Б.НЯМСҮРЭН

Кино академийн дээд шагнал  "Оскар" гардуулах ёслол ирэх гуравдугаар сарын 10-нд болно. 96 дахь удаагийн "Оскар"-ын наадамд нэр дэвшин өрсөлдөх уран бүтээлчдийн нэрсийг саяхан зарлаад буй. Тухайлбал, “Алтан бөмбөрцөг” наадамд тэргүүлсэн "Оппенхаймер" 13 номинацид өрсөлдөж буй бол "Poor things"  кино 11, "Цэцэгт сарны алуурчид" 10 номинацид тус тус нэр дэвшиж байна. Харин "Барби" кино энэ удаад найман номинацид нэр дэвшжээ.

"Оскар"-т өрсөлдөж байгаа зарим онцлох нэр дэвшигчдийн талаарх мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Тухайлбал, уугуул америк иргэдийн төлөөлөл болох жүжигчин Лили Гладстоун шилдэгүүдийн төлөө өрсөлдөх болсон нь хэвлэлийнхний анхаарлыг ихэд татаж буй.  Тэрбээр найруулагч Мартин Скорсезегийн “Цэцэгт сарны алуурчид” кинонд Молли нэрт эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.

Лили цэцгийн нэртэй, “Цэцэгт сарны алуурчид” хэмээх кинонд тоглосон индиан гаралтай америк бүсгүй Оскарт нэр дэвшиж байгаа нь нь уугуул америкчуудын хувьд онцгой тохиол юм.

Оскарын шилдэг киноны номинацид нэр дэвшээд байгаа уг кинонд Гладстон нефтээр баян Оклахома мужид баялаг хулгайлахаар шунасан хорон санаатнуудын гарт гэр бүлийн гишүүд нь алагдсан эмэгтэйн дүрд тоглосон юм. Лили мөн өнгөрсөн сард болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал гардсан нь анхны түүхэн тохиолдол болсон билээ.

Лили Гладстон 1986 оны наймдугаар сарын 2-нд Монтана мужийн Калиспелл хотод төрсөн. 2004 онд Вашингтоны Маунтлэйк Террас ахлах сургуулийг төгссөн бөгөөд Монтанагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр, мөн уугуул Америк судлалын бакалавр зэрэгтэй төгссөн байна. Таван настайдаа Return of the Jedi киног үзээд Эвокийн дүрийг бүтээх хүсэл нь түүнийг жүжигчин болоход нөлөөлсөн тухай ярилцлага өгөх үеэрээ дурсан ярьж байжээ.

Төрөлх хотынхоо театрт “Үнсгэлжин”-гийн хойд эгчийн дүрд тоглож жүжигчний карьераа эхлүүлсэн тэрбээр залуучуудад зориулсан Stone Soup Theatre-д тоглож байв. Гладстоны найруулсан анхны кино нь 2012 онд бүтээсэн “Jimmy P: Psychotherapy of a Plains Indian” нэртэй аж.

Дашрамд дурдахад,  Лили Гладстоунаас өмнө 2018 онд уугуул америк гаралтай жүжигчин Ялица Апарисио Оскар гардаж байсан нь анхны тохиолдол болж байв. Мексикийн Тлаксиако дахь уугуул америк гаралтай эцэг эхтэйгээ өссөн Ялица Апарисиог “TIME” сэтгүүл 2019 оны “Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүс”-ийн жагсаалтад багтааж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)