Б.НАНДИН

Францын Ерөнхий сайд Элизабет Борн албан тушаалаасаа огцрох хүсэлтээ ерөнхийлөгч Э.Макронд өнгөрсөн даваа гаригт өгчээ. Түүний хүсэлтийг ерөнхийлөгч хүлээн авсан бөгөөд дараагийн Засгийн газрын тэргүүнийг ажлаа авах хүртэл одоогийн Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Э.Борн тус улсын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд юм. Тэрбээр Ерөнхийлөгч Э.Макроныг дахин сонгогдсоны дараа буюу 2022 оны тавдугаар сард ажлаа  авсан бөгөөд хоёр жил ч бололгүй ийн ажлаа өгч байгаа нь сүүлийн үед багагүй маргаан дагуулах болсон тэтгэврийн шинэчлэл, цагаачлалын хууль тогтоомжтой холбоотой асуудлаас болсон гэдгийг зарим эх сурвалжууд ярьжээ. Хэдхэн сарын дараа Франц улсад болох зуны олимп, Европын парламентын сонгууль зэрэг чухал үйл явдлуудын өмнө ийнхүү Францын Засгийн газрын тэргүүн албан тушаалаасаа бууж байгаа нь анхаарал татаж буй юм. Одоогоор ерөнхийлөгч дараагийн Э.Макрон шинэ Ерөнхий сайдын нэрийг зарлаагүй боловч Боловсролын асуудал хариуцсан сайд Габриэль Атталийг хамгийн өндөр магадлалтай хэмээн бичиж байна.

Эх сурвалж: www.zms.mn