Доржийн ОЮУНЧИМЭГ
Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийн 60 хувь Монголд байдаг тухай саяхны нэг уулзалтын үеэр ярьж байв. Сэргээгдэх эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт их хэмжэээгээр шаардахын сацуу урт хугацаанд ашгаа өгдөг эрсдэл өндөртэй бизнес гэдгийг салбарын инженерүүд хэлдэг. Гэсэн хэдий ч эрчим хүчний хэрэглээ зайлшгүй шаардлагатай учраас эрсдэлээс “айгаад” хойш суух боломжгүй юм.
Түүнчлэн ногоон санхүүжилт, хүлэмжийн хийг бууруулах төсөл, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил дэлхий нийтийг хамарч буй чиг хандлага монголчуудын хувьд ч тулгамдсан асуудал. Монгол Улсын хувьд нөөц бололцоо ашиглан сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бүрэн боломж бий аж. Энэ талаар өчигдөр “Пума империал” зочид буудалд болсон “Тогтвортой хөгжил ба ногоон эдийн засаг” уулзалт, хэлэлцүүлгээр ярилцав. Хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлөөс “Сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлье” уриан дор салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Энд Эрчим хүчний зохицуулах хороо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “MCS холдинг,” ХААН банк, “Тесо групп,” “Юнител”, “Ньюком" групп, “Говь”, “Монгол базальт”, Сайншандын салхин парк, “Desert solar power one” болон “Тэнүүн гэрэл констракшн” зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хэдийгээр манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй ч дотооддоо бүрэн ойлголцож чадсан эсэхээс олон асуудал хамаарна. Түүнчлэн энэ салбарт хувийн хэвшлийн оролцоо түлхүү байх шаардлагатай гэдгийг ч мөн хэлэлцэв. Мэдээж санхүүжилтийн эх үүсвэр, төрийн бодлогын дэмжлэг гээд тулгамдсан асуудал ч бий гэнэ. “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний компаниудыг бэлтгэх ажлыг ихэвчлэн хийсэн. Өдгөө гадагшаа гарах төсөл хэрэгжүүлэх талд нь анхаарч байгаа” хэмээн МҮХАҮТ-ын төлөөлөл ярьж байлаа.
Тэгвэл хувийн хэвшлийнхэнд зээл, санхүүжилт илүү олдох боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Тэр ч бүү хэл гадны хөрөнгө оруулагчид манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа илэрхийлсээр байгааг бизнесийнхэн хэллээ. Одоогоор манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхэн зонхилж байгаа гэлцэв. Харин энэ салбарт төрийн өмч давамгайлж, үйл ажиллагаа, үнэ тарифын хувьд чөлөөлөгдөөгүй нь “чөдөр” болдог талаар ч хэлэлцэв. Эрчим хүчний тарифын асуудлын улмаас өр зээл ихтэй, бодлого үйл ажиллагаа нь тогтворгүй байгаатай холбон тайлбарлаж байлаа. МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн даргаар Д.Ганхуяг “Энэ өвлийг арайхийж давсныг хэлэх нь зүйтэй. Эрчим хүчний тулгамдсан асуудал өвлийг давах эсэх нь бүрхэг байсныг хэн хүнгүй мэднэ. Эрчим хүчний салбарт шинэчлэл хийж, дэлхийн чиг хандлагатай мөр зэрэгцэн алхах цаг ирсэн. Тиймээс сэрг ээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд тогтвортой бодлого хэрэгтэй” гэв. Энэ салбарт асуудлыг аргалах байдлаар өнгөрөх боломжгүй. Суурь шалтгааныг нь шийдвэрлэх ёстой гэдгийг ч мөн тэрбээр онцолсон юм.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийг бага ялгаруулах зарчмыг баримтлах шаардлага тулгарч буй. Тиймээс аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийг бууруулах чиглэл баримтлан ажилласнаар гадаад хөрөнгө оруулалтыг татахаас эхлээд олон улсын байгууллагуудаас санхүүжүүлэх боломжтойг хэлж байлаа. МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Ногоон санхүүжилтийн хувьд манай улсын дотоодын аж ахуйн нэгжүүд НҮБ болон олон улсын санхүүжилтийн байгууллагуудын төсөл, хөтөлбөрт хувийн хэвшил талаасаа хамрагдах боломжтой. Тиймээс компаниуд нэгдэж, санаачлагатай ажиллах хэрэгтэй байгаа юм” хэмээн онцолсон. Гэхдээ бодлого нь тодорхойгүй, тогтворгүй зах зээлд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй гэдгийг бизнесийнхэн учирлаж байна. Ялангуяа эрчим хүчний салбар хууль эрх зүйн орчныг сайтар бүрдүүлэхийн сацуу тулгамдсан асуудлыг шийдвэрлэх дорвитой алхам хэрэгтэй гэдгийг ч мөн ярьцгааж байгаа юм.
“Ньюком” компанийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх “Аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүч хэрэглэн ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээрээ давуу талыг бий болгох сонирхол байдаг. Мэдээж үүний тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах алхам хийсэн байх шаардлагатай. Компани ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ зарласнаар давуу боломжууд бий болдог. Манай улсын хувьд тарифын болон хууль эрх зүйн зохицуулалт алга. Тиймээс эрчим хүчний үнэ тарифын бодлого, Эрчим хүчний хуулийг шинэчлэн батлах шаардлага бий” гэв. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө зарцуулагдахаас гадна урт хугацааны төлөвлөлт шаарагддаг. Бизнесийн байгууллага үүнийг хийж чадна. Харамсалтай нь төрийн бодлогын тогтворгүй байдал урт хугацааны төлөвлөлт хийх боломжийг боомилдог. Тэгэхээр төрийн залгамж чанар бизнесийн салбарт нэн тэргүүнд эерэг нөлөө үзүүлэх асуудал гэдгийг хэлэлцэж байв.
Манай улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг шинэ тутамдаа хөгжүүлж байгаа. Гэсэн хэдий ч сэргээгдэх эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлын нэг нь нөөц хуримтлуулах баттерей. Үүнийг хөгжүүлснээр нар салхины эрчим хүчний хөгжил илүү тогтвортой болж байна гэв. Нөгөөтэйгүүр хэрэглэгчид хариуцлагагүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй компаниудын бараа, үйлчилгээг авах нь багассаар байгаа талаар ч мөн хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
Энэ үеэр “Клийн энержи” компанийн захирал Ц.Сүхбаатар “Хүнээ хөгжүүлээгүй цагт бодлого явахгүйтэй адил эрчим хүчний эх үүсвэрээ тогтвортой болгоогүй цагт эдийн засаг хөгжихгүй” гэсэн юм. Эрчим хүч нийгмийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлдэг салбар. Эрчим хүч эдийн засгийг хөгжүүлэх суурь болдог. Тиймээс зах зээлийн нийгэмд шилжсэн атлаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үеийн үнэ тарифын бодлого сэргээгдэх эрчим хүчний салбарт төдийгүй бусад бүхий л салбарт зохимжгүй л дээ.
Тэгэхээр энэ салбарын тарифыг хэт доогуур үнэлсэн ннь өнөөдөр тус салбарыг алдагдалдаа “идүүлсэн”. Урсгал засвар ч хийх чадамжгүй болгосон гэдгийг салбарын инженерүүд хэлж байна. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүчний нөөцөө зөв ашиглах, хуваарилах, борлуулах шаардлагатай. Үүний тулд эрчим хүчний үнийн бодлогыг шинэчлэх, чөлөөт зах зээлийн зарчимд нийцүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан зохицуулах шаардлагатай асуудал ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 25, 26 (7269, 7270)