Д.ОЮУНЧИМЭГ
Хөгжлийн банкны хэмээх тодотголтой хэрэг шүүхэд шилжиж шийдвэр гарснаас хойш буюу өнгөрсөн оны долоодугаар сарын 7-ны өдрөөс энэ оны эхэн хүртэл нийт 24.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийжээ. Шүүхэд шилжсэн хэргийн тухайд давж заалдах зэргээр асуудал цааш хөвөрнө.
Нийт 2.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэлтэй гэдгийг Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбек хэлж байна. Тэрбээр чанаргүй зээлийн багц буурахгүй байгаа нь хэвийн зээл чанаргүй ангилалд шилжих эрсдэл байгааг мөн тайлбарлав. Энэ нь тус банкнаас гарсан зээл дийлэнх нь гадаад валютаар олгосноос үүдэлтэйг онцлов. Өөрөөр хэлбэл, төгрөгийн ханш унах бүрт валютын зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өсч байгаа аж.
Өнгөрөгч долооо хоногийн даваа гарагийн байдлаар Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдээ зарласан 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт 1.2 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Харин тайлант хугацаанд анхаарал хандуулах зээлийн багцийн хэмжээ 467.3 тэрбум төгрөг байгаа бол 1.3 их наяд төгрөгийн чанаргүй ангилалд багтах зээлийн багц байгаа хэмээн Хөгжлийн банкны цахим хуудаст тэмдэглэсэн байна. Энэхүү чанаргүй ангилалд багтаж буй зээлийн дийлэнх хувийг Бэрэн, Моннис, Хөтөл, Эрэл компаниудын 800 гаруй тэрбум төгрөг эзэлж буй. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн зарим тохиолдолд барьцаанд тавьсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хурааж авах байдлаар шийдвэрлэж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд барьцаанд тавьсан хөрөнгө байхгүй байгааг мөн албаны эх сурвалж хэлж байгаа юм.
Ямартай ч хоёр жилийн өмнө дампуурлын ирмэгт тулж байсан Хөгжлийн банк өнгөрсөн оны төгсгөлд өөрийн эх үүсвэрээр 2023 онд эргэн төлөх хуваарьтай “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулсан юм. Энэ нь тус банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээх “шалтгаан” болсон хэмээн зарим эдийн засагчид тайлбарлаж байна. Түүнчлэн зээлжих зэрэглэл хэвээр үлдэж банкуудад өгдөг үнэлгээг нэг түвшнээр ахиулсан нь эдийн засагт эерэгээр нөлөөлөх хандлага. Түүнчлэн хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход ч хувь нэмрээ оруулж буй үзүүлэлт аж.
Цаашид зээлийн эргэн төлөлтөд анхаарлаа хандуулахын зэрэгцээ анхаарал хандуулах шаардлагатай, чанаргүй зээлийн багцаа бууруулах нь тэдний үүрэг. Гэхдээ үүнийг зээлдэгчдэд хамааралгүй гэж ойлгож болохгүй. Нийгмийн хариуцлагаа ухамсарлах зээлээ төлж барагдуулах нь аж ахуйн нэгж, байгууллагуудын нэн тэргүүнд эрэмбэлж гүйцэтгэх үүрэг гэдгийг энэ дашрамд сануулъя.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)