Б.НАНДИН

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Ойрхи Дорнодыг зориод буй. Тэрбээр сүүлийн гурван сарын хугацаанд тус бүс нутагт дөрөв дэх удаагаа ирж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалаа Турк улсаас эхлүүллээ. Тэрбээр Ерөнхийлөгч Р.Эрдоган, Гадаад хэргийн сайд Х.Фидан нартай уулзлаа. Талууд бүс нутагт өрнөөд буй зөрчилт асуудлыг голлон хэлэлцсэн нөхцөл байдлыг намжаахын тулд Иран болон түүнийг дэмжигчдэд нөлөөлөхөд Турк улс багагүй үүрэг гүйцэтгэх боломжтой талаар ярилцжээ. Мөн Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг эрчимжүүлэх, Израилын хүчтэй цохилтын улмаас балгас болж хувирсан Газын зурвасыг дайны дараа сэргээн босгох төлөвлөгөөг мөн хэлэлцжээ.

Истанбул дахь Америкийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр Э.Блинкен айлчлалынхаа үеэр бүс нутгийг сэргээн босгоход санхүүгийн болон санхүүгийн бус хувь нэмэр оруулах, мөргөлдөөн болж буй бүс нутагт олон улсын ажиллагаанд оролцохыг Турк улсаар зөвшөөрүүлэх талаар багагүй хүчин чармайлт гаргана гэжээ.

Турк улсад айлчилсныхаа дараа Э.Блинкен Грекийг зорьж, тус улсын Ерөнхий сайд К.Мицотакистай Крит арал дахь өргөөнд нь уулзжээ. К.Мицотакис болон түүний Засгийн газар Газын зурвасын дайн өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэсэн АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж, нөхцөл байдал цаашид хүндэрсэн тохиолдолд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Э.Блинкен энэ айлчлалаараа Иордан, Катар, АНЭУ, Саудын Араб Израилд очих бөгөөд хамгийн сүүлд Египетээр бүс нутаг дахь айлчлалаа өндөрлөх аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)