Б.НАНДИН

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас өрсөлдөхөөр нам дотроо кампанит ажил явуулж байсан Флорида муж улсын захирагч Рон Десантис нэрээ татаж байгаагаа ням гарагт мэдэгдлээ.

“Д.Трамп одоогийн ерөнхийлөгчөөс илүү гэж би боддог. Цаашид Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хэнийг ч дэмжих болно” хэмээн тэрбээр мэдэгджээ. Харин Д.Трамп сонгуулийн сунгаанд Р.Десантисын дэмжлэгийг авсан нь “нэр төрийн хэрэг” хэмээн хариу илэрхийлжээ.

Рон Десантис нэгдүгээр сарын 15-нд Айова муж улсад болсон сунгаанд хоёрдугаарт жагссан боловч Нью-Хэмпширт өрсөлдөгчдөөсөө нэлээд хоцорч байсан юм. Тиймээс ч тэрбээр тус мужид санал хураалт явуулахаас хоёр хоногийн өмнө эл шийдвэрийг гаргасан байна. Дашрамд дурдахад, Рон Десантисаас өмнө Өмнөд Дакота мужийн захирагч Дуг Бёргам, бизнес эрхлэгч Вивек Рамасвами, Сенатын гишүүн Тим Скотт нар Трампыг дэмжиж нэрээ татаж байсан билээ.

Ийнхүү Рон Десантис өрсөлдөөнөөс гарснаар тус намын гол өрсөлдөөнд экс ерөнхийлөгч Доналд Трамп болон Сенатын гишүүн Никки Хэйли нар тунаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)