ОХУ цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украинаас болон Донбассын бүгд найрамдах улсуудаас дөрвөн гарсан 4,8 сая орчим иргэдийг хүлээн авсан ба тэдний 700 мянга гаруй нь хүүхдүүд байв. Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эх ба ойр дотнын бусад хүмүүстэйгээ ирсэн ба тэдний дунд өнчин, эцэг эхийн асрамжгүй үлдсэн хүүхдүүдэд зориулсан дотуур байрны сурагчид гээд нийт 2 мянга орчим хүүхэд байв. Тэдний хууль ёсны төлөөлөгчөөр нь эдгээр байгууллагуудын захирлууд болон бусад ажилчид ажиллаж байна.

Дараагаар нь Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсаас нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүдийг асрамжийн төвд нь, эсвэл хилийн зурвас дээр түр байршуулах төвөөс ОХУ-ын бусад бүс нутгийн хүүхдийн асрамжийн газруудад, эсвэл эрх бүхий байгууллагын хүсэлтээр ОХУ-ын иргэдийн түр асрамжид шилжүүлсэн. Насанд хүрээгүй хүүхдүүд төрөл төрөгсөдтэйгөө эргэн учрах боломжтой тул тэднийг түр асран хамгаалахаар шилжүүлэх нь илүү оновчтой хэмээн үзэв.

Одоогийн байдлаар хүүхдүүдийг цусан төрлийн хамаатнуудтай нь уулзуулах хэд хэдэн арга боловсруулаад байна. Нэгдүгээрт, айл өрхүүд асуудлыг өөрсдөө, эсвэл сайн дурын байгууллагуудын тусламжтайгаар шийдэж байгаа ба энэ тохиолдолд төр засгийн болон засаг захиргааны тусламж шаарддаггүй. Хоёрдугаарт, ар гэрийнхэн нь, эсвэл сайн дурын байгууллагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч М.Львова-Беловатай холбоо барьж байна. Гуравдугаарт, хүүхдүүдийн эцэг эх болон бусад ойр дотнын хамаатны хүмүүс нь Украины албан ёсны байгууллагад өргөдөл гаргах боломжтой бөгөөд тэд мөн асуудлыг М.А.Львова-Беловагийн ажлын албанд шилжүүлж байна.

2023 оны 11-р сарын байдлаар Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны шууд оролцоотойгоор 28 айлын 39 хүүхдийг Украин болон бусад улсад амьдарч буй төрөл төрөгсөдтэй нь уулзуулжээ. 2022 оны намар эцэг эхчүүд нь Херсон, Запорожье, Харьков муж болон бусад орон нутгаас өөрсдийн шийдвэрээр Оросын өмнөд хэсэгт байрлах хүүхдийн зусланд амраахаар явуулсан хүүхдүүдийн талаарх мэдээллийг эдгээр тоонуудад оруулаагүй болно.

Хүүхдүүдийг эцэг эх, цусан төрлийн хамаатан садантай нь уулзуулах ажлын ихэнх хэсгийг Украины талтай ажил хэргийн холбоо тогтоосноор гүйцэтгэж байгаа. Энэхүү харилцан уялдаатай хамтын ажиллагаа нь мэдээ мэдээлэл цуглуулах, баталгаажуулах, эрх бүхий байгууллагад хүсэлт илгээх, шаардлагатай баримт бичгүүдийг бэлдэх, ойр дотнынхонтойгоо нэгдсэн хүүхдүүдийг оршин суух газарт нь нүүлгэн шилжүүлэх зэрэг багц ажлаас бүрдэнэ. Энэхүү үйл явц нь Олон улсын Улаан загалмайн хорооны Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Беларусь Улс дахь бүсийн төлөөлөгчдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр явагдаж байгаа. Шаардлагатай тохиолдолд энэхүү үйл ажиллагаанд Италийн Болонья хотын хамба, Италийн хамба лам нарын бага хурлын дарга, Ромын Пап ламын тусгай элч кардинал Маттео Зуппи, мөн Катарын төлөөлөгчид гээд бусад зуучлагчид оролцож байна.

Тиймээс одоогийн байдлаар хүүхдүүдийг эцэг эх болон цусан төрлийн бусад хамаатан садантай нь уулзуулах үр дүнтэй механизм бүрдсэн бөгөөд энэхүү механизм нь хүртээмжтэй, ил тод ба хувь хүн, тодорхой тохиолдол бүрт зориулан өөр өөр арга барилуудыг ашиглах боломжийг олгож байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 251 (7236)