Б.БОЛОР

 

Холын цэнхэр Ховдод Хар-Ус нуурын болор мөнгөн тольтноо “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр хөл хөөртэй болж өндөрлөлөө. Баруун Монгол түмэн 13 ястныхаа соёлын биет болон биет бус өвийг таниулан сурталчилж, ёстой л нөгөө "Монголын нууц товчоо"-нд бичсэнээр “Өвдөг газрыг өлцөртөл, хавирга газрыг халцартал” дөрвөн есийн хүйтэнд ажиггүйхэн бүжин наадах нь бахдалтай.

Анх Хар-Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар 2009 онд эхлүүлж байсан “Мөнгөлөг шагшуурга-2024” ес дэх удаагаа баруун бүсийн хэмжээний арга хэмжээ болон өргөжжээ. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймаг “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярыг зохион байгуулж, баруун бүсэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэнд оролцогчид “ам сайтай” байна. Ирэх жилээс машиныхаа тээшний хэмжээгээр биш бүр илүү зохион байгуулалттайгаар нэгдэж нийлээд павильон, агуулах бэлтгэж оролцох сонирхол үндэсний үйлдвэрлэгчдэд төржээ. 

Баярын нээлтийн ёслол Ховд аймгийн 17 сумын ард иргэдийн төлөөлөл үндэсний дээл хувцсаараа гоёсон жагсаалаар эхэлсэн юм. “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярт Засгийн газар, УИХ-ын гишүүд, баруун таван аймгийн удирдлагууд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд, гадаад, дотоодын жуулчид, олон угсаатан ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн үеэр монголчуудын өвөл цагийн уламжлалт тоглоом наадгайг сурталчилж, олон угсаатны өв соёлыг илэрхийлсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдав.

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Анх 2009 онд Ховд нутгийн малчдын нөхөрлөл нийлээд “Нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя” гэсэн уриан дор зохион байгуулж байсан “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр маань жилээс жилд өргөжин тэлсээр энэ жил баруун бүсийн хэмжээний олон угсаатны өвлийн баяр наадам болон зохион байгуулагдаж байна. Ховд аймаг төдийгүй баруун бүсийн монголчууд маань өв соёлын арвин баялаг өв уламжлалтай ард түмэн учраас түүнийгээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан оролцлоо. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Go Mongolia” аялал жуулчлалыг дэмжих уриан дор өвлийн аялал жуулчлалын сурталчилсан Монголын Улсын хэмжээний томоохон арга хэмжээ болсонд нийт Ховдчууд болон Баруун монголчууд бид их баяртай байгаа. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн туршлагаасаа суралцаж, улам өргөжүүлэн байгаль дэлхийгээ хамгаалан мөсөн дээр машин гаргахгүйгээр зохион байгууллаа. Мөн хогоо хаях, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх, тамхины цэг гаргах зэргээр зохион байгуулалтын асуудлууд дээр нэлээд анхаарсан. Энэ жилийн зохион байгуулалтын ажилд БОАЖЯ, Соёлын яам хамтран дэмжиж ажиллалаа. Нийт Ховдчууддаа болон энэхүү арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийнхандаа баярлалаа” хэмээн хэлсэн юм.

Мөсний баярын үеэр Т.Ундрах, Д.Мөнхцэцэг нарын үйлчид угсаатны хувцас хэрэглэлийг язгуур хэв шинж, онцлогоор нь оёж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг соргогоор анзаарч “Бум ундрах” олон угсаатны дээл хувцасны салон байгуулж нээлтээ хийсэн байна. Салоны нээлтэд зориулж найман угсаатны эрэгтэй, эмэгтэй 16 дээл хувцас хосоор нь оёж шагласан байлаа.

Мөн түүнчлэн “Хамаг Монгол” төсөлд ая дуугаа өргөж явсан Халимаг улсын алдарт дуучин Дмитрий Шагаев нь “Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө” ТББ-ын урилгаар мөсний баярт оролцож, Жангар туулиа хайлахаар ирсэн байв. Дашрамд өгүүлэхэд Жангар туулийн хоёр бадаг Ховд аймгийн орчмоос олдож энэ тууль одоо 19 бадаг болсон гээд сонин сайхан ихтэй наадам байлаа.

Цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярт 600 гаруй өвлөн уламжлагч оролцон урлаг соёлоор үйлчлэн дуу хуур, бүжиг, өвлийн тоглоом наадгайгаа таниулан сурталчилж, олон ястны хоол унд, идээ ундааны соёлын таниулсан үзэсгэлэнг дэлгэж, нүүдэлчдийн ахуй соёлыг өргөн дэлгэр сурталчлан таниулсан юм. Олон нийтийн хөдөлгөөний эрүүл мэндийг дэмжих зорилгоор ард иргэдэд үнэ төлбөргүй тэшүүрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ “Мөнгөн тэшүүр”, флаш моб бүжгийн уралдаан, “Open mic”, “Teen shot” арга хэмжээг ч ганцаарчилсан болон хосын төрлөөр тус тус зохион байгуулагдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)