П.АМГАЛАН

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээ өчигдөр Сөүл хотноо эхэллээ. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар Хэлэлцээний багийн ахлагчийн хувиар нээлтийн үг хэлж, хэлэлцүүлгийн эхлэлийг тавилаа.

Хэлэлцээ нь арванхоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны бусад салбарыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр хэлэлцээг нарийвчлан өрнүүлэх юм.

Энэхүү хэлэлцээр нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах зорилготой.

Эх сурвалж:www.polit.mn