Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсын эрчим хүчний салбарын засаглалын шинэчлэлийн хүрээнд сэтгүүлч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах  “Эрчим хүч ба хэвлэл мэдээлэл”сургалтын төгсгөлд “Бөхөг”-ийн цахилгаан станцтай танилцсан юм. Улаанбаатараас 68 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын Бөхөгийн хөндийд байрлах энэ байгууламж нь Монгол Улсын хоёр дахь том нарны цахилгаан станц. Хөшигийн хөндийн Нисэх буудлаас баруун урд зүгт 5.3 км-т байрлах тус станц нь 15 МВт-ын хүчин чадалтай бөгөөд Япон улсын "Шарп" корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэцүүдийг ашиглан, жилдээ 29 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлээд таван жил болж байгаа юм. Уг станцын  хөрөнгө оруулагчдаар Япон улсын "Шигэмицү Шожи", "Шарп" корпораци, Тайланд улсын "Sermsang Power corporation" санхүүжүүлж, төсөл хэрэгжүүлэгчээр Тэнүүн гэрэл констракшн ХХК  ажиллаж байна. 48 га газрыг хамарч тус бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51372 ширхэг NDAF-320 загварын нарны дэлгэц суурилуулж, "TMEIC" фирмийн 15 ширхэг инвертер, найман ширхэг E-house суурилуулжээ. Газар доогуур нийт 298 км урт кабель шугам татсан аж. Биднийг үйл ажиллагааг хариуцаж буй “Тэнүүн гэрэл" констракшины Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Г.Мөнхболд, ээлжийн инженер Л.Дэмчигсүрэн нар хүлээн авч станцаа танилцуулсан юм. Эднийх таван жилийн хугацаанд 100-150 сая орчим  кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэв. Ингэснээр 75 мянган тонн хүлэмжийн хийг бууруулж, 585.500 тонн түүхий нүүрс шатаахаас сэргийлж  3.6 сая тонн цэвэр усны хэмнэлт хийсэн байна. Хүлэмжийн хийг сааруулах дэлхийн улс орнуудын өмнө авсан манай улсын амлалт хэрэгжихэд тус нарны станцын оруулж буй хувь нэмэр энэ юм. Нарны энерги нь дэлхий дээрх хамгийн элбэг эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн чухал хэсэг. Нар их тусах зуны улиралд  эрчим хүчийг нөөцлөх хуримтлууртай болох төлөвлөгөө бий ч манай улс хаягдал батарейг устгах хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас боломжгүй гэдгийг тэд хэлж байв. Өвлийн улиралд нар 17:00 цаг гээд жаргадаг. Тэгвэл цахилгаан эрчим хүчний ачаалал 17:00-22:00 цагт эхэлдэг. Тиймээс өдрийн ихэнхи хугацаанд эрчим хүчээ үйлдвэрлэдэг нарны станцын тухайд импортыг орлох цахилгааныг өвлийн ид ачааллын үед нөхөж чадахгүй ч хүлэмжийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүч гэдгээр давуу.  Гэхдээ уламжлалт нүүрсэн станцуудын урсгал зардал, хүн хүчний оролцоо сэргээгдэх эрчим хүчний станцын урсгал зардлаас хэд дахин их гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Эднийх одоогоор 20 гаруй ажилтантай. Цэвэрхэн тохь тухтай орчинд ажлын дарамт, хүндрэл багатай ажилладаг хэмээн ээлжийн ахлах инженер нь ярьж байв. Тэрбээр “Хамгийн гол нь хяналт. Өвлийн улиралд цас их орсон үед нарны дэлгэцүүдийн цасыг цэвэрлэдэг. Бусад үед харьцангүй гайгүй” гэсэн юм. Гадаа целсийн -30 хэмийн хүйтэн байв. Энэ үед нарны станцын  хяналтын самбарт +10 хэмийн дулаан зааж байгааг инженер тодотгож байсан нь сонин байв. Зуны + 25 хэмтэй үед станцын хяналтын самбарт +50 хэм хүрдэг тухай сонирхуулсан юм. Биднийг олон зуун ширхэг нарны панелын орчимд очиход жижиг амьтдын хөлний мөр байсан нь тэд дулаан орчин руу ирдэг тухай ажилчид хэлсэн. Гэхдээ сүүлийн үед ирэх нь багассан ажээ.

Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Манай орны зөвхөн нар болон салхинаас авч чадах цахилгаан эрчим хүчний хэмжээ жил бүр 15000 тераватт цаг энэ нь 18 сая тонн нүүрс шатаахтай тэнцэнэ. Мөн салхи болон нарны эрчим хүчний цахилгааны хүчин чадлыг нийлүүлбэл 2600 гегаватт. Энэ нь манай улсын эрчим хүчний нийт хэрэглээг /2018 онд ойролцоогоор 1.2 гегаватт байсан / хангах чадвартай. Гэвч бид өнөөдөр цахилгаан эрчим хүчнийхээ 91 хувийг нүүрснээс, есөн хувийг нар салхин эрчим хүч голлосон сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна гэж Г.Мөнхболд инженер ярьсан юм.

Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлсэн агуулга нь хувь сэтгүүлчийн үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хөтөлбөрийн албан ёсны байр суурь биш болно.
 

2019 оноос хойш таван жилийн хугацаанд 100-150 сая орчим  кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 23 (7267)