Б.НАНДИН

Кенийн нийслэл Найроби хотод өнгөрсөн пүрэв гарагийн шөнө их хэмжээний газ дэлбэрснээс гурван хүн амь эрсдэж, 300 гаруй хүн түлэгджээ. 
Газын үйлдвэрийн гадна байсан автомашинд эхэлж гал авалцсанаар ойролцоо байсан бусад 10 гаруй автомашинд дэлбэрэлт үүссэн болохыг мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоожээ. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас хийн цилиндр савнууд ойр орчимд байсан байшин барилга руу шидэгдэж, хэд хэдэн орон сууцны барилга болон иргэдийн автомашинууд өртсөн байна. 
Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Мваура “Түймэр шөнө буюу иргэдийн амарч байсан цагаар болсон учир олон хүн өртсөн харамсалтай үйл явдал боллоо” гэж мэдэгджээ. 
Галд өртөж амь насаа алдсан болон бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Бэртэж гэмтсэн иргэдийг яаралтай эмнэлэгт хүргэж эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгааг албаныхан мэдээлжээ.
Мөн галд орон байраа алдсан иргэдэд эхний ээлжинд хоёр сарын түрээсийн төлбөрийг засгийн газраас олгохоор болжээ.
Гал гарсан тухайн үйлдвэр нь зохих зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь анхаарал татаж буй юм. Учир нь үйлдвэрийн байр нь суурьшлын бүстэй хэтэрхий ойр учир зөвшөөрөл олгоогүй байсан ч нууцаар үйл ажиллагаа явуулж байгаад том осол гаргасан байна. 

Кенийн дэд ерөнхийлөгч Ригати Гачагуа “Бид аливаа хууль, дүрэм журмыг дагаж мөрдөхийг иргэддээ уриалж байна. Буруутай этгээдүүдээр хохирлыг төлүүлэхээс гадна хатуу хариуцлага тооцно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn