Ц.МЯГМАРБАЯР

Дэлхий даяар зэсийн том уурхайнуудын нөөц багасаж байгаа энэ үед 45 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн зэсийн агууламж жишгийг даган буурсан ч зэсийн баяжмалаа хайлуулж  боловсруулах үйлдвэр байгуулах төр засгийн шийдвэр 2023 онд гарсан нь ууган үйлдвэрийн ирээдүйд олох ашиг, үнэ цэнийг улам тодорхой болгож өглөө. Шийдвэр гарснаар хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” эерэг үр дүнтэйгээр амжилттай дуусжээ. Тус үйлдвэр өнгөрөгч онд аранжин зэсээс өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх зорилгоор, зэс утас, кабел болон нунтаг зэс, зэс ялтас үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар зэс утас, кабел үйлдвэрлэх болон нано нунтаг зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулж дууссан бол энэ онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Мөн энэ онд Уул уурхайн биржээр зэсээ борлуулах эхлэлийг тавина. Ажилчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр ҮЭ-тэйгээ тохиролцсон. Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдснаар 900 ажлын байр бий болно. Гэхдээ гаднаас  нэмж ажиллах хүч авахгүй дотоод нөөц бололцоогоо ашиглаж нарийн мэргэжлийн боловсон хүчин нэмнэ. Хүмүүсээ сургаж мэргэшүүлж шинэ ажлын байруудад шилжүүлнэ. Худалдан авах ажиллагааг шууд гэрээгээр биш нээлттэй тендерээр явуулдаг болсноор 2016 онд  шууд гэрээгээр 82.5 хувь нь хийгддэг худалдан авах ажиллагаа 2023 оны байдлаар 92.3  хувь нь нээлттэй болсон. Цаашид тендерийн үнэлгээний хороог хиймэл оюун ухаанаар голчлон хийнэ. Хүний үйл ажиллагаанаас ангид  цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ гэж  тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон 2023 онд хэрхэн ажилласнаа  эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ онцолж байна.

 

2023 онд 39 сая тонн хүдэр олборлож 4.0 их  наяд төгрөгийн борлуулалт хийжээ

“Эрдэнэт” үйлдвэр 2023 онд  39 сая тонн хүдэр олборлож үүнээс 37 сая тонныг нь боловсруулжээ. Нийт 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.0 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулсан байна. Мөн 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь  түүхэнд байгаагүй үзүүлэлт болжээ. 2023 онд үйлдвэрт өргөтгөл хийснээр ийнхүү  олборлолт зургаан сая тонноор нэмэгдсэн. Өнгөрсөн онд баяжмал дахь хүдрийн агууламж багассантай холбоотой үйлдвэрлэл буурахаар байгаа ч алдагдалгүй болж  цэвэр ашиг 819 тэрбум төгрөгөөр давжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 6850  ажилтантай. Энэ нь Монгол Улсын ажил эрхэлж буй иргэдийн 0.6 хувийг, 3.4 их наяд төгрөгийн үйлдвэрлэл нь ДНБ-ий 6.3 хувийг эзэлж байна. Тус үйлдвэрийн 12 тэрбум ам.долларын  экспорт нь манай улсын нийт экспортын 9.4 хувийг, төсөвт төвлөрүүлсэн 1.8 их наяд төгрөг нь нийт төсвийн орлогын 10.5 хувийг эзэлж байна. 2023 оны энэ  үр дүнг, ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулбал, хүдэр олборлолт 12 хувь, боловсруулалт 18 хувь, борлуулалтын орлого 3.2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин өсжээ. Харин 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулбал, хүдэр олборлолт, боловсруулалт нь 6-14 хувиар борлуулалтын орлого 1.8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт хоёр дахин өссөн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж буй 2019-2023 онд өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны ашгаар санхүүжүүлсэн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний, 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, техник, технологийн шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн элэгдлийн хувь хэмжээ, сул зогсолт, төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ зэрэг нь тогтмол буурсан гэлээ. Түүнчлэн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд  бетон хучилттай 12.6 км авто замын ажил, 4.4 км төмөр замын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол, ус хангамж, ариутгах татуургын системийг барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийн дагуу нарийвчилсан зураг төслийн ажил хийж байгаа аж.

 

Жилд 12 сая ширхэг тарьц гаргах автомат хүлэмж байгуулахаар зорьж байна

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цөлжилтийн эсрэг арга хэмжээ төдийгүй дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг. Хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг Монголд анх удаа байгуулан 2022 онд ашиглалтад хүлээн авсан. Хөрсний инновац, биотехнологийн төвийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Мөн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий бүрэн автомат хүлэмжтэй “Мод үржүүлгийн цогцолбор” байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг хоёр дахиа зарлажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)