М.АНАР

Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаанууд гарч байна. “Үндэсний үйлдвэрлэгч­дийн хамгийн их найдлага тавьж хүлээдэг нь сар шинийн өмнөх үзэсгэлэн худалдаа байдаг” хэмээн Содон фүүдс компанийн захирал Г.Нарангэрэл хэлж байлаа. Тэгвэл хүмүүс үзэсгэлэн худалдаанаас бусдад хэрэгтэй атлаа өртөг багатай бүтээгдэхүүн худалдан авахыг хүсч буй. Цахим сүлжээнд кг нь 69 мянган төгрөгийн ааруул олны анхаарлыг татаж байв. Тэгвэл “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ааруул кг нь 25-36 мянгаар, ул боов 5000 төгрөгөөс дээш үнээр борлуулагдаж байна.

“Шинэ зуун айл”-ын “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Үйлдвэрлэгчид, худалдаачид болоод үйлчлүүлэгчид түүгээр нэг хөлхөнө. Үнэтэй, хямд, бас сонголт байгаа эсэх гээд байнга л ярьдаг сэдэв тэдэн дунд үргэлжилсээр. Өрхийн үйлдвэрлэгч Г.Долгор “Өнгөрсөн жилийг бодвол худалдаа сайн байна. Үзэсгэлэн худалдаа нээгдээд хэд хонож байгаа ч автобус явахгүй байгаа нь энд зорьж ирэх хүмүүст хэцүү байна гэх юм. Ихэвчлэн Дүнжингарав худалдааны төвийн тэндээс такси барьж ирдэг гэж байна лээ” гэсэн юм. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ “Шинэ зуун айл” руу автобус явуулдаг болгочихвол хэрэгтэй л байна гэдгийг үйлчлүүлэгчид ч хэлж байлаа.

Монголчууд баяр ёслолын өмнө бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг гэдэг нийтлэг ойлголт бий. Магадгүй өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад “үнэ өссөн” гэх таамаг хүмүүст төрж буй болов уу. Харин “Амар байна уу” үзэсгэлэн худалдааны оролцогчид “Борлуулалт сайн байна. Хоног хугацаа тулахаар илүү хөл хөдөлгөөнтэй болно. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцогчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөөгүй. Өнгөрсөн жилийнхтэй адил үнээр борлуулж байгаа” гэдгээ онцлон хэлж байсан юм. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид “Амар байна уу”-д найдлага тавьж ирсэн аж. Нийслэлийн есөн дүүрэг 21 аймгийн үйлдвэрлэгч, худалдаачид өртөг шингэсэн бүтээгдэхүүн борлуулахдаа үнийн хөөрөгдөлгүй байхыг эрхэмлэж байгаагаа хэлж байв.

Г.Оргилмаа

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл “Итгэлийн оч гал дөл” НҮТББ-ын Сүхбаатар дүүргийн салбар зөвлө­лийн тэр­гүүн Г.Оргилмаа “Энэ жил анх удаагаа “Амар байна уу” үзэсгэлэн худал­даанд оролцож байна. Гэхдээ хөгж­лийн бэрх­шээлтэй иргэн ирж үйлч­лүүлэх боломж хомс юм. Гаднах үүднээсээ эхлээд аюулгүй байдлыг хангахгүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст худалдаа хийх боломжийг нь бүрдүүлэх талд анхаараагүй гэх мэтчилэн асуудал гарч л байна. Ер нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоог хангах асуудлыг орхигдуулж болохгүй юм л даа.” гэв. Тэрбээр бусдыгаа төлөөлж бүтээгдэхүүнийг нь борлуулахын зэрэгцээ үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг учирлав. Гэлээ гэхдээ тэд давуу эрх эдлэх гэсэнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлогт таарсан төлөвлөлт, зохион байгуулалт хийх шаардлага тулгарч байгааг тэрбээр хэлж байв.

Үзэсгэлэн худалдаа баруун, зүүн жигүүрээр тусгаарлагдана. Баруун жигүүрээс зүүн жигүүрт орохдоо дотуур хоолойгоор дамждаг. Гэхдээ тэдгээр байр руу орох шатны цэвэрлэгээ хангалтгүй байхын дээр мөстсөн нь энгийн хүн ч явахад эрсдэлтэй байсан юм. Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх, худалдаа эрхлэхэд тухгүй байна хэмээн хэлж байгаа аж.

Бужигнаж, шахцалдахгүй ч өдрийн турш огт хөл тасрахгүй үйлчлүүлэгчид цуварсаар байгааг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Гар урлалын “MD shop”-ын урлаач “Үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байна. Завсар чөлөөгүй холхиод байхгүй ч хүнээр тасрахгүй л байна. Манай бүтээгдэхүүний хувьд өөрсдийн үйлдвэрлэж, урласан бараагаа үнийн хөөсрөлгүйгээр борлуулж байгаа. Ирэх долоо хоно­гоос илүү хөл хөдөлгөөнтэй болох болов уу гэсэн хүлээлт байгаа” гэлээ.

Ямартай ч үзэсгэлэнд гарч байгаа худалдаачид, үйлдвэрлэгчид борлуулалтдаа анхаарч бэлтгэл ажлаа чамлахааргүй базаасан гэнэ. Мэдээж үнийн хөөсрөлгүй, огцом нэмэгдэл байхгүй гэдгийг тэд онцолж байна. Өнгөрсөн жил “Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж чадлаа хэмээн Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тэгвэл энэ удаагийнх ч мөнгөний урсгалыг дотооддоо шингээх хөшүүрэг болно гэдгийг “Шинэ зуун” айлыг зорих хүмүүсийн хөдөлгөөн, автомашины зогсоолын дүүргэлтээс төвөггүй харж болох юм. Худалдаа эрхлэгчдийн тодорхойлсон “Үнийн хөөсрөлгүй” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)