Б.АЛТАНГЭРЭЛ
Монгол Улсад жилдээ 1.5 сая тонн хог хаягдал гардаг. Тус хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Гэвч бид хогоо ангилан хаях дадалд хараахан суралцаагүй байна. Мөн бид хугацаа дууссан банкны хуучин картуудаа хэрхэх талаарх мэдлэг хомс шүү дээ. Тэгвэл энэ удаа "Зууны мэдээ" сонин “Zero west” булангаараа банкны хуучин картаа байгаль орчинд хор хөнөөлгүйгээр шийдвэрлэх боломжийг хүргэж байна.
Бидний хийж чадах эхний "Алхам"
Хог гэх тодорхойлолтод бидний халаасанд буй нэг ширхэг чихрийн цаас ч багтах юм. Эх орноо хөрсний бохирдлоос аврахын тулд хамгийн эхэнд бид хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүлэмжийн хий, метан хий зэрэг хорт хийг ялгаруулах үндэс болдог. Тэр дундаа пластик материалаар бүтсэн хог хаягдал хөрсөнд удаан задарч, хор хөнөөл учруулдаг. Хог хаягдлыг бууруулах зорилгоор банкууд хугацаа нь дууссан хуучин картуудыг салбарт хандан хураалгах боломжтой аж.
Хэрэв та анзаарч байсан бол ХХБ-ны салбаруудад хуучин карт хүлээн авах хайрцаг байдгийг харж байв уу? Энэхүү хайрцгаар дамжуулан хугацаа дууссан картуудаа хийж хог хаягдлаас сэргийлэх боломжтой гэдгийг тэр бүр харилцагчид мэддэггүй гэдгийг тэд хэлж байлаа. Биднээс хурааж авсан картуудыг карт устгалын төвд илгээснээр цаашаа хог дахин боловсруулах төвд шилждэг байна.
Бидний хаясан хог хаягдал хаачдаг вэ?
Хүн төрөлхтөн өдгөө жил бүр 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа ороож хүрэхүйц их хэмжээтэй гэвэл та итгэх үү? Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж буй юм. Иймд дэлхий даяар хуванцар бүтээгдэхүүн, гялгар уутнаас татгалзах эсвэл анхнаасаа ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэг байгальд ээлтэй эко шийдлийг сонгож байна.
Хэдийгээр технологи өндөр хөгжсөн ч бид нийт хог хаягдлын 79 хувийг дахин боловсруулахгүйгээр байгальд хаяж, байгаль экологи төдийгүй нийгэм, эдийн засаг, хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулж байна.
Тухайлбал, жил бүр зөвхөн хуванцар хаягдлаас болж далай тэнгисийн 100 мянган амьтан үхэж буй. Дэлхийн банкнаас мэдээлснээр бид энэ асуудлыг шийдэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 онд гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Хүн төрөлхтөн байгальд хаяж буй нийт хог хаягдлынхаа 80 хувийг дахин боловсруулах боломж бий. Энэ хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд болон Парисын хэлэлцээрт нэгдсэн улс орон бүр хог хаягдлыг бууруулах, эко орчныг бий болгохыг дэмжих амлалт өгч, дэлхийн өнцөг булан бүрд хаягдлын эсрэг төрөл бүрийн арга хэмжээ авч, аян, кампанит ажил өрнүүлж байгаа аж.
• Бидний хаясан хог төвлөрсөн цэгт
72 хувь нь очдог
• Хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт
22 хувь нь очдог
• Нийслэлд төвлөрсөн гурван хогийн цэг байгаа ч 80-90 хувь нь аль хэдийн хогоор дүүрсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)