Д.ОЮУНЧИМЭГ
Монголбанкнаас зарласан валютын ханш өнгөрсөн онд тогтвортой байсныг цахим хуудасны мэдээллээс харж болно. Тухайлбал, графикаас харахад өнгөрсөн онд ам.долларын ханш 3444-3500 төгрөгийн хороонд хэлбэлзсэн байна. Энэ нь ам.долларын ханш тогтвортой байсныг илтгэж буйг эдийн засагч хэллээ. Ханшийн графикаас харвал ам.долларын ханш суларч буй аж.
Түүнчлэн юанийн төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн оны хоёрдугаар сард 517.87 болж өссөн нь тухайн цаг хугацааны хамгийн өндөр өсөлт аж. Ханш үргэлжлэн суларсаар энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 480 төгрөг болж буурчээ.
Харин энэ хугацаанд рублийн төгрөгтэй харьцах ханш тогтвортой байсныг графикаас харж болох юм. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд 48.85 төгрөгтэй тэнцэж байжээ. Өнгөрсөн онд рублийн ханш суларсаар энэ оны эхээр 37.67 болсон нь Монголбанкны ханшийн мэдээлэлд тэмдэглэгдсэн байна.
Өнгөрсөн оны эцэст манай улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн бөгөөд гадаад худалдаа ашигтай гарснаар төлбөрийн тэнцэл болон төсөв ашигтай гарч буйг статистик мэдээллээс харж болно. Энэ нь валютын ханш тэр дундаа “ноён ногоон” тогтвортой байсны дээр буурах хандлага ажиглагдаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлж буйг судлаачид хэлж байна. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар саяхны нэг уулзалтад оролцохдоо “Бүхий л салбарын эдийн засгийн өсөлтийг жигд байлгахад анхаарна. Хөдөө аж ахуйн салбарт хийх ажил нэлээдгүй байгаа. Эдийн засгийн өсөлтийг тогтмол байдлаар хангах нь иргэдийн орлого тогтвортой байх суурь нөхцөл. Тиймээс үүнийг бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй” гэдгийг тодотгосон.
Үүнд бизнесийн салбарынханы оролцоо чухал гэдгийг үйлдвэрлэгчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, ханш тогтвортой байснаар эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олох, урт хугацааны төлөвлөлт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлнэ хэмээн бизнесийнхэн онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)