2023 оны 12-р сарын 25-ны өдөр ОХУ Евроазийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) байгууллагуудыг даргалах ажлын хүрээнд Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн түвшний эцсийн хуралдаан Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн ба уг арга хэмжээнд Куба болон Ираны төр засгийн тэргүүнүүд зочноор оролцов. 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ, дэлхийн эдийн засгийн сөрөг хандлагыг үл харгалзан ЕАЭЗХ-ны гишүүн орнууд гадаад дарамтыг амжилттай сөрөн зогсож, макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн эерэг динамикийг харуулж байна гэв. Тодруулбал, 2023 оны эхний гурван улирлын үр дүнгээс харахад ОХУ-ын ДНБ-ий өсөлт нь 2.8 хувьд, Беларусынх - 3.5 хувьд, Киргизийнх - 4.2 хувьд, Казахстаных - 4.7 хувьд, Арменийнх - 10 хувьд хүрсэн байна. Дотоод худалдааны эргэлтийн хэмжээ 8.9 хувиар өссөн бол харилцан төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувь 90 хувиас давжээ. 
Дээр дурдсан эерэг хандлага нь хориг арга хэмжээний эсрэг чиглэсэн үндэстэн дамнасан байгууллагуудын харилцан уялдаатай, сайн зохион байгуулалттай ажил, мөн бизнесийг тээвэр, логистикийн сүлжээг шинэчлэхэд дасан зохицуулж, санхүү, банкны механизмыг боловсронгуй болгож чадсантай, түүнчлэн Евроазийн интеграцчлалыг улстөржүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үзэл санааг холбооны бүх оролцогчид тууштай баримталж байгаатай холбоотой гэж ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын төрийн тэргүүд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв.
Уулзалтын үеэр макро эдийн засгийн бодлогыг харилцан уялдуулах, демпингийн эсрэг арга хэмжээг боловсронгуй болгох, үйлчилгээний салбарт нэгдсэн зах зээлийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг нэгтгэх, ЕАЭЗХ-ны дотоод зах зээл дэх саад тотгорыг арилгах, мэдээллийн нэгдсэн систем болон техникийн зохицуулалтын нэгдсэн баазыг бий болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэв. 
Хэлэлцүүлгийн үр дүнд ЕАЭЗХ-ны хүрээнд 2030 он хүртэл болон 2045 он хүртэлх хугацаанд эдийн засгийн үйл явцыг хөгжүүлэх тухай «Евроазийн эдийн засгийн замнал» тунхаглал, макро эдийн засгийн түвшинд хамтын ажиллагаа өрнүүлэх, эрх зүйн механизмыг боловсронгуй болгох, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг бий болгох, гаалийн зохицуулалт, холбооны олон улсын үйл ажиллагааны чиглэлээр харилцан ажиллах тухай зэрэг дунд хугацааны төлөвлөлтийн бусад олон баримт бичигт гарын үсэг зурав.
Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааны үеэр болсон ихээхэн чухал үйл явдал нь ЕАЭЗХ болон Исламын Бүгд Найрамдах Иран улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал болсон бөгөөд уг гэрээний дагуу хоёр талын худалдааны 95 гаруй хувийг бүрдүүлдэг бараа бүтээгдэхүүний бараг 90 хувийн гаалийн татварыг цуцлахаар төлөвлөж байна.
Энэхүү баримт бичгийг батлах шийдвэр гаргахад 2019 онд хүчин төгөлдөр болсон дээрх чөлөөт худалдааны бүсийг бүрдүүлэх тухай Түр хэлэлцээрийн хэрэгжилтийн эерэг үр дүн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн цөөн нэр төрлийн барааг хил гаалиар нэвтрүүлэх журмыг либералчилснаар худалдааны эргэлтийг (2019 онд 2,4 тэрбум ам.доллар байсан бол 2022 онд 6,2 тэрбум ам.доллар хүртэл) хоёр гаруй дахин нэмэгдүүлж чадсан. Талууд урт хугацаанд хамтран ажиллахад бэлэн байгаагийн бас нэг чухал илрэл нь хамтын хүчээр үүсгэн байгуулж буй онцгой хөнгөлөлтийн дэглэм нь бүрэн хэмжээний чөлөөт худалдаанд шилжих эхний үе шат болно хэмээн харилцан тохиролцсоны үндсэн дээр Түр хэлэлцээрт тусгасан явдал байв.
ЕАЭЗХ болон Ираны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцан худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна тээвэр логистик, ашигт малтмалын хайгуул болон олборлолт, эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжил, технологийн шинэчлэл, боловсрол, анагаах ухаан, харилцаа холбоо зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нээгдэж байна.
Эх сурвалж: ОХУ-ын ЭСЯ