Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эмэгтэйчүүдийг үл тоох хандлага эхэлжээ. Хэдэн мянган жилийн турш тогтсон энэхүү хандлага өдгөө зан заншил болон хувирч  санамсаргүй байдлаар зөвхөн эрчүүдэд үйлчлэх ертөнцийг бүтээж байна. Тиймээс бид “Жендэрт суурилсан өгөгдлийн цоорхой буланг” нээж эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй асуудлыг цувралаар хөндөж эхэлсэн билээ. Энэ удаа хүний анхдагч хэрэгцээ болох бие засахад эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх таван цувралыг тоймлон хүргэж байна.

 

Сургуулийн орчинд охидын бие засах эрх зөрчигджээ

 

Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин их цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг байна. Тиймээс бид эхний цувралдаа сургуулийн орчинд ариун цэврийн байгууламж ямар байгаа талаар сурвалжилсан юм. Хувийн болон улсын хэд хэдэн дунд сургуулиар ороход эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байв. Гэвч сургуулийн орчинд охидын ариун цэврийн өрөөний гадаа үргэлж урт дараалал үүссэн байдаг ажээ. Өнгөцхөн харахад нийтийн эзэмшлийн талбайд эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөг ижил тэнцүү байх нь зөв мэт. Харин биологийн хэрэгцээнд тулгуурлавал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө олон байх нь зүйтэй. Энэ талаар хоёрдахь нийтлэлдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Насанжаргалтай ярилцахад  “Анатомийн бүтцээр нь авч үзвэл эрэгтэй хүний шээс дамжуулах суваг буюу гадна шээсний сүвнээс давсаг хүртэлх зай 20 см, эмэгтэй хүнийх гурван см байдаг. Өсвөр насны охидын 80 хувьд, нөхөн үржихүйн насны насны эмэгтэйчүүдийн 20-25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ солих хэрэгтэй. Жирэмсэн үед бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд 25 хувиар нэмэгддэг. Мөн олон удаа төрсөн эмэгтэйчүүдийн шээс нь задгайрдаг. Эдгээрээс шалтгаалан олон удаа бие засна. Эмэгтэйчүүд ариун цэврийн өрөө оролгүй хэт удснаас болж давсаг болон шээс дамжуулах замын үрэвсэл, өвчлөлд өртөх нь элбэг. Өсвөр насны охид ариун цэврийн өрөө оръё гэдгээ багшдаа хэлэхээс ичдэг. Үүнээс үүдэж цистит буюу давсаг, шээсний замын үрэвсэлтэй болдог. Гэвч энэ төрлийн судалгаа байдаггүй учраас манай улсад ихэвчлэн ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа юм. Ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлаас шалтгаалан эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг” гэсэн юм. "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ын үүсгэн байгуулагчдын нэг, зөвлөх Б.Золзаяа “Манай улсад жендэрийн мэдрэмжгүй шийдвэр, шийдлүүдээс үүдэж нийгэмд эмэгтэйчүүд хохирох нь их байна. Ариун цэврийн өрөө эрэгтэй гурав, эмэгтэй байх нь зөв. Ингэснээр эмэгтэйчүүдийн бие засах хэрэгцээг хангана. Манай улсад шийдвэр гаргаж байгаа ихэнх хүн нь эрэгтэйчүүд байдаг. Дээр нь тэдний олонх нь судалгаа шинжилгээнд суурилсан шийдвэр гаргах хандлага дутмаг, харин хувийн үзэмж, туршлага дээр суурилан олонхын амьдралтай холбоотой шийдвэр гаргах нь их байна" гэлээ. 

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан болон Нийгмийн ажлын хөгжлийн төв Төрийн бус байгууллага хамтран Монгол Улсад анх удаа сарын тэмдгийн үеийн охидын сэтгэл зүй, ариун цэврийн талаар судалжээ. Судалгаагаар сарын тэмдгийн үед  охид сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг байна. Үүнд, бусдаас ичих, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүйтэх, оролцох идэвх нь сулрах, ангийнхаа бусад хүүхдээс зай барих, хичээлээс анхаарал нь сарних, сарын тэмдгийн үед ариун цэвэр сахих хувийн орон зай бүхий ариун цэврийн байгууламж дутагдах зэрэг олон асуудал байна. Үүний улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх нь илт буурах, цаашилбал хичээл таслах явдал гардаг ба энэ нь тэдний сурлагын амжилтад төдийгүй бие, сэтгэл санааны байдалд таагүй нөлөө үзүүлж байна. Тэгвэл сургуулийн орчинд охид хэт их ариун цэврийн өрөө оръё гэдэг учраас завсарлагаа болтол хүлээлгэх тохиолдол их гэдгийг хэлж байлаа. Энэ тухай XI ангийн сурагч Ц.Наран “Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болдог. Заримдаа хичээлийн дундуур гарах шаардлага үүсдэг. Гэвч багш заавал завсарлагаанаар гарахыг шаарддаг. Гэвч завсарлагааны хугацаа маш богино. Заримдаа завсарлагаанаар тухтай ариун цэврийн өрөө орж чаддаггүй. Мөн охидын ариун цэврийн өрөө үргэлж дараалалтай байдаг учир хичээлийн дундуур гарах нь илүү амар байдаг” гэсэн юм.

 

Эмэгтэйчүүдэд ээлгүй төрийн ордон

 

Гуравдахь цувралаа шийдвэр гаргах түвшнийхэн буюу төрийн ордны ариун цэврийн өрөөний харьцаа хүний эрхийг зөрчсөн, жендэрийн мэдрэмжгүй зохион байгуулалтай байгааг онцолсон. Тодруулбал, ариун цэврийн өрөөнүүдийн ихэнх нь хоёр эрэгтэй суултуур, хоёр босоо шээлтүүр, нэг эмэгтэй суултууртай. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй ариун цэврийн өрөө байгаа юм. Төрийн ордонд хэчнээн хүн ажиллаж байгаа болон өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг, түүний хэд нь эрэгтэй, эмэгтэй талаар Их хурлын тамгын газар, хамгаалалт болон санхүүгийн албанаас асуухад “Энэ талаар судалгаа хийж байгаагүй. Мэдээлэл байхгүй. Мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. Төрийн ордноор үйлчлүүлж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоон мэдээлэл байхгүй учир ажиглалт хийсэн юм. Тухайлбал, төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт гишүүдийн ажлын алба болон хэвлэл мэдээллийн албаны 44 хүн ажилладаг аж. Тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд байв. Өөрөөр хэлбэл, 26 эмэгтэйд хоёр суултуур, 18 эрэгтэйд гурван суултуур, хоёр босоо шээлтүүр оногдож байв. Төрийн ордон эмэгтэйчүүд ээлгүй байгааг үүнээс харж болно.

 

Хүний эрхийн мэдрэмжгүй “Хүний эрхийн байгууллагууд”

 

Хүний эрхийг хангагч байгууллагууд болох Хүний эрхийн үндэсний комиссын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байсан бол Жендэрийн үндэсний хороо хоёр эрэгтэйд хоёр, 12 эмэгтэйд хоёр ариун цэврийн өрөө ногдож байсан юм. Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрт уриатай Хүний эрхийн үндэсний комисс нь Засгийн газрын 12 дугаар байрны хоёр давхарт байрладаг. Нийт 70 гаруй ажилтантай бөгөөд үүний 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй. Ариун цэврийн өрөөний хувьд давхар бүртээ эрэгтэй, эмэгтэй дөрвөн өрөөтэй байв. Үүнээс харахад 39 эмэгтэйд дөрвөн ариун цэврийн өрөө, 31 эрэгтэйд дөрвөн өрөө ногдож байна. Харин Жендэрийн  үндэсний хороо 14 ажилтантай. Үүний хоёр нь эрэгтэй, 12 нь эмэгтэй. Ариун цэврийн өрөөний хувьд давхар бүртээ эр, эм нэг өрөөтэй. Өөрөөр хэлбэл хоёр эрэгтэйд хоёр ариун цэврийн өрөө, 12 эмэгтэйд хоёр ариун цэврийн өрөө ногдож байна. Ажилчдын хүйсийн харьцаа зөрүүтэй учир хоёр давхрын эрэгтэй ариун цэврийн өрөөг эмэгтэйчүүд нь ашигладаг байна. Энэ талаар олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн М.Баянзул “Энэ байр нь манай өөрийн байр биш. Түрээсийн байр. Зүүн жигүүрт эрэгтэй, баруун жигүүрт эмэгтэй ариун цэврийн өрөө байрладаг. Хоёр эрэгтэй ажилтан маань нэг давхарт суудаг. Тиймээс бид хоёр давхрын ариун цэврийн өрөөг эр, эм гэж ялгалгүй ашигладаг” гэсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад USC 140B:2022 Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавих техникийн шаардлага, хотын стандартын нийтийн бие засах газрын ерөнхий шаардлагын 4.13-т “Ариун цэврийн байгууламжийг үйлчилгээний ажилтнууд гэх мэтчилэн тусад нь төлөвлөх хэрэгтэй. Ариун цэврийн хэрэгслийн тооцоонд архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрөөр заагаагүй бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцааг 1:1 харьцаатайгаар авна” гэжээ. Энэ нь хот төлөвлөгчид жендэрийн мэдрэмжгүй төлөвлөлт хийж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй нэг жишээ юм. Мөн хүний эрхийг дээдлэгч, хангагч байгууллагууд эмэгтэйчүүдийн бие засах хэрэгцээг хэр зэрэг чухалчилж байгааг дээрх сурвалжилгаас харж болно. Мөн тэд хүний эрхийн асуудалд бусдыгаа манлайлж ажиллах ёстой билээ.

 

Арилжааны банкууд хүний эрх зөрчиж байна

 

Тав дахь цувралдаа арилжааны банкуудын ариун цэврийн өрөөний хүртээмжийн талаар нийтэлсэн. Хүмүүсийн өргөнөөр үйлчлүүлдэг арилжааны таван банк байдаг. Аль ч салбараар орсон урт дараалалтай байх нь хэвийн үзэгдэл. Тэгвэл эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.5-д “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан үйлчүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг. Гэвч банкаар үйлчлүүлэхээр дугаарлах иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх нэг ч банк байсангүй. Гэтэл бүх банк иргэдэд үйлчлэх ариун цэврийн өрөөтэй. Энэ талаар Спортын төв ордны урд байрлах Хаан банкны салбарын ахлах, харилцааны менежер Б.Билгүүн-Эрдэнэ “Хаан банкны бүх салбарт ариун цэврийн өрөө бий. Иргэд ариун цэврийн өрөө хаана вэ гээд асуувал хамгаалагч зааж өгдөг. Манай салбарын ариун цэврийн өрөөгөөр гадуур явж байгаа хүмүүс ч үйлчлүүлж байгаа харагддаг” гэсэн юм.

Харин СТӨ-ний ард байрлах Хас банкаар орвол ариун цэврийн өрөө нь нэг давхартаа байрлажээ. Гэхдээ ажилчид үнэмлэхээрээ нэвтрэх ёстой хаалганы цаана нэг эрэгтэй, нэг эмэгтэй өрөө байх аж. Харилцагч үйлчилгээний ажилтнаас иргэд үйлчлүүлэх боломжтой эсэх талаар асуухад “Иргэд үйлчлүүлэх боломжтой. Ариун цэврийн өрөө ормоор байгаагаа хэлвэл манай хамгаалагч үнэмлэхээ дарж өгдөг” гэсэн юм. Харин 13 хорооллын автобусны буудлын урд байрлах Голомт болон Төрийн банкаар орвол багагүй ачаалалтай, дугаараа хүлээж суух үйлчлүүлэгч олон харагдлаа. Ариун цэврийн эрэгтэй, эмэгтэй нэг өрөөтэй бөгөөд иргэд үйлчлүүлэх боломжтой” гэсэн юм. Харин банкаар үйлчлүүлж буй ахмад настан Д.Сүрэн “Би 13 хороололд амьдардаг. Автобусны буудлын ард байрлах Төрийн болон Хаан, Голомт банк ариун цэврийн өрөөгөө хэрэглүүлдэггүй. Ахмадууд тэтгэвэр буух үеэр банкны салбараар үйлчлүүлдэг. Бөхийн өргөөний хажууд байрлах Төрийн банкаар үйлчлүүлэх гээд сууж байхдаа ариун цэврийн өрөөг нь ашиглаж бие засмаар байгаагаа хэлсэн. Гэтэл засвартай байгаа гээд оруулаагүй. Өөрсдөө ариун цэврийн өрөө рүүгээ орж, гараад яваад байсан” гэв. Монголын арилжааны банкууд ийнхүү үйлчилгээний хууль зөрчихөөс гадна хүний эрхийг зөрчиж байна. Тодруулбал, дээр дурдсан эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.5-д болон эмэгтэйчүүдийн биологийн ялгаатай байдлыг үл харгалзан эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний тоог тэнцүү байрлуулсан байгаа юм.  Монгол Улсын парламент, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, арилжааны банкууд хүний эрхийн асуудалд манлайлж оролцох ёстой. Гэвч бодит байдал дээр хүний эрхийг зөрчиж байгаа нь харамсалтай. Энэ тухай МУИС-ийн Социологи, нийгмийн тэнхимийн эрхлэгч М.Батбаатар “Олон улсын парламентын холбооноос Монгол Улсын парламентын хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх үнэлгээг энэ жил анх удаа хийх гэж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэх талаар би шинжээчээр ажиллаж байна. Парламент хүйсээс хамаарсан орчны ялгаатай байдлыг хангах хэрэгтэй. Тодруулбал, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан өрөө болон биологийн ялгаатай байдлыг харгалзан эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоог нэмэх хэрэгтэй. Эрчүүд ихэвчлэн босоо шээлтүүрт бие засдаг. Төрийн ордны ариун цэврийн өрөөнд хоёр босоо шээлтүүр байхад суултуур хоёр байх шаардлагагүй. Харин эмэгтэйчүүдийн суултуурын тоог нэмэх нь зөв. Анзаарвал манай улсын ихэнх байгууллагын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байдаг. Тэгвэл байгууллагын соёлыг төлөвшүүлэх хүрээнд парламент ариун цэврийн өрөөний хүртээмж, хүүхэд хуурайлах, хөхүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие засах өрөөний стандартыг бий болгож, үлгэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл, төрийн ордны эмэгтэй ариун цэврийн өрөөний тоог нэмж, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд төр өөрөө үлгэрлэх ёстой” гэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)