Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Монгол 15 жилд 816 тэрбум төгрөг зарцуулсан ч утаанаасаа салж чадсангүй

 

Улаанбаатарчууд бид жил бүрийн өвөл утаа, автозамын түгжрэл, халтиргаа  гулгаатай нүүр тулдаг. Тэгвэл бид өнгөрсөн 15 жилд 816.3 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн 153.3 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулжээ. Тодруулбал, 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна.

Харин 2017-2020 оны хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 2023 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт нийтдээ 27.2 тэрбум төгрөг суулгасан юм. Гэвч 2014 онд 45 мянга, 2023 онд 80 мянган утаагүй зуух тараалаа.

Өнөөдөр байдал өөрчлөгдсөнгүй. Тиймээс дэлхийн улс орнууд утааг хэрхэн ялсан тухай энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.

 

Хятад: Орон сууцжуулж утаанаас салжээ

Аж үйлдвэр хөгжихийн хэрээр утаа нь ихсэж, савласан агаар худалдан авах хэмжээнд очиж байсан БНХАУ эдүгээ хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагджээ. 2014 оноос тус улс агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, агаарын бохирдлын эсрэг тусгай цагдаагийн эргүүл гаргах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байсны дүнд бохирдлоо мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж чаджээ.

Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч буюу 100 метр өндөртэй цамхгийг барьжээ. Тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан ба PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурчээ. Мөн 2018 онд Бээжингийн захиргаа агаарын бохирдол ялгаруулж буй 553 төрлийн автомашиныг хориглох шийдвэр гаргаж, цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжжээ. Мөн өдөрт 60 кг хүчилтөрөгч ялгаруулах  оффис, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим "ногоон" барилгыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцрыг багасгажээ. Дэлхийн хамгийн анхны ойн хотоос гадна Хятад улс дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээн босгож агаарын бохирдолтой тэмцэж байна. Үүнээс гадна өнгөрсөн онд л гэхэд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцжуулжээ. Ингэхдээ түрээслэх, худалдан авах боломжийг хослуулсан шинэ журмыг хэрэгжүүлсэн байна.

 

Франц: Автомашиныг дугаарын хязгаарлалттай явуулснаар утаагаа бууруулжээ

2015 оны хавар Парис хотын иргэд нийслэлийнхээ агаарын чанар муудаж байгаа талаар гомдол гаргах болжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больсон байна. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд, гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрд уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэжээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм.

Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж. Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, хүмүүсийг машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж, тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ. Парис хотын дарга Анн Идалыо 2020 он хүртэл дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох санал тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил зуухны хэрэглээг хоригложээ. Ингэснээр утаагаа багасгаж чаджээ.

 

Грек: Цахилгаан халаагуураар агаарын бохирдлыг шийджээ

Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Грекийн нийслэлийн иргэд ч ил зуух, халаагуур зуух хэрэглэдэг болохоор хууль бусаар мод огтолж, агаарын чанарт нөлөөлдөг байна. Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж нэг шоо метрт 150 микрограммаас хэтэрч (дашрамд дурдахад өчигдөр 100 айл орчимд 14 цагийн байдлаар 815 мкг байлаа) хэт мэдрэг хүмүүс гадаа гарах боломжгүй болох үед сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг галлагаагаа зогсоохыг зөвлөдөг.

Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгийг төр засгаас ойлгож, зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Афинд тэгш тоотой дугаартай автомашинууд тэгш тоотой өдөр, сондгой тоотой нь сондгой өдрүүдэд хотын төв рүү орох эрхтэй.

 

Их британи: Дөрвөн жилийн дотор утааны асуудлаа шийджээ

Английн эрх баригчид цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр дөрвөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ. Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.

Бүх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар  сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ. Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүн амын төвлөрөлтийг сааруулжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 252 (7237)