Б.ТУУЛ
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб ээлжит мэдээлэл солилцох ажил хэрэгч уулзалтаа "Эйблсофт" ХХК-тай хамтран зохион байгууллаа. Бүх төрлийн ажил, мэргэжлийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн сүлжээг технологитой уялдуулан ухаалаг бөгөөд хэмнэлттэй аргаар шийдвэрлэсэн тус компанийнхан ABLE системээ 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн эрүүл мэндийн салбарт цогцоор нь нэвтрүүлжээ.
Тус системийг одоогоор Монголд 800 гаруй аж ахуйн нэгж, байгууллага дотоод сүлжээндээ ашиглаж буйгаас 10 хүрэхгүй нь л эрүүл мэндийн байгууллага байдаг аж. Харин 2024 онд эрүүл мэндийн салбараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу улсын хэмжээнд эх хүүхдийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-д тус цахим системийг цогцоор нэвтрүүлж байгааг албаныхан хэлж байна.
Тус платформыг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлснээр бүтэц, зохион байгуулалт, дотоод удирдлага, менежментэд олон ахиц дэвшил гарахаас гадна эмч нарын өдөр тутмын цаасны ажил эрс багасч өвчтөн үйлчлүүлэгчдэд илүү цаг зарцуулах боломжтой гэдгийг "Эйблсофт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж онцлов. Мөн тус уулзалтад АШУҮИС-ийн багш нарын төлөөлөл, эмч нарын төлөөлөл оролцож, санал сэтгэгдлээ хэлэх, уг цахим системийн талаарх ойлголт мэдлэгийг авсан юм.
Эх сурвалж: www.zms.mn