчим арлаас бүрддэг. Нийт газар нутаг нь АНУ-ын газар нутгаас ч өргөн уудам гэж харьцуулж болно. Сонгуулийн санал хураалтын хайрцгийг хариуцсан штабын ажилтнууд завиар, машинаар, явган гээд хүнд нөхцөлд ажилладаг байна.
Харамсалтай нь байгалийн гамшгаас гадна золгүй явдлын улмаас хэд хэдэн сонгуулийн тойрогт ажиллаж байсан албан хаагчид амиа алджээ. Одоогоор зургаан албан хаагч амиа алдсан гэсэн хэмээн BBC агентлаг мэдээлэв. Тэдний хоёр нь зүрхний шигдээсээр, нэг нь хэт их ядарсны улмаас амь насаа алджээ. Тэдгээр албан хаагчдад бүгдэд нь толгой эргэх шинж тэмдэг илэрч байжээ.
Хачирхалтай нь 2019 онд болсон сонгуулийн үеэр 900 орчим албан хаагч амиа алдаж, 5200 албан хаагч өвдөж байсан тухай мэдээлэл байна. Ажлын ачаалал, хүнд нөхцлийн улмаас олон хүн амиа алдаж байсан гашуун туршлагатай учир энэ жил урьдчилан сэргийлэх арга хэмжээг багагүй анхаарсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байжээ. Гэвч амиа алдсан хүмүүсийн тоо өмнөх сонгуулиас харьцангуй цөөн ч, байсаар байна. Сонгуулийн ажилтнууд ингэж хөдөлмөрлөснийхөө хөлсөнд 1,1 сая индонез рупи буюу 70 орчим ам.долларын цалин авдаг нь нийслэл Жакарта хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага байсаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7274)