Б.НАНДИН

Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар өвчилсөн тухай Букингемийн ордноос өнгөрсөн даваа гарагт мэдээллээ. Хэдхэн хоногийн өмнө түрүү булчирхайн хагалгаанд орж, эмнэлгээс дөнгөж гарсан хаан чухам ямар төрлийн хавдраар өвчилсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч түрүү булчирхайн хавдар биш болохыг албаныхан онцолжээ.

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр болсон сүмийн цугларалтын үеэр инээмсэглэн гараа даллаж ард түмэндээ мэндчилсэн нь сэтгэл санаа нь харьцангуй өөдрөг, тогтвортой байгааг илэрхийлж байна хэмээн Ройтерс агентлаг бичжээ.

Өнгөрсөн тавдугаар сард хаан ширээнд албан ёсоор заларсан түүний хувьд олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдэд оролцохоо түр хойшлуулсан ч албан ажлаа үргэлжлүүлсэн хэвээр байх юм.

Хааны удмын гэр бүлийн эрүүл мэнд, бусад хувийн мэдээллийг тэр болгон олон нийтэд зарладаггүй ч энэ удаад хаан өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн нөхцөл байдлаа нээлттэй мэдээлсэн байна. Чарльз хаан олон нийтэд хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тус нэмэр болоосой гэж хүссэндээ энэхүү мэдээллээ зарлахыг хүссэн хэмээн Букингемийн ордноос гаргасан мэдээлэлд бичжээ.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак хааны биеийн байдалд санаа зовниж байгаа ч бүхнийг өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдсэн байна. III Чарльз хаан зөвхөн Их Британийн төдийгүй Хамтын нөхөрлөлийн орнууд болох Канад, Австрали зэрэг орнуудын төрийн тэргүүн юм. Тиймээс ч дээрх улсуудын Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаалтнууд хааны эрүүл мэндэд санаа зовниж, сайн сайхныг ерөөсөөр байна.

Хааны гэр бүлийн эрүүл мэндийн асуудал зөвхөн үүгээр хязгаарлагдаагүй. Хэдхэн хоногийн өмнө Уэльсийн гүнгийн ахайтан Кэйт хэвлийн хөндийн мэс ажилбарт орсон тухай мэдээлж байсан. Гүнгийн ахайтны мэс засал амжилттай болсон ч тодорхой хугацаанд эмнэлэгт хэвтэж сувилуулах шаардлагатай учир ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл олон нийтэд зориулсан аливаа албан үйл ажиллагаанд оролцохоо хойшлуулжээ.

Эх сурвалж:www.polit.mn