Д.ОЮУНЧИМЭГ
“Ногдол ашиг хэзээ өгнө гэнэ үү” гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн “трэнд” үг болов. УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг бүх иргэнд эзэмшүүлэх тухай тогтоолын төслийг баталсан. Улмаар ирэх сарын 1-нээс тавны хооронд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах товтой байна. Энэ хуралдаанаар Баялагийн сангийн тухай хуулийг баталж компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тооцжээ.
Ингэхдээ 1072 хувьцаатай нэг иргэнд 116 мянга орчим төгрөг ногдоно хэмээн тооцоолсон байна. Тэгвэл 750 болон 741 хувьцаатай иргэдэд нэгжид ногдох өртөгөөр бодогдох аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн ногдол ашгийн хуваарилалтаар нэгж хувьцаа 108.2 төгрөг. Тэгвэл 750 хувьцаатай бол 81.157 төгрөг харин 741 хувьцаатай бол 80.183 төгрөг авах нь ээ.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. УИХ-аас баталсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна” гэсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана" тэрбээр тайлбарлав.
Гэтэл чуулганаар тогтоол баталж алх цохихтой зэрэгцэн дансанд нь ногдол ашиг орж ирнэ хэмээн хүлээлт үүсэх нь тэр. Цагаан сарын өмнө өгөхийг зорино хэмээн тодотгох нь ч аргагүй. Учир нь энэ удаа ногдол ашиг олгохдоо 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Тиймээс эдгээр шинэхэн хувьцаа эзэмшигчдийг хэрхэн бүртгэх вэ гэдгээс эхлээд бас л ажил хөвөрнө. Зүй нь дээрх хугацаанд мэндэлсэн болон харъяат болсон иргэдийн тоог нягталж гаргахын сацуу ядаж л Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулах шаардлагатай.
Өдгөө 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс монголчуудад хүртээмжтэй болгохын тулд ирээдүйд төрөх иргэн ч хувьцаа эзэмших эрхийг нээх асуудлыг эрхэм гишүүд хэлэлцсэн.
Өнгөрсөн хугацаанд буюу 2019 онд тус компани нийт 2.7 их наяд төгрөгийг борлуулалтын орлоготой байсан. Энэ үед 355.2 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байв. Түүнчлэн 2020 онд 1.7 их наяд, 2021 онд 1.1 их наядын борлуулалтын орлоготой байжээ. Ийнхүү орлого олохтой зэрэгцэн тус компани 2-3 их наядын өрийн үлдэгдэлтэй байсныг тэдний санхүүгийн тайлангаас харж болно. Харин 2022 онд компани 3.5 их наядын орлого олж дөрөв орчим их наядын өр төлбөртэй байж. Гэсэн хэдий ч тухайн үед хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх тухай хэлэлцэж байсан. Энэ үеэр компанийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд илүү өндөр ногдол ашиг авах боломжтой гэж байв.
Ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн БЭТ Ж.Ганбат “Компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Харин өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. Жилийн эцсийн тайлан хоёрдугаар сард гарч, аудитын тоогоор эцэслэгдэнэ. Компани 4.3 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсныг нэг их наяд гаруй төгрөгөөр бууруулсан” хэмээн тайлбарлав.
Сонгуулийн жил “Эрдэнэс тавантолгой”-гоор шоу хийгээгүй хэмээн эрхэм гишүүд учирлах. Гэхдээ хаанаас нь ч харсан сонгуулийн шоу хэмээн хардах хэсэг ч бий. Ямартай ч ногдол ашиг хуваарилах УИХ-ын тогтоол батлагдсан хойно хувьцаатай хүн бүр 116 мянган төгрөг авна хэмээн “муйхар хүлээлт” үүсгэн мухардалд орчих вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)