Б.НЯМСҮРЭН

АНУ-ын сансар судлалын “Astrobotic technology” компани НАСА-тай байгуулсан гэрээний дагуу "Peregrine" нэртэй, саран дээр буух төхөөрөмжийг бүтээгээд буй. Энэхүү шинэ төхөөрөмжийг “United Launch Alliance” (ULA) компанийн бүтээсэн “Vulcan” пуужин саран дээр буулгахаар сансар огторгуйг чиглэн хоёр хоногийн өмнө хөөрсөн билээ. “Astrobotic technology”-ийн гүйцэтгэх захирал Жон Торнтон "Энэ бол бидний 16 жилийн мөрөөдөл” хэмээн тус түүхэн үйл явдлын нээлтийн үеэр онцолжээ. Төхөөрөмжийг амжилттай хөөрөхийг бэлгэдэж дэлхийн хамгийн хурдан, шонхор шувууны нэрээр нэрлэсэн юм.

АНУ-ын сансар судлалын түүхэн дэх анхны арилжааны хөлөг хэмээн нэрлэгдээд буй “Peregrine” төлөвлөгөөний дагуу, сааталгүй явж чадвал ирэх сарын 23-ны өдөр саран дээр хүрэх юм. Тооцооллын дагуу сарны гадаргуу, цаг уураас шалтгаалан “Peregrine” саран дээр хамгийн ихдээ 10 хоног л байрлах аж.  

АНУ-ын үндэсний сансрын агентлаг НАСА-гийн зүгээс “Peregrine”-ийг хөгжүүлж, шинжлэх ухааны туршилт хийх зарим хэрэгслүүдээ сарны гадаргуу руу хүргэхийн тулд “Astrobotic technology”-д 108 сая ам.доллар төлсөн байна.  Тиймээс ч “Peregrine”-ий сар руу зөөх 20 ачааны тав нь НАСА-гийн шинжлэх ухааны багаж хэрэгсэл юм. Эдгээр нь сарны хөрсний бүтцэд дүн шинжилгээ хийж, ус ба гидроксил молекулуудыг хайж олохоос гадна сарны уур амьсгалыг судлах зориулалттай. Харин бусад 15 ачааг арилжааны зориулалттайгаар, өндөр үнэ төлсөн үйлчлүүлэгчдээс сонгон авчээ. Тэдгээрийн дотор “Elysium Space” болон “Celestis” компанийн нэр дээр илгээсэн нас барсан хүмүүсийн чандар болон АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Жорж Вашингтон, Дуайт Эйзенхауэр нарын ДНХ-ийн дээж багтсан байна.

Ийнхүү сар руу хөөргөсөн ачаанд нас барсан хүмүүсийн чандар зэргийг багтаасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж эхэлжээ. Ялангуяа АНУ-ын уугуул америкчуудын хамгийн том бүлэг болох Навахо үндэстнүүд “Нас барсан хүмүүсийн шарилыг сарны гадаргуу дээр буулгах нь сарыг ариун гэж үздэг олон уугуул соёл иргэншлийг доромжилсон үйлдэл” хэмээн эсэргүүцэж байгаа юм. Арилжааны анхны нислэг хэмээн нэрлэгдэж буй энэхүү сар руу хөөрөх аялалын төлбөрийн хувьд “Celestis” компани зарим нас барсан хүний чандрын дээжийг 10 мянган ам.долларын төлбөртэй тээвэрлэж байгаа аж. 

Эх сурвалж: www.zms.mn