Ц.МЯГМАРБАЯР
Одоогоос арваад жилийн өмнө Улаанбаатар хот 2025 он гэхэд цэвэр усны хомсдолд орно гэж мэргэжилтнүүд анхааруулж шийдвэр гаргах бүх төвшинд хөндөж байв. Хотын цэвэр усны өдрийн хэрэглээ одоогоор 55 сая м3. Манай хотынхон ариун цэврийн өрөөний ус, машин угаах ус, ДЦС-ын техникийн хөргүүр гээд ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний бүх усаа гүний цэвэр усаар хангадаг. Гүний цэвэр усаа гамгүй хэрэглэдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй. Тиймээс Улаанбаатар хотын усан хангамжийн шинэ эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага тулгарсан. Усны салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монголын Мянганы сорилтын сан /Монголын МСС/-аас Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан компакт гэрээний хүрээнд 2018-2026 онд ашиглалтад оруулах хаягдал ус дахин боловсруулах “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн баруун талд 2000м2 талбайд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэр болох Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах хоёр том үйлдвэр Монгол Улсад анх удаа ашиглалтад орох юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын явцтай газар дээр нь танилцсан юм. Компакт гэрээний санхүүжилт болох 350 сая ам.долларын буцалтгүй тусламж Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар төсөл тасралтгүйгээр үргэлжилж 2026 он гэхэд бүрэн ашиглалтад орно. Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл ярихдаа “...Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр өргөжин тэлж буй нийслэлийн хүн амын хэрэглээнд шаардлагатай усаар урт хугацаанд тогтвортой хангах нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн хаягдал усаар эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан хэрэглээг нэвтрүүлж, гүний цэнгэг усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг бууруулж хязгаарлагдмал нөөцийг зохистой ашиглах удирдах боломжийг нэмэгдүүлж буй эко төсөл юм” хэмээн онцлов.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас 55 сая м3 ус дахин боловсруулж ДЦС-уудад техник хэрэглээний зарим хэсгийг хангах зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая м3 гүний усыг хэмнэж, хүн амын унд ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ. ТЭЦ-3,4 станц одоогоор Улаанбаатар хотын усны хэрэгцээний 34 хувийг хэрэглэж байна. Тэгвэл үйлдвэр ашиглалтад орсноор энэ хэрэглээг бүрэн хангах боломжтой гэж барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “М-Си-Эс Проперти” ХХК-ийн Төслийн менежер О.Батзориг ярьсан юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөө”-ний талаар төслийн мэргэжилтэн Б.Батдэлгэр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ төлөвлөгөөний хүрээнд 50 орчим үйлдвэртэй газар дээр нь танилцсан. Арьс шир болон хүнсний үйлдвэрүүд Туул голд хаягдал усаа асгаснаас үүдэж лаг, бохирдол их хэмжээгээр үүссэн. Түүнчлэн хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй бичил биетэн үүссэнийг шинжилгээгээр тогтоосон. Эдгээр бохирдол Төв аймгийн Лүн сум хүртэл урсаж цэвэршдэг юм билээ. Ус сувагт бүртгэлтэй 700 орчим үйлдвэр байдаг ч 280 нь хяналтад байдаг бол 500 нь хяналтаас гадуур усыг ихээр бохирдуулдаг болох нь тогтоогдсон” гэлээ. Цаашид Усны газар Туул голын ёроолд үүссэн лагыг цэвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирж байгаа юм байна. Мөн төслөөс усны хяналтын MNS6561-2015 стандартыг шинэчилж байгааг тодотгож байв. Мөн төсөл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын талаар судалгаа хийж ажиллахын зэрэгцээ жендерийн мэдрэмжтэйгээр үйл ажиллагааг явуулсаар ирснийг мэргэжилтэн н.Хулан, н.Байгалмаа нар онцолж байв.Төслийн хүрээнд Туул голыг бохирдуулж буй 20 орчим үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхээр болсон гэв. Төслийн нэг хэсэгт гэр хорооллын ачилт, зөөврийн 180 худгийг ухаалаг ажиллагаатай “смарт” болгох төлөвлөгөөтэй. Одоогоор 120 худгийг “смарт” болгосон гэлээ. Бүтээн байгуулалт 27 хувийн гүйцэтгэлтэй байна. 2025 оны эхээр туршилт тохируулгыг эхлүүлэхээр ажиллаж байна. 2026 он гэхэд төсөл дуусч ашиглалтыг Усны газар хариуцах ажээ. Ийнхүү 55 сая м3 хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хатан Туул цэвэршиж Улаанбаатар хотынхны гүний цэвэр усны хэрэглээ буурах ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 250 (7235)