Луушаагийн ЦЭЦЭГЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй сонирхол татсан эрхэмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаагийн ээлжит зочноороо “Монголын хийн холбоо”-ны ерөнхийлөгч, “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржавыг урьж ярилцлаа. Монголчуудын дунд асуудал болоод буй агаарын бохирдол болоод түүнээс гарах шийдлийн талаар ярилцсанаа хүргэе.
“ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭС ҮНЭТЭЙ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ”
-Агаарын бохирдлын улирал аль хэдийнэ эхэлчихлээ. Энэ жилийн утаа өмнөх жилүүдийнхээс илүү хүхэрлэг хортой, толгой өвтгөж байгаа талаар иргэдийн гомдол тасрахгүй байна. Тантай өмнө нь уулзаж байхад утаанаас салах шийдэл байгаа ч төр засаг авч хэлэлцдэггүй талаар ярьж байсан. Танд ямар шийдэл байгаа вэ. Энэ тухай ярилцлагаа эхлэе?
-Утааны асуудал бол ганц манай компанийн болон “Монголын хийн холбоо”-ны хийх ажил биш л дээ. Утаа бол хүн бүр санаа тавьж, гар бие оролцох асуудал. Төр засгийн удирдлагууд, хотын дарга нар иргэд гээд агаараар амьсгалж байгаа хүн бүрийн анхаарал хандуулах сэдэв юм. Сүүлийн жилүүдэд манай хийн аж ахуй эрхэлж байгаа компаниуд нэгдээд “Монголын хийн холбоо”-г байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд утааг бууруулах санаачилга гаргаж, төсөл боловсруулаад 2008 оноос үе үеийн хотын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандсан. Бид гэр хорооллыг зөв төлөвлөж, хийн түлшээр халдаг хотхон барих төслүүдийг ажил хэрэг болгох талаар санал бүхий албан бичгүүдийг удаа дараа өгч байсан. Даан ч утаанаас салах бодол манай дарга нарт байдаггүй шиг байгаа юм. Харамсалтай нь өдөр тутмын ажилдаа сатаардаг юмуу, эсвэл хийх ажлаа сайн мэддэггүй юмуу биднийг тоогоогүй. Гэтэл дэлхий даяар хийн түлшээр агаарын бохирдлын асуудлыг шийдэж, утаагүй болж байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Яагаад энэ арга замаар утаанаасаа салж, хурдан шийдэлд хүрдэггүй юм бэ гэж Монгол Улсын Ерөнхиилөгч, Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд, үе үеийн хотын дарга нараас асуумаар байна. Утаа гаргадаг түлшээ, хийн түлшээр сольж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Гэхдээ энэ нь миний, чиний гэхээс илүү төр засаг барьж буй удирдлагуудын бодлогоор шийдэх ажил.
-Магадгүй зарим нь энэ шийдлийг хийн түлшний компаниудыг газаа шахах гэж байна гэж харддаг юм болов уу?
-Мэдэхгүй л дээ. Бид хийн түлш гэдгийг иргэдэд ойлгуулж, сурталчилах гэж олон арга хэмжээ зохион байгуулж, заримыг нь ивээн тэтгэсэн. Үүний нэг нь үндэсний бөхийн барилдаан. Монголчууд үндэсний бөхөө үзэх дуртай учраас бөхөөр дамжуулан, хийж байгаа ажлаа ойлгуулья гэж бодсон нь тэр. Ер нь аргаа барсан хэрэг л дээ. Гэсэн ч иргэд ойлгодоггүй. Дарга нар ч ойлгоогүй. “Монголын хийн холбоо”- ноос олон жил албан бичгүүдийг удаа дараа явуулсны хүчинд 2012 оноос, төр засгийн анхааралд тодорхой хэмжээгээр орсон. Гэхдээ энэ нь хангалтгүй байна. Үнэхээр бидний шийдэл дэмжигдэж, ажил хэрэг болвол өнөөдрийн хамгийн том гамшиг болоод буй утааг 100 хувь шийдэх боломжтой.
-Бас ч гэж тоож эхэлсэн гэдэг нь чамлахааргүй амжилт байх. Харин хэрэгжих эсэх нь цаг хугацааны асуудал бололтой?
-Хангалттай бишээ. Хийн түлшээр халаах ажил 2018 оноос эрчимжсэн. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд байхдаа их зөв шийдвэр гаргасан. Үүний хүчинд Улаанбаатар хотын нүүрсээр ажилладаг бүх зуухнуудыг хийн түлшинд шилжүүлэх тухай, Засгийн газрын 62-р тогтоол гарсан. Тэр тогтоол маш ач холбогдолтой зөв шийдвэр байлаа. Үүний үр дүнд бид 50 гаруй сургууль цэцэрлэгийг, өнөөдрийг хүртэл хийгээр халааж байна. Энэ мэтчилэн хүмүүст эхнээс нь ойлгуулаад явж байна. Та бүхэн боддоо, агаар бохирдуулах 50 яндан хасагдсан гэсэн үг. Түүнээс хойш бид хийн түлшээр халаах систем рүү шилжүүлэх ажлыг эрчимтэй явуулж байсан ч дэлхийг хамарсан цар тахал, улс орнуудын дайн бидний ажилд их саад боллоо.
-Англи улс агаарын бохирдлоосоо хамгийн хурдан салсан түүхтэй. Шийдэл нь өнөөдрийн та бид хоёрын ярьж байгаа хийн халаалт. Энэ мэт бусад орны шийдэл, сайн туршлагыг хэр судалсан бэ?
-Мэдээж судлалгүй яахав. Бидний хийж байгаа гол ажил нь судалгаа шинжилгээ. Мөн бусад орнуудын сайн жишиг байна. Улс орнуудын жишээнээс харахад Англи улс хамгийн хурдан утаанаас салсан гэж таны хэлдэг үнэн. Английн ерөнхий сайд Маргарит Тетчерийг төмөр хатагтай гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Тэрбээр хамгийн хатуу бөгөөд зөв шийдвэрүүдийг гаргаж байсан юм билээ. Нүүрсний уурхайнууд нүүрсээ борлуулахдаа халаалтандаа хийн түлш ашигладаг байсан байгаа юм. Тиймээс тухайн үеийн парламентийн шийдвэрүүдэд нөлөөлж байсан байх гэж би боддог. Маргарит Тетчер нүүрсээ, хийн түлшинд шилжүүл гэсэн шийдвэрийг зоригтой гаргасан. Мөн Солонгос улс байна. Тэд 1994 онд олимп болохоос өмнө халаалтаа газаар шийдэж чадсан. Хамгийн сүүлийн жишээ бол Хятад улс. Бээжин 2016 онд утаатай байсан. Гэтэл 2017 он руу шилжихэд Бээжинг хийн түлшээр утаанаас арилгасан ойрхон сайн жишээ байна. Тэд Индонези, ОХУ, Арабын орнуудаас хийн түлшээ импортлож, хийн нөөц хангамжаа бэлджээ.
-Хийн түлш нь нүүрснээс үнэтэй болохоор ажил хэрэг болгохгүй байна уу. Үнэндээ өнөөдрийн нийгэмд нүүрс түлж чадахгүй айлууд ч олон байгаа?
-Үнэтэйгийн хувьд үнэтэй. Нүүрснээс хоёр дахин үнэтэй. Гэхдээ механик зардал буюу ялгарч буй хорт утаа нь түүнээс ч их зардалтай байгааг ойлгох хэрэгтэй. Хичнээн хүн утаанд хордож, эмнэлэгт хэвтэж байгааг та бүхэн эрх биш хардаг байлгүй. Хүний амь нас эрүүл мэндээс үнэтэй зүйл гэж юу байхав. Саяхан хавдарын эмнэлгийн дарга 10 жилийн дараа монголчуудын дунд уушгины хавдар эрс ихэснэ гэж ярилаа. Өвөлдөө агаарын бохирдлоос болоод хүүхдүүд ханиад хүрч эмнэлгийн ор хүрэлцэхгүй хүндхэн байна. Тэд хүчтэй эмнүүдийг, хүнс шиг л хэрэглэж байгаа шүү дээ. Манай компанийн ажилчид ч ялгаагүй, хүүхэд өвдлөө гээд эмнэлэгт хэвтдэг. Хүүхдээ харж байгаа цаг хугацаа болон алдагдсан боломжийг тооцвол их үнэтэй тусна. Нийгмийн даатгал, компаниуд ч ялгаагүй зардалтай байна. Эдгээр шалтгаанаас болоод эдийн засаг унаж байна. Хэрэв хийн түлшээр дулаанаа шийдчихвэл агаар 98 хувиар цэвэрших боломжтой. Хийн түлшээр халж байгаа сургууль, цэцэрлэгийн галч нар нүүрстэй холилдож халтайдаг цаг ард хоцорсон. Цэвэрхэн, ёслолын шахуу хувцастай л ажлаа хийж байна. Хүсвэл та бүхэн тэднийг сурвалжилсан ч болно. Тэгэхээр нүүрс, үнсний хог зөөх зэрэг зардлуудыг хэмнэж байгаа юм. Цэвэр орчинд байхаар хувцас угаах саван вок, ус, цахилгааны зардал хүртэл бүгд хэмнэгдэнэ. Энэ бүх зардлыг тооцоод үзвэл харин ч хямд тусна шүү. Бид компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн боломжит технологийг судлаад тооцоолол судалгаа хийсний үндсэнд айлуудад хийгээр ажилладаг усан халаалтын зуух тавьсан. Мөн байгууллагуудад хийгээр ажилладаг усан халаалтын зуухаа суурьлуулаад явж байхад хүмүүс нүүрснээс үнэтэй байна гэж хэлдэг л юм. Гэхдээ хэсэг хэрэглэж үзээд тодорхой хугацааны дараа механик зардлаа хэмнэдгийг эхнээсээ ойлгоцгоодог.
“БИД ДЭЛХИЙД ГАЙХАГДДАГ ЭМИЙН УРГАМАЛ, БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙГАА ХАЙРЛАЖ, ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ”
-Хийн түлш нь утааг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй эко бизнес биз дээ?
-Хүмүүс бизнес л гэдэг юм. Гэхдээ энэ бол бизнес биш. Хийн түлш эрхэлж байгаа үйл ажиллагааг бизнес гэж харах хэрэггүй гэж хэлмээр байна. Үнэндээ Монголчуудын хэрэглээ. Манай компани ”Хийн түлш хөгжилд хөтөлнө 330” гэсэн уриатай. Анх байгуулагдаж байхдаа л Монгол Улсынхаа 330 суманд хэрэглээний станц байгуулах төлөвлөгөөтэй ажилласаар ирсэн. Ямарч байсан жилээс жилд энэ зорилгынхоо төлөө хүрээгээ тэлж байна. Өнөөдөр ой мод, заг бударганыг их хэмжээгээр тайрч түлснээс болж, Монгол Улсын ихэнх газар нутаг цөлжилтөд нэрвэгдлээ. Энэ юунаас болж байна вэ гэвэл нөгөө л агаарын бохирдол шүү дээ. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнес эрчимтэй хөгжиж, бизнесээ дагаад автотээврийн салбар ч цэцэглэж байна. Аялал жуулчлал, уул уурхайг дагасан ачаа тээврийн том оврын дизель хөдөлгүүртэй машинуудаас ялгарч буй хорт утаа малын бэлчээр, ундны усыг бохирдуулж үгүй хийж байна. Тэрхүү хорт утаа хөрсөнд шингээд гүний усыг бохирдуулсаар байх уу. Бидний толгой дарааллан хорт хавдраар өвдөөд байгаа шалтгаан нь ердөө л энэ шүү дээ. Угтаа бид дэлхийд гайхагддаг бэлчээрийн мал аж ахуй, олон төрлийн эмийн ургамалтай гайхамшигтай шим тэжээл өгдөг газар нутагтай. Тиймээс энэ онгон тансаг байгалиа тэр хэвээр нь хайрлаж, хамгаалах үүрэгтэй.
Гэтэл дизель, бензин хөдөлгүүрээс ялгарч байгаа хорт утаа нь ургамал, хөрс, усыг хордуулж улмаар тэрхүү ургамал, усыг ууж идсэн малын мах биднийг хорт хавдраар өвчлүүлдэг. Хорт хавдраас сэргийлэхийн тулд бид бүгдээрээ эмнэлэг явдаг биш, хорт хавдрын эхлэл болоод байгаа агаар орчны бохирдлыг бууруулах талаар арга хэмжээ авах ёстой юм. Тиймээс салбарын толгой байгууллага болох “Эрүүл мэндийн яам”, “Байгаль орчин аялал жуулчлалын яам” “Эрчим хүчний яам” “Уул уурхай хүнд үйлдвэрийн яам” зэрэг яамдууд хийн аж ахуйг бодлогоор хөгжүүлэх ажилд гар бие оролцох ёстой гэж бодож байна.
-Танай компани газыг өргөн хэрэглээнд нэвтрүүлж чадсан. Жишээлбэл, гал түлдэг айл болгон галаа газаар төвөггүй асааж байна. Харин орон нутагт, ялангуяа оторт гардаг малчдад ч хэр хүрч байна вэ?
-Тэгэлгүй яахав. Малчид “Дашваанжил” компанийн хамт олны буянаар бид ойн байцаагч нартайгаа муудалцахаа больсон гэж ярьж байна. Заг бударгана модыг түлшинд хэрэглэхээ болихоор иргэдийн хооронд ч зөрчилдөөн үүсэхээ больсон гэсэн. Энэ мэт хийн түлш нь цөлжилтөөс сэргийлэх олон талын ач холбогдолтой. Үүнээс гадна малчид их ажлын хажуугаар гэрээ цаг алдалгүй, хурдан халааж, газаар сүү цагаан идээгээ ч боловсруулж байна. Ноос угаах, хүлэмжээ халаах гээд олон ажил амжуулна. Хүлэмжээ хийгээр халаах сонирхолтой хэд хэдэн компанитай бид хамтарч ажиллалаа. Үүний үр дүнд нь бид эрүүл ногоо иднэ гэсэн үг шүү дээ. Ер нь дэлхийн үйлдвэрлэгч нар хийн түлшийг л үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Тиймээс бид хэрэглээний станциа олон суманд барьж, хэрэглэгчдэд ойртох тусам түүнийг дагасан үйлдвэрлэл хөгжих ач холбогдолтой юм. Энэ зорилгынхоо төлөө орон нутагт хийн хангамжийн станцаа олон болгохын тулд бид шаргуу ажиллаж байна. Хийн хангамжийн сүлжээг байгуулах зураг төслөө хийнэ. Сэлбэг материалыг нь Солонгосоос захиалж авна. Түүнийг угсрах мэргэжлийн ажилчдаа бид өөрсдөө бэлтгэдэг. Манай компани 21 аймгийн 20 гаран суманд автомашин болон ахуйн хэрэглээний баллоны станцыг байгуулсан. Үүгээрээ бид Монголдоо хийн хангамжийн хамгийн том сүлжээг байгуулж чадсан. Цаашдаа 330 суманд салбараа байгуулж, хийн түлшээр явдаг автомашинуудын хэрэглээг өргөжүүлэх бодлоготой ажиллаж байна.
-Танай оффист мэргэжил сургалтын төв байх шиг байсан. Сургалтыг нэлээд өндөр түвшинд явуулдаг байх нь ээ?
-Мэргэжлийн угсралтын ажилчид, гагнуурчдаа бид өөрсдөө бэлтгэдэг. Манай сургалтын албаныхан угсралтын ажлаа хурдан хийхийн тулд хүний нөөцөө бүх чадлаараа дайчилж ажилладаг даа.
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМГИЙН АНХААРАХ ЁСТОЙ АСУУДАЛ”
-Таны ярьж байгаа шийдлийг төр засгаас болон холбогдох яамдууд хотын захиргаанаас дэмжсэн гэж бодьё. Тэр үед танай хийн түлшний холбооноос бүх стандартын дагуу хамтарч ажиллах тоног төхөөрөмж болон хүний нөөц хангалттай байгаа юу?
-Байлгүй яахав. Хамгийн гол шийдэх асуудал бол хийн хангамжийн төлөвлөлтөө юун түрүүнд хийх ёстой. Төлөвлөлт хийснээр тэрхүү төлөвлөсөн газрууддаа хороолол, хотхон барих газрыг нь заагаад өгвөл барилгын компаниуд барина. Хийн хангамжийн норм ба дүрэм гэж бий. Нормын дагуу бид зураг төслөө хийдэг. Хийн хангамжийн зураг төсөл, угсралт холболт хийдэг, Солонгосын инженерингийн хоёр ч компанитай хамтран ажиллаж заавар зөвлөгөө авдаг. Мөн ОХУ-ын -50 градусаас, +40 градуст халдаг хийн түлшийг хэрхэн дамжуулах, норм стандартын дагуу ажилладаг туршлагатай компаниас мэргэжлийн зөвлөгөө авч байна.
Уг нь бид улсын, иргэдийн захиалгаар, технологийг нь хийгээд сайжруулаад явах ёстой. Гэтэл манайхан хотын дахин төлөвлөлтөө хийхдээ халаалтын системээ хэзээ ч төлөвлөдөггүй. Уг нь халаалтын системээ төлөвлөхдөө биднээс зөвлөгөө авч, эхнээс нь хамтарч ажиллах ёстой. “Монголын хийн түлшний холбоо”-ны гурван компани, хийн түлшний бодлогыг холбогдох яамдуудад хэлж ойлгуулж төлөвлөлтийг хийж өгч болно. Мөн хотын удирдлагуудад ч хэлж хийн түлшний төлөвлөлтийг стандартын дагуу хийж өгөх боломжтой. Харамсалтай нь хот төлөвлөлтийн тухай төлөвлөгөө гаргаж, ярилцахдаа биднийг урьдаггүй. 2030-2050 он хүртэлх хот төлөвлөлтийн төлөвлөгөө байдаг ч, тэр нь хэзээ ч хэрэгжихгүй байгаа нь дулаан хангамжийн дэд бүтэц байхгүйтэй холбоотой шүү дээ.
Хот төлөвлөлт яагаад буруу болж байна гэхээр хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаас гарч байгаа дулаан хангамжийн системийн шугам хоолойны хүрэх газар барилга байгууламж төлөвлөдөг. Энэ хэдэн дулааны станцаа өргөтгөнө л гэж ярьдаг. Түүнийгээ өргөтгөхийн тулд дулааны станцаас гарч байгаа бүх шугам хоолойнуудыг өргөтгөх болно. Шугам хоолойнуудыг өргөтгөхөөр дулааны станцынхаа хүчин чадлыг томсгоно. Шугам хоолойг дахин дахин ухаад байгаа нь үүнтэй холбоотой юм. Төвлөрсөн дулааны зовлон гэдэг чинь энэ л дээ. Өнөөдрийн агаарын бохирдол, автомашины түгжрэл бүгд хот төлөвлөлтийн буруугаас болж байгаа. Барилгын норм дүрмийг зөрчиж бариулсан барилга ямар их эрсдэл дагуулдгийг өнгөрсөн зуны үер усны гамшиг харууллаа шүү дээ. Иргэдээ орон сууцжуулахын тулд хотоо зөв төлөвлөсөн бол хэд хэдэн хотхон бариад Улаанбаатар хот аль хэдийнээ цэгцрэх боломж байсан. Мөн шахмал түлшний үйлдвэр барихаас өмнө хийн түлшийг төлөвлөж гаргасан бол, өнөөдөр гарч байгаа зардлаас хямд тусах байсан юм шүү.
Би дахиад хэлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ийн дарга гээд үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг анхааралдаа яаралтай аваасай гэж бид хүсч байна. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэн тэргүүнд санаа тавих асуудал мөн биз дээ.
-Үнэхээр санаснаар болдог бол зөв л шийдэл юм. Гэхдээ одоо өөрчлөлт хийнэ гэдэг амар биш л дээ?
-Тийм л дээ. Гэхдээ зоригтой шийдэмгий алхам хийж байж л бид энэ хүнд үеийг давах болно. Хот яагаад түгжирч байна гээд харахаар дулаан хангамжийн шугам хоолойд ойрхон барилга барих сонирхолтой аж ахуйн нэгж ихэссэнтэй холбоотой.
Одоогийн баригдсан барилга дунд Монгол Улсын дүрэм журмаар баригдсан, шаардлага хангасан барилга хуруу дарам цөөхөн шүү. Ногоон байгууламж байхгүй. Хүүхдийн сургууль, цэцэрлэг байхгүй. Тоглоомын талбай, амьсгалах, агаарлах орчин байхгүй. Ийм хорооллуудыг барилгын компаниуд барьж байна. Үүнийг бариулсан нийт архитекторууд газрын албаныхан, үе үеийн хотын дарга нар, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын ирээдүй эхийнхээ гэдсэнд хордож удамшлын өвчтэй төрсөөр байх болно. Нийслэлийн болон аймгуудын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар тогтоож байна. Үүнийг иргэдтэйгээ ил ярьж, агаарын бохирдлыг хийн түлшний оролцоотой хурдан шийдье гэж уриалмаар байна.
“ХЭЛЭЭД ОЙЛГОХГҮЙ БОЛОХООР ХИЙЖ ҮЗҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА”
-Танай компанийг ажилчдадаа зориулсан хийн түлшээр халдаг хотхон барих гэж байгаа гэж сонссон. Энэ нь сайн жишиг, нэг талдаа хүмүүст ойлголт өгөх боломж болох байх даа?
-Бид ажилчдынхаа орон сууцыг барихаар төлөвлөөд, газраа авч, зураг төслөө боловсруулаад явж байна. Түүнээс гадна нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон гэр хорооллын дулаан хангамж хүрэлцэхгүй байгаа айл өрхүүдтэй тохиролцоод 540 айлын жишиг хотхон барих төлөвлөгөөтэй байна. Хэлээд ойлгохгүй байгаа учраас бид хийж харуулах нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрээд байгаа нь энэ. Гэр хорооллыг яг Хөвсгөл аймгийн ерөнхий төлөвлөгөө, шугам татсан юм шиг шулуун гудамжтай зөв төлөвлөсөн хотыг Улаанбаатар хотод байгуулах хэрэгтэй. Тэгсэн цагт цэвэр усны, бохир усны шугам цахилгаан хангамжийн шугам зэрэг нь эмх цэгцтэй төлөвлөгдөнө. Манай хотхон хэрхэн баригдах вэ гэвэл 540 айл 172400 метр кв талбайд амьдардаг юм байна. Гэтэл 540 айлыг бид 72.000 метр кв талбайд буюу хоёр дахин бага газар оруулах боломжтой. Тэгэхээр 100.000 метр кв талбай чөлөөлөгдөнө гэсэн үг. Тэрхүү чөлөөлсөн талбайд зам гүүр, сургууль цэцэрлэг барих боломжтой болно. Гэтэл өнөөдөр 3, 4 давхар байшингуудаа нураагаад 20 давхар орон сууц бариад байхаар, иргэдийн нягтаршил ихэсч түгжрэл үүсгээд байгаа юм. Тиймээс бид өөрсдийгөө ойлгуулахын тулд 540 айлын жишиг хотхон барьж үзүүлэх гэж байна.
-Монголчуудын ихэнх нь хэнэггүй хүмүүс. Хий алдаад, дэлбэрэх аюул гарахгүй гэх үндэсгүй. Эдгээр эрсдэлээс болгоомжилох ямар зоригтой шийдлийг санал болгож байгаа вэ?
-Эрсдэл ерөөсөө байхгүй. Хийн түлшийг ахуйн хэрэглээний газаас ялгаж салгах хэрэгтэй л дээ. Ахуйн хэрэглээний газ ч аюулгүй байдлыг хангавал ямарч асуудалгүй. Аюулгүй ашиглалт гэдэг ашиглаж байгаа иргэн бүрийн өөрийн хариуцлага. Ахуйн хэрэглээнд хийгээ хэрэглэж байгаа бол зааврыг уншаад хэрэглэнэ. Энэ чинь гар утсаа зааврын дагуу ашиглаж байгаатай л адил асуудал шүү дээ.
Иргэд хийн түлш дэлбэрдэг гэж ойлгоод байгаа. Үгүй л дээ. Дарханд дэлбэрсэн асуудлыг манай баллонтой газнаас болсон гэж хүмүүс үзээд байгаа. Баллонтой хий дэлбэрдэггүй. Хий агаарын холимог дэлбэрнэ гэхээс хийтэй баллон дэлбэрдэггүй юм. Манай хийтэй баллон 3.6 мигафаскал даралт буюу 36 кг сантиметр даралттай болно. Тэр үед нь манай баллон задарна. Ахуйн хэрэглээнд хэрэглээд байгаа баллонууд 3.6-д задарч байна уу гэдгийг манай шинжлэх ухааны академи техникийн их сургуулийн багш нар бүгд шалгасан. Баллоноос болоогүй гэдгийг нь ч нотлосон.
-Аюулгүй ашиглах дүрэм журам гэж байдаг биз дээ?
-Байлгүй яахав. Хийн хангамжийн норм дүрэм зайлшгүй хэрэгтэй гэж үзээд, Монгол Улсын хийн хангамжийн норм дүрмийг 2000 онд гаргасан. Түүнийг дагаад ажлын баг байгуулах шаардлагатай болсон. Тусгай зөвшөөрөл олгохын тулд хариуцдаг яам байх ёстой гэж үзээд, Мэргэжлийн хяналтын газар, эрчим хүчний яаман дээр бичиг баримт боловсруулдаг нэг орон тооны ажилтантай болсон. Эрчим хүчний яамны дэргэдэх нүүрсний газарт хийн аж ахуйн аюулгүйн ажиллагааны дүрэм, хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм даралтад сав төхөөрөмжийг аюулгүй ашиглах дүрэм гээд нийт гурван дүрмийг ОХУ-ын дүрмээс орчуулж гаргаж ирсэн. Хийн хангамжийн норм дүрмийн дагуу зураг төслөө хийж байна. Хийн хангамжийн дүрмэнд заасан заалт байдаг. Тэр нь зөвхөн энэ дүрмийн дагуу биш дэлхийн улс орнуудад мөрдөж байгаа шилдэг норм дүрмийг баримтлан түүнд тулгуурлан хийн хангамжийг шийдэж болно гэсэн заалттай. Тийм учраас бид АНУ, Япон, Солонгос, Герман гээд ямар орнуудын норм дүрмийг хийн түлшний үйлдвэрлэлд хэрэглэх вэ. Хий хадгалах савыг нь хаана суурьлуулах вэ гэдгээ харж байгаад ямар хаалт арматур хэрэглэх вэ гэдгийг тодорхой олж чаддаг.
-Ойрын өдрүүдэд шатахууны хомсдол үүсч, иргэд хаа сайгүй урт дараалалд дугаарлаж байна. Иргэдийн бухимдал ч их байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор асуухад газ тасарна хомсдоно гэж байх уу?
-Газ тасарна гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас л газаар явдаг машины хэрэглээг бид тэлэх хэрэгтэй байгаа юм. Эдийн засгийн хохирол ч бага. Байгаль орчинд ч ээлтэй олон талын ач холбогдолтой л доо. Хотын захиргаанаас цаашдаа нийтийн тээврийн хөгжлийг онцгой анхаарч хөгжүүлмээр байна. Нийтийн тээвэр хөгжөөгүйгээс хүмүүс хувийн машинаараа ажилдаа явж, өдөрт сая орчим долларын бензин дизель түлш газыг зам дээр үрж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хувьд маш их хохирол дагуулдаг. Нөгөө талдаа түгжрэлд хүмүүс эрүүл мэнд цаг хугацаагаараа хохирч байна. Түгжрэл, агаарын бохирдол гээд иргэд стресстэй яг л харх шиг амьдарч байна шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд агаарын бохирдлыг бууруулах төслүүдтэй “Монголын хийн холбоо” хамтран ажиллах боломжтойг танай сониноор дамжуулан хүргэмээр байна. Мөн утаанаас гарах шийдэл юу байна гэж ирж уулзаж, ярилцаж байгаа танай сонины хамт олонд талархал илэрхийлье.
Ер нь агаараар амьсгалж байгаа нийт иргэн бүрэн нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудалд оролцож анхаарал тавьж, дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Цөлжилтийг бууруулах ой мод, заг бударганаа хайрлан гамнах нь нийт иргэн бүрийн хариуцлага гэдгийг танай сониноор дамжуулан хүргэмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 248 (7233)