Б.НЯМСҮРЭН

 

Олон улсын валютын сангаас 2024 оны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг лхагва гарагт танилцууллаа. Өнгөрсөн аравдугаар сард таамаглаж байснаас 3.1 хувийн өсөлттэй байгааг шинэ тайландаа дурджээ. Мөн тайланд 2024 оноос гадна ирэх жилийн төлөвийг хамтатган гаргасан байна.

ОУВС-аас гаргасан тайлангийн дүгнэлт хэсэгт “Энэ онд дэлхий нийтээр эдийн засаг тогтвортой байх хандлагатай ч эрсдэл хэвээр байх болно” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч олон улсад өрнөөд буй зөрчил, мөргөлдөөнөөс шалтгаалан зарим бүс нутагт амаргүй байдалтай байгаа билээ. Дэлхийн эдийн засгийн гол тоглогчид болох Хятад, АНУ болон хөгжиж буй томоохон зах зээлүүдэд гарч буй сүүлийн үеийн эерэг үзүүлэлтүүдийг энэхүү тайлангаас үзэж болно.

Таамаглаж буй 3.1 хувийн өсөлт нь өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамаглалаас 0.2 нэгжээр илүү байгаа юм. Харин 2025 оны таамаглал өнгөрсөн аравдугаар сарынхаас өөрчлөгдөөгүй, 3.2 хувьтай хэвээр байгаа аж.

Дээрх үзүүлэлтүүд нь санхүүгийн нөхцөл байдал суларсан, мөнгөний бодлого чангарсан зэргээс шалтгаалж олон жилийн дунджаас бага байгааг тус тайланд онцолжэ. Харин эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн инфляцийг хэдэн хувьд байх тухай нэгдсэн таамгийг ч багтаасан байна. ОУВС-гийн урьдчилсан таамаглалаар инфляц 2024 онд 5.8 хувь, ирэх жил 4.4 хувь болж буурах хандлагатай байгаа юм.

Үүнийг бүс нутгаар авч үзэхэд Европын улс орнуудын хувьд ДНБ 2024 онд 0.9 хувь, 2025 онд 1.7 хувиар өсөх төлөвтэй байгаа. Харин хамгийн олон хүн амтай Энэтхэгийн эдийн засгийг 2024, 2025 онд 6.5 хувиар өсөх магадлалтай хэмээн үзжээ.

Тайлангаас үзэхэд АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх таамгаас 0.6 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Тус улсын хувьд эдийн засаг өнгөрсөн оны таамаглаж байснаас хурдацтай өссөн учир ийн ахиулжээ. Харин 2025 оны өсөлтийн таамаглалыг 1.7 хувь болгон бууруулснаа тэмдэглэжээ.

Азийн төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2023 онд төсөөлж байснаас 0.4 нэгжээр ахиулж, 4.6 хувьд хүргэсэн байна. Харин ирэх онд 4.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь аравдугаар сарын таамаглалаас өөрчлөгдсөнгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)