Доржийн ОЮУНЧИМЭГ
Сар шинэ дөхөж байна. Санхүүгийн эрэлт хэрэгцээ ч их байна. Монголчууд жилдээ ганц удаа ах дүүгээрээ айлчилж амьдрал ахуй, ажил төрөл ам мэндээ мэдэлцдэг. Ингэхдээ бэл бэнчингээ “гайхуулах” л хамгийн чухал мэт аашилцгаана. Жилээс жилд үнийн өсөлт хүмүүсийн халаасыг сэгсэрч байна. Тэр дундаа цагаан сар илүү ихээр зарлагадахад хүргэдэг. Сүхбаатар дүүргийн иргэн Д.Тайван “Энэ жил өмнөх жилээс нэг сая гаран төгрөгөөр илүү зардал гарч байна. Юмны үнэ ч их өсч. Хүүхдүүд нэмэр болсон хэдий ч тэтгэврийн зээл хагас жилээр авлаа. Монголчуудын амьдрал ийм л байна шүү дээ” гэсэн юм.
Санхүүгийн үйлчилгээг банк, банк бус, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, хувь хүн гээд олон сувгаас авч болдог. Банк, банк бус, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хийдэг. Үүнд ломбард бас хамаарна.
Өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөн зээлийн /ломбард/ үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ. Энэ нь ирэх гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцжээ. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийг УИХ-аас байгуулсан. Тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард гэдгийг мэргэжлийн эх сурвалж тодотгож байв. Учир нь мөнгөтэй л бол хувь хүн ч “зээл олгоно”. Тэр ч бүү хэл өдрөөр зээл гаргана гэх утгатай зар цахим орчинд харагдаж байдаг. Ялангуяа онлайн худалдаа эрхлэгчдийн зарын дор зээл олгоно гэх агуулгатай зар байх бөгөөд харахад байгууллага мэт боловч харилцахаар хувь хүн байдаг аж. Баянгол дүүргийн иргэн Ц.Сансар “Би онлайн дэлгүүрээс хэрэглээнийхээ барааг захиалаад авчихдаг юм. Нэг удаа "Зээл олгоно" гэсэн зарын дагуу утасдаад хувь хүнээс хоёр сая төгрөг зээлж цахилгаан хэрэгсэл авсан. Хамгийн гол нь тэр зарыг хараад банк бус байна гэж бодсон. Гэтэл хувь хүн байсан л даа. Нэг сарын хугацаанд би 200 мянган төгрөгийн хүү төлж байгаа юм. Тэгэхдээ хүүгээ хасаад 1.8 саяыг нь авсан. Харамсалтай нь би зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсноос болоод асуудал үүссэн” хэмээн ярьж байв. Энэ мэтчилэн хувь зээл, хувь лизинг гэх мэт янз бүрийн үйлчилгээ нэвтэрсэн. Энэ нь тухайн салбарт олон төрлийн “сонголт” бий болсон мэт боловч зайлшгүй хуулиар, дүрэм журмаар зохицуулалт, хяналт хийх шаардлага бас үүсдэг байна.
Нөгөөтэйгүүр, санхүүгийн чадамжаасаа давсан зээл авах тохиолдол ч гардаг. Хэдийгээр зээлийн мэдээллийн сан гэж байгаа ч давхар зээл гаргах газрууд бий. Банкнаас таны зээл авах дээд хэмжээ хэмээн тодорхой дүн тогтооно. Гэтэл та давхар зээлтэй байж болно хэмээн зээлийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд сурталчилна. Хэн хэнийх нь хэрэгцээ шаардлага байгаа боловч санхүүгийн сахилга бат ирээдүйд илүү чухал. Үүний тулд санхүүгийн боловсролыг бага, дунд сургуулиас эхлүүлэн олгодог болохсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)