Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

 

Оюутолгой 2023 оны IV улирлын тайлангаа өчигдөр олон нийтэд танилцуулав. Энэ хугацаанд 14 хүдэр булгуурийг тэсэлсэн байна. Улмаар хүдэр булгуурийн тоо 86 болжээ. Ингэснээр өнгөрсөн онд нийт 168 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Цаашид 2028-2036 оны хооронд жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилтын төлөө ажиллана гэлээ. 2023 оны IV улиралд баяжуулах үйлдвэрт хийсэн засвар болон хүдрийн дундаж агуулга 0.53 хувийн өндөр байсан зэргээс хамаарч энэ улиралд олборлосон зэсийн хэмжээ 2022 оны II улиралтай харьцуулахад 26 хувиар өсчээ. Тодруулбал, 1.59 хувийн зэсийн дундаж агуулгатай  0.9 сая тонн хүдрийг гүний уурхайгаас, ил уурхайгаас 0.42 хувийн дундаж агуулгатай 8.7 сая тонн хүдрийг олборлон боловсруулжээ. Түүнчлэн уурхайн амуудын босоо нэвтрэлтийг ахиулж тус оны эцсээр агааржуулалтын нэвтрэлтийг 1.013 метрт хүргэлээ. 2024 оны II хагаст дээрх босоо амыг ашиглалтад оруулах төвөлөгөөтэй. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж энэ оны эцэс болон 2025 оны II улиралд  бүрэн ашиглалтад оруулж дуусгах төлөвлөгөөтэй байна гэж “Оюу толгой”-н удирдлага онцолж байна. Мөн стратегийн тэргүүлэх чиглэлээ тус компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер танилцуулсан юм. Тэрбээр “Хамт олон, хамтын ажиллагаа, хөрст дэлхий, хүртэх өгөөж гэсэн дөрвөн тэргүүлэх чиглэлд  ажиллаж байна. Эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж, хүн бүрийн оролцоо олон талт байдлыг дэмжих соёлыг төлөвшүүлэх нь нэн тэргүүний зорилт. Мөн хөгжил дэвшлийн түнш байж хувьцаа эзэмшигч оролцогч талуудтай итгэлцэлд суурилсан харилцааг эрхэмлэнэ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн үйлсийг компани даяараа онцгойлон чухалчилна. Түүнчлэн урт хугацаанд тогтвортой үнэ цэн бүтээж дэлхийд тэргүүлэх зэсийн үйлдвэрлэлийг цогцлоох чиглэлд анхаарна” гэв. Эдгээр зорилтыг хангах чиглэлд хариуцсан мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. “Рио Тинто”-н бусад уурхайнуудаас хамгийн осолгүй орчинтой уурхай гэдэг үзүүлэлтээ энэ удаа мөн хэвээр хадгалсан байна. Нөхөн үржихүйн “Гэрэл” төсөл эерэг үр дүн үзүүлж IV шатандаа үргэлжлэх болсон байна. Сэлэнгэ аймгийн Ерөөд 400 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол энэ онд Дархан-Уул аймгийн Шарын голд 180 га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Гүний уурхайгаас металл авалт их байсан нь борлуулалт 9.0 хувиар өсөхөд нөлөөлсөн гэв. Энэ үеэр “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер дэлхийн зэсийн зах зээлийн  талаар зарим мэдээлэл өгсөн юм. Тэрбээр ” Өнөөдрийн байдлаар дэлхийд 25 сая тонн зэсийн зах зээл байна. Харин энэ тоо 2035 он гэхэд 50 сая тонн болж нэмэгдэх тооцоолол бий. Үүний цаад шалтгаан нь дэлхий нийтээрээ хүлэмжийн хийг бууруулахад анхаарч, цахилгаан автомашин, тоног төхөөрөмжийн хэрэглээ өсөж байгаа зэргээр зэсийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Энэхүү нэмэгдэж буй зэсийн том эрэлтийг одоо байгаа зэсийн үйлдвэрүүд нийлээд хангаж дийлэхгүй.  Тиймээс энэхүү өсөн нэмэгдэж байгаа зэсийн эрэлт бидний хувьд асар том боломж. Зөвхөн “Оюу толгой” компани гэлтгүй Монгол Улсад ч гэсэн асар том боломж нээгдэх юм. Учир нь “Оюу толгой” компанийн үйлдвэрлэл нэмэгдэхтэй зэрэгцэн дэлхийд зэсийн эрэлт нэмэгдэхээр байна. Монгол Улсын бусад зэсийн үйлдвэрлэгчид ч гэсэн дэлхийн зэсийн зах зээлийн өсөлттэй зэрэгцэн, зэс нийлүүлэгч болсноор, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломж байна. Зэсийн эрэлтийн энэхүү өсөлттэй зэрэгцэн “Оюу толгой” компани жилд 500 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалдаа хүрэх шаардлагатай. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжилтнүүд  анхааран, Оюу толгойн гүний уурхайг бүрэн хүчин чадалд нь  хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Ингэснээр бид дэлхийн зэсийн зах зээлд томоохон үүрэг гүйцэтгэх боломж бүрдэх юм" гэлээ.

Мэдээлийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон хариуцсан мэргэжилтнүүд хариулт өгснийг хүргэж байна.

- 2023 онд гүний уурхайн олборлолт нийт хүдрийн 9.0  хувийг бүрдүүлсэн бол энэ онд 17 хувь болтлоо өсөх төлөвтэй байна. Үүнийг дагаад баяжмал дах алт, зэсний агууламж цаашдаа тогтвортой өсөх үү?

- 2023 онд 168 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь ирээдүйд 500 тонн болтлоо өсөх юм. Алтны хэмжээ ч мөн адил өснө. 2024 онд нийт олборлолтын 17 хувь буюу нийт зэсийн агууламжийн 50 хувийг гүний уурхай бүрдүүлэх бол 2025 оноос энэ хэмжээ улам эрчимтэйгээр өснө. Энэ өсөлтийг харуулсан төлөвлөгөө, тайлангуудыг манай гадаад харилцааны багаар дамжуулан авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар энэ өсөлт 2028 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ гэж гарсан. Ил уурхайн бага агууламжтай зэсийн хүдэр багасаад, гүний уурхайн өндөр агууламжтай зэсийн хүдэр ихсэхийн хэрээр нийт баяжмал дахь зэс, алтны хэмжээ ихсэхээр байгаа. Ингэснээр 2028 оноос эхлээд Монголын "Оюу толгой" дэлхийн хэмжээний том үйлдвэр болох юм.

- Дэлхий нийтээрээ ногоон эрчим хүч рүү шилжиж байна. Үүнтэй холбогдуулан “Рио Тинто групп”-ын хувьд харъяа уурхайнууддаа ч мөн энэ шилжилтийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Рио Тинто”-гийн зүгээс АНУ дахь Кеннекоттын зэсийн уурхайдаа ногоон эрчим хүчний шилжилтийг хийж эхлээд байсан. “Оюу толгой” уурхай дээр энэ мэт эрчим хүчний шилжилтийг хийж байгаа юу?

-Ногоон эрчим хүч рүү шилжих талаар асуусанд баярлалаа. Зэсийн уурхайн хувьд энэ нь маш чухал ач холбогдолтой асуулт байна. Энэхүү асуултад хоёр хэсэг болгож хариулъя.

 Нэгдүгээрт "Оюу толгой” компани бол бизнесийн хувьд хүлэмжийн хийг “тэг”-д хүргэх, тодруулбал, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг дүйцүүлсэн байдлаар бүрэн тэглэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилгыг шинэчилсэн стратегийнхаа хүрээнд тусгасан ба нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дэлхий дахинд хөндөгдөж буй хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний ногоон шилжилтэд бидний зүгээс шууд хувь нэмрээ оруулахаас өмнө эхний ээлжинд бидний зүгээс компаниасаа эхлэн хүлэмжийн хийг бууруулахаар ажиллах нь чухал байна. Бид энэхүү зорилгыг нэг өдрийн дотор шууд хэрэгжүүлэх боломжгүй, асар том зорилго тул жил жилийнхээ төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудаа тусган ажиллаж байна. Тухайлбал,  гүний уурхай болон ил уурхай дээр ашиглаж буй тоног төхөөрөмж, машин механизмуудаа цахилгаанаар ажилладаг төхөөрөмжөөр солихоор төлөвлөж байгаа ба цаашид уурхайн талбар дээр болон уурхайн үйл ажиллагаанаас гарч байгаа хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар зорин ажиллаж байна. Хоёрдугаарт, манай “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулагчид буюу “Рио Тинто” групп, Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд "Оюу толгой"-н уурхай нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь дотоодын эх үүсвэрээс хангах заалт байдаг. Энэ заалтаа биелүүлэхийн тулд бид Монгол Улсын дотоодод байгаа эрчим хүчний эх үүсвэрүүдээс "Оюу толгой"-н эрчим хүчний хэрэглээг  бүрэн хангаж чадахуйц хэмжээний эрчим хүчний эх үүсвэрийг олох шаардлагатай байгаа. Одоогоор “Рио Тинто” группийн хувьд Эрчим хүчний яамтай хамтран Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс “Оюу толгой”-н уурхайн эрчим хүчийг худалдаж авах ямар боломж байна вэ гэдгийг тодорхойлох чиглэлд яриа, хэлэлцээрийг хийж байна. Тус ажил нь яг одоо хэлэлцэгдэж байгаа тул энэ ажлын хүрээнд тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Гэхдээ урт хугацаандаа бид хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилготой ажиллаж байна. Эдгээр ажлууд нь ч мөн эл зорилгын хэрэгжилтэд нөлөөлөх юм.

-АМНАТ-ийг Ашигт малтмалын хууль руу татварын хуулиас салгаж оруулах санал явж байгаа гэсэн. Танай дээр энэ саналтай холбоотой мэдээлэл байгаа юу. Хэрэв өөрчлөгдвөл танай үйл ажиллагаа болон гэрээнд нөлөөлөх үү?

- АМНАТ-ийн хувьд одоо Ашигт малтмалын хуулиар зохицуулагдаж байгаа. Ашигт малтмалын хуулиас гаргаад өөр хуулиар зохицуулах нь Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Улсын их хурал бодлогын хүрээндээ шийдэх асуудал. “Оюу толгой”-н хувьд АМНАТ 5.0 хувь  байна гээд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан байдаг. АМНАТ-ийн зохицуулалт цаашид Ашигт малтмалын хуульд байх уу, татварын хуульд байх уу гэдгээс үл хамаараад “Оюу толгой”-н АМНАТ-ийн асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээний хүчинтэй хугацаанд тогтвортой мөрдөгдөөд явна. “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний эхний хугацаа 30 жил, үргэлжлүүлээд 20 жилээр сунгаж болох заалттай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)