11-р сарын 21-нд «Нэгдсэн Орос» Бүх Оросын улс төрийн нам Неоколониализмын орчин үеийн практикийн эсрэг тэмцлийг дэмжигчдийн форумыг зохион байгуулах хорооны гуравдугаар хурлыг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Дорнын, Латин Америкийн, Өмнөдийн болон Европын улс төрийн тэргүүлэх намуудын удирдах байгууллагуудын гишүүд оролцов.

Оролцогчид олон туйлт ертөнцийг бий болгох явцад Барууны орнууд саад болох оролдлого хийж буйтай холбогдуулан ийнхүү форматын уулзалт эрэлт хэрэгцээ өндөртэй байна хэмээн санал нэгдэв. Барууныхны идэвхтэй сурталчилж буй “дүрэмд суурилсан дэг журам” гэгч нь колоничлолын шинэчлэгдсэн хувилбар ба ЕХ-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелийн «Европ бол диваажингийн цэцэрлэг, харин дэлхийн бусад хэсэг бол ширэнгэн ой» хэмээн нийтийн өмнө ил тод мэдэгдсэн нь Барууны «онцгой байдлын хам шинж»-ийг тодорхойлсон гол шинж чанар болов.

Дэлхийн өмнөд хэсэгт колоничлолын өв өнөөг хүртэл хадгалагдсаар байна. Олон улсын хөдөлмөрийн хуваарилалт колони байсан орнуудад ашиггүй байгаа ба метрополь байсан төвүүдийн тогтоосон зохиомол улсын хилийн зурвасууд нь элдэв мөргөлдөөний шалтгаан болсон хэвээр байна. Энэ бүхэн нь нийгэм, эдийн засгийн суурь дэд бүтэц дутмаг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдалд хүргэж байна.

Неоколониализмын орчин үеийн практик нь олон улсын тусламж үзүүлэх асуудал дээр хамгаас тод харагдах ба энэхүү тусламж нь бодит амьдрал дээр ярьдгаас хамаагүй хязгаарлагдмал юм. Тодруулбаас ийнхүү тусламж нь дэлхийн ДНБ-ий 0.2 хувьд ч хүрдэггүйгээс гадна хүмүүнлэгийн түргэн тусламж нь ердөө 0.03 хувь байна. Тэр байтугай татаас авч буй орнуудын тусламж хэмээх орох хөрөнгийн урсгал нь үндэстэн дамнасан корпорацуудын ашгаас бүрдэх гарах санхүүгийн урсгалаас хэд дахин бага байдаг.

Уур амьсгалын хөтөлбөр ч гэсэн шинэ колоничлолын үзэл санааны дагуу хөгжиж байна. Барууны орнууд санхүүгийн тусламж амласныхаа хариуд эрчим хүчний хэрэгцээгээ хангах чухал ашигт малтмалыг давуу эрхээр авч байна. Үүний зэрэгцээ олборлолт явагдаж буй орнуудад «ногоон» технологи нэвтрүүлэх тухай асуудлыг хөндөхгүй байгаа ба уул уурхайн олборлолтоос үүдэн орон нутгийн ард иргэдэд учирч болох байгаль орчны эрсдэлийг тооцохгүй байна. Улам их хөгжиж буй орнууд нүүрстөрөгчийн хилийн зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх төлөвлөгөөг өөрсдийнх нь өсөлтийн хэтийн төлөвийг сулруулж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчиж, уур амьсгалын өөрчлөлтөд өндөр хөгжилтэй орнууд гол үүрэг хариуцлагатай байгааг үл тоомсорлож буй барууны шинэ протекционист арга хэмжээ гэж үзэж байна.

Цахим орчинд ч мөн неоколониализм хөгжиж байна. Тухайлбал, Америкийн мэдээллийн технологийн монополистууд АНУ-д ашигтай мэдээллийн хөтөлбөрийг боловсруулж, нэвтрүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хахуульдан худалдан авч, цензур ашиглаж, үг хэлэх эрх чөлөөг боомилох бусад бичигдээгүй хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байна. Барууны орнууд мэдээ мэдээллийг сайтар шүүснээр өөрсдийн үнэт зүйлсийг дэлгэрүүлэхийг тууштай хичээж байна. Тэдний нэвтрүүлэх гээд буй үнэт зүйлс нь бусад улс орнуудын уламжлалт үнэт зүйлс, соёл, ёс суртахууны зарчмуудтай ихэвчлэн зөрчилдөж, ард түмний үндэсний болон угсаатны өвөрмөц байдлыг арилгаж байна.

Шинэ колоничлолын хандлага нь олон улсын байгууллагуудад ч нэвтэрч байна. Барууны орнууд нь олон улсын байгууллагуудын тамгын газруудыг «хувьчилж», өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалахад ашиглаж, олон улсын платформыг дэлхийн шинэ хүчний төвүүдийн эсрэг хосолмол (hybrid) дайны «фронтын шугамууд»-ын нэг болгон ашиглахыг эрмэлзэж байна. Үүний үр дүнд НҮБ-ын холбогдох байгууллагууд тогтвортой хөгжлийг хангах үүргээ биелүүлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч ийнхүү хорлонтой үйл ажиллагаа нь БРИКС, ШХАБ, ЕАЭЗХ (Евроазийн эдийн засгийн холбоо) зэрэг орчин үеийн бие даасан байгууллагуудын үйл ажиллагаанд саад болж чадахгүй.

Улс орнуудын эрх тэгш байдлын зарчимд тулгуурласан дэлхийн хөгжлийг сааруулах гэсэн Барууны орнуудын оролдлогын эсрэг чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг нэгтгэх нь Неоколониализмын орчин үеийн практикийн эсрэг тэмцлийг дэмжигчдийн форумыг үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулснаар үргэлжлэх болно. Энэхүү арга хэмжээг 2024 оны хоёрдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 255 (7240)