Б.НАНДИН

 

52 жил Данийн хаан ширээнд заларсан хатан хаан II Маргарет шинэ оны эхэнд суудлаасаа буух болсноо зарлаад байсан. Түүний орыг залгамжлах Данийн хаан Х Фредерик өнгөрсөн ням гаригт хаан ширээндээ заларлаа.

Тус улсын хувьд хаан ширээнд залах ёслолыг сүр дуулиан багатай тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс ч түүний хаан ширээнд залах ёслол Их Британийн хаан III Чарльзын титэм зүүх ёслолтой харьцуулахад даруухан болж өнгөрөв.  Гэвч төрт ёсны түүхэнд томоохонд тооцогдох энэхүү баярыг үзэхээр тус улсын өнцөг булан бүрээс хүмүүс нийслэл хотдоо цуглажээ. Копенгаген хотын зочид буудлууд сарын өмнөөс захиалга нь дүүрсэнийг мэдээлж байв.

II Маргарет хатан хаан Данийн 900 жилийн түүхэнд өөрийн хүсэлтээр суудлаасаа бууж буй анхны эрхэм дээдэс болж байна. Тэрбээр ням гарагт болсон ёслолын үеэр хаан ширээгээ өөрийн хүүд залгамжлуулах тухай албан бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Тэрбээр, шинэ хааныг ширээнд нь залж, “Хааныг бурхан өршөөг” хэмээн адислаад ёслолын ажиллагааг өндөрлүүлсэн юм.

Харин тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен Кристиансборгийн шилтгээн дэх парламентын ордны  тагтан дээр шинэ хааныг өргөмжилснийг ард түмэнд танилцуулан "Эрхэмсэг хаан Х Фредерик мандтугай" хэмээн зарлажээ. 

Энгэртээ одон медалиа зүүж, цэргийн ёслолын дүрэмт хувцас өмссөн 55 настай Фрекерик хаан парламентын ордны тагтан дээрээс ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ сэтгэл нь ихэд хөдөлж, нулимс унагаж байлаа.

"Би улс орныхоо эв нэгдлийг хангасан хаан байх болно гэж мөрөөдөж ирсэн. Би эв нэгдэл, аз жаргалтай улсынхаа төлөө хийх энэхүү үүргээ бахархал дүүрэн, баяр баясгалантайгаар гүйцэтгэх болно” хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

Хааныг ард түмэндээ хандан үг хэлэх үеэр түүний гэргий, шинэ хатан хатан Мэри, угсаа залгамжлах хунтайж Кристиан, 16 настай гүнж Изабел, 13 настай ихрүүд болох гүнж Жозефина ба хунтайж Винсент нар мөн иргэддээ мэндчилжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)