Д.ОЮУНЧИМЭГ

Өнгөрсөн оны эцэст манай улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн нь бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлт аж. Эдийн засгийг чадавхижуулах гол хөдөлгөгч нь бизнесийн салбар. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт нэн чухал гэдгийг Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын форумаар ярилцлаа.

Хэдийгээр эдийн засаг өсөлттэй гарсан ч хөдөө аж ахуйн салбар есөн хувиар унасан гэдгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Шангри-Ла” зочид буудалд болсон форумын үеэр  хэлэв. Тэрбээр, “Бүхий л салбарын эдийн засгийн өсөлтийг жигд байлгахад анхаарна. Хөдөө аж ахуйн салбарт хийх ажил нэлээдгүй байгаа. Эдийн засгийн өсөлтийг тогтмол байдлаар хангах нь иргэдийн орлого тогтвортой байх суурь нөхцөл. Тиймээс үүнийг бүрдүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдалд ч чухал нөлөөтэй” гэдгийг тодотгосон юм.

2022 оны байдлаар 2.5 тэрбум ам.доллар байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 2024 онд дөрвөн тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байгаа аж. Түүнчлэн дотооддын нийт бүтээгдэхүүний 79 хувийг эзэлж буй хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тиймээс л хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг онцолж буй аж. Өнөөдрийн форумыг АХБ хамтран зохион байгуулсан юм.

Азийн хөгжлийн банк 10 гаруй аж ахуйн нэгжид шууд хөрөнгө оруулалт хийжээ. Эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахад ямар салбарт хөрөнгө оруулах талаар АХБ-тай хэлэлцэж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд ярьж байлаа.

Форумд АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри тэргүүтэй тус банкны банк, санхүү, зээл, хөрөнгө оруулалт хариуцсан багийнхан, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм. Тэд АХБ-наас хувийн хэвшилд олгох санхүүжилтийн тэргүүлэх чиглэл, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн нийтлэг нөхцөл, өргөдөл гаргах үйл явцыг танилцуулсан. Тус банкны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри “Ирээдүйд хөрөнгө оруулахдаа стратегиа илүү харж, Монгол Улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт ямар хувьсгал авчирч болох вэ гэдэг талаас хөрөнгө оруулалтаа уялдуулаад явах нь зөв гэж харж байгаа” гэсэн юм.

Хувийн хэвшилд онцгойлон хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж буй талаараа чуулганы үеэр онцлон тэмдэглэсэн. Ялангуяа цэвэр, ногоон, эко эдийн засаг бий болгоход анхаарна гээд энд газрын ховор элементийн олборлолтыг дурдаж, Монгол Улс олон улсын түвшинд тус металлын 17 хувийг нийлүүлэх боломжтой байгааг хэллээ.

Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин тийм ч таатай биш гэдгийг ч мөн оролцогчид хэлж байна. Тиймээс аль ч салбарт хөрөнгө оруулахад эрх зүйн зохицуулалт дутагдалтай байгааг анзаарч байгаагаа гадны төлөөлөгчид ярьж байв. Гэхдээ энэ нь АХБ-наас хөрөнгө оруулахад гарч буй асуудал биш. Салбар бүрээс хамаарсан янз бүрийн зохицуулалт бий. Энэ нь хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлж байгааг хувийн хэвшлийнхэн онцолж байлаа.

АХБ Засгийн газартай ажилладаг багтай. Харин одоо хувийн хэвшилтэй ажиллаж эхэлж буй. Тиймээс бид төр, засагтай ажилладаг багтайгаа нийлж байгаад эрхзүйн ямар зохицуулалт дутагдаад байгаа. Түүнийг бүрдүүлэхэд илүү ярьж хэлэлцэж, саад бэрхшээлийг арилгахаар ажиллана гэддгээ АХБ-ны төлөөлөгчид хэлж басан юм. Форумын үеэр АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри “Бид энэ онд түүхэн дээд хэмжээний санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулах салбаруудаа илүү төрөлжүүлж байгаа” гэлээ. АХБ-наас хөрөнгө оруулалт авах боломжтой салбарт дотоодын банк, санхүүүгийн байгууллага, эрүүл мэнд, логистик, тээвэр, газрын ховор элементийг сонирхож буй аж. Дашрамд дурдахад, банк санхүүгийн салбарт багадаа 5-200 сая ам.долларын санхүүжилт олгох бөгөөд активынх нь 25 хувиас хэтрүүлэхгүй гэдгээ танилцуулгын үеэр онцолж байв. Үндсэндээ тус банкны хөрөнгө оруулалтыг авах газрууд гүйцэтгэлд суурилсан санхүүжилт олгох нь гэдгийг анхаарах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 20 (7264)