Насантуяагийн ЖАРГАЛМАА
Дэлхий нарыг бүтэн тойрон эргэхэд нэг жилийг зарцуулдаг. Харин энэ хугацаанд дэлхийн оршин суугчид цаг уурын хэд хэдэн өөрчлөлтийг даван туулдаг. Энэ байдал дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт оршихоос хамааран харилцан адилгүй. Харин энэхүү цаг уурын байдал аж үйлдвэрлэл, суурьшмал амьдралын хэв маягуудаас хамааран ихээхэн өөрчлөгдөх болсон. Гэвч энэ өөрчлөлт сайн талаараа биш гэдгийг бид өнөөдөр хэнээр хэлүүлэлтгүй мэдэж байна. Цаг агаарын дундаж хэмийн өсөлт нь эквотарын бүс нутагт хэт халалтыг авчирч их хэмжээний ой хээрийн түймэр гарах шалтгаан болж, олон мянган иргэдийн өдөр тутмын амьдрал хүндрэлүүдийг үүсгэж байна. Харин бөмбөрцгийн нөгөө хагаст олон жилийн дунджаас асар их хэмжээний хур тунадас нь үер, халдварт өвчин, дэд бүтэц, эдийн засгийн маш их хохирлуудыг бий болгож байна. Улирал солигдон цаг агаар хасах хэмрүү шилжих үед дээр дурдсан биет аюулаас илүүтэй олон мянган хүнийг хохироохуйц нэгэн аюул чимээгүй биднийг заналхийлсээр байдаг. Энэ бол мэдээж агаарын бохирдол. Хүний нүднээ ил харагдах сааралтсан агаар. Түүнд агуулагдах химийн хорт нэгдлүүд. Хүний анатомийн бүтцэд амьсгал нь идэх хоол, унтах нойроос илүү чухал буюу бид бүгдийг амьд байгаагийн нотолгоо. Гэвч агаар дахь бохирдол хорт нэгдлүүд нь хүний эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн том заналхийлэл юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр дэлхийн хотуудын агаарын бохирдлын үзүүлэлтүүдийг шинжилдэг. Дэлхийн бөмбөрцөгт 195 орны 10 мянга гаруй хотууд бий. Тэдгээрээс өнгөрсөн жилийн үзүүлэлтээр ердөө 13 хот л эрүүл гэх үзүүлэлтэй байжээ. Гэхдээ энэ нь эдгээр хотуудыг агаар огтоос бохирдолгүй гэсэн үг биш буюу ердөө хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө хамгийн багатай боломжит хэмжээнд байгаа гэдгийг илтгэнэ. Аж үйлдвэржилт, суурьшмал амьдралын хэв маяг нь агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх голлох хүчин зүйлс болсон байдаг. Харин дэлхийн удирдагчид сүүлийн жилүүдэд дээрх асуудал шийдэл хайсаар олон тооны гэрээ хэлэлцээрүүдийг дэлхий нийтийн болон бүс нутагт хэрэгжүүлсээр байна. Энэ цаг үед ч уур амьсгалын асуудлаар талуудын хэлэлцээр бүхий дээд хэмжээний уулзалт Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдаж байгаа билээ.
Агаарын бохирдлын хамгийн өндөр үзүүлэлтээс буурч буй БНХАУ-ын сайн жишиг
Энэ долоо хоногийн олон улсын тоймоор агаарын бохирдлоор тэргүүлж буй улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого үүний үр дүнг харьцуулан бэлтгэлээ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болох БНХАУ сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын индексээр тэргүүлэх болсон. Цахим сүлжээнд Бээжин хотын сааралтсан зургууд тархаж аюул бодит болсныг дэлхийн нийт харж байсан. Үүний шалтгаан бол эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарын чулуужсан түлш нүүрсээс хэт хамааралтай байдал юм. Үүнд урт хугацааны бодлого их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан нь мэдээж. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин “Хятад улс байгаль орчныг сайжруулах, хог хаягдал агаарын бохирдолтой эрчимтэй тэмцэх болно” хэмээн хэлж 2035 он гэхэд экологи байгаль орчныг үндсээр нь сайжруулсан “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг байгуулах үндэсний зорилтоо дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтын хүрээнд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар 60 мянган уурын зуухыг шинэчлэж, 4000 нийтийн тээврийг байгалийн хийгээр ажилладаг болгон шинэчлэжээ. Мөн 12 мужид 35 мянга гаруй модыг тарж ойжуулалтыг идэвхжүүлсэн байна. Эдгээр өөрчлөлтүүдийн дүнд өнгөрсөн оны байдлаар БНХАУ-ын нийт 524 хотын 60 гаруй хувь нь агаарын бохирлын үзүүлэлт багасч стандарт хэмжээнд хүрсэн байна. Үүнийг НҮБ-ын тайланд “Хятад улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчны урт хугацааны өвийг бий болгосон” хэмээн дурдсан байна. Хэдхэн жилийн өмнө Бээжин хотын оршин суугчидын хувьд цэлмэг тэнгэр харна гэдэг мөрөөдөл төдийн байсан бол өдгөө энэ бүхэн бодит биеллээ олох замдаа оржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “БНХАУ-ын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан ч энэ нийт нутгийн хэмжээнд адилхан биш байгаа” гэдгийг онцолсон юм. 2022 оны үзүүлэлтээр нэгдүгээр БНХАУ-ын Кашгар хот тэргүүлсэн. Мөн тус улс нь ногоон хөрөнгө оруулалтыг тэргүүлэх чиглэл болгосон нь дотоодын үйлдвэрлэгч, компаниудад байгаль орчны үндэсний зорилтод хүрэхэд дөхөм болж байгааг дурьдлаа. Үүний зэрэгцээ БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба Зам”-ын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь хөгжиж буй болон шинээр эдийн засаг нь сэргээж буй орнуудад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх, дэд бүтцийг өргөжүүлэхэд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл “Бүс ба Зам” санаачлагаар хилийн чанадад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжиж буй юм.
Дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсын агаарын бохирдлын эсрэг арга хэмжээний саатал
Энэтхэг улс нь өдгөө хүн амын тоогоороо тэргүүлж эдийн засгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байна. Өнгөрсөн оны байдлаар ДНБ нь 3385 тэрбум ам.долларыг давсан юм. Нийгэм, улс төр, эдийн засгийн олон үзүүлэлтээр эерэг үр дүн харуулж байгаа ч агаарын бохирдол, үүнээс үүдэх аюулын хувьд өндөр эрсдэлтэй орон билээ. 2022 оны дүнгээр эхний 50 хотоос 30 гаруй нь Энэтхэг улсын хотууд бичигдэж нийт улсын хэмжээнд агаарын бохирдлын үзүүлэлтээрээ найм дугаарт жагссан.
Нийслэл Дэли хот өнгөрсөн онд хоёр дугаар байранд бичигдэж байсан бол энэ оны гуравдугаар улирлын тайлангаар дөрөвт эрэмбэлэгдэж байна. Тэд ийнхүү дөрөвдэх жилдээ дарааллан хамгийн их бохирдолтой нийслэл тодорч, агаарын бохирдлын түвшин ДЭМБ-аас тогтоосон аюулгүй хэмжээнээс 10 дахин их байна. Өнгөрсөн сард Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим ерөнхий сайд Неранда Модид хандан агаарын бохирдлын асуудлаар яаралтай хурал зарлахыг уриалсан захидал хүргүүлсэн. Тэрбум хүн амтай орны хувьд эрүүл мэндийн асуудал хамгийн хурцаар хөндөгдөж байгаа ч түүнээс гадна аялал жуулчлалын салбарт хүндхэн нөхцөл үүсч байгаа гэдгийг тус захиагаар онцолсон байна.
Энэтхэг улс агаарын бохирдлыг бууруулах олон талын эх үүсвэрт чиглэсэн хэд хэдэн бодлого хэрэгжүүлсэн ч тодорхой ахиц дэвшил төдийлөн гараагүй. Жишээлбэл 2019 оноос хойш хэрэгжүүлж буй “Үндэсний цэвэр агаарын хөтөлбөр” нь санхүүжилт дутмаг, зураг төсөл бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн бүтэлгүйтэл дагуулж байна. Энэтхэгийн агаарын бохирдлын талаар баримтлах бодлогын төслийг боловсруулахад эрх баригчид холбогдох мэргэжилтнүүдтэй нягт хамтын ажиллагааг эрхэмлэж байгаа нь сайшаалтай. Гэвч амжилт үзүүлэхгүй байгаа шалтгаануудад хот, мужуудын газарзүйн онцлог газар зохион байгуулалт болон хамтарсан төслийн хэрэгжилт сул байгаагаас агаарын чанар сайжрахгүй байгааг үндэсний хөтөлбрүүдэд оролцогч мэргэжилтнүүд онцолжээ.
Засгийн газраас агаарын бохирдлын хямралыг бодитоор шийдвэрлэхийн тулд нэгдсэн хүчин чармайлт гаргах шаардлагатай гэж үзжээ. Үүнд төрийн бодлого зохицуулалт, өөрчлөлтөөс гадна мэргэшсэн ажиллах хүч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллахаар тусгажээ. Мөн аж үйлдвэрийн хаягдал, газар тариалангийн шаталт зэрэг хотын хилийн гаднаас ялгарах утааны асуудлыг шийдвэрлэх зэргийг багтаажээ. Өмнөх алдаа дутагдлуудыг тооцолсны үндсэндээр дахин “Цэвэр агаар” үндэсний хөтөлбөрийг зарласан. Уг хөтөлбөрөөр 2024 онд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулах зорилтыг тавьсан юм. Тус зорилтыг хэрэгжүүлэхэд Энэтхэгийн технологийн хүрээлэн, байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн газар болон бусад холбогдох газрууд хамтран ажиллахаар болсон байна. Мөн бизнес эрхлэгчид тэр дундаа гарааны бизнес эрхлэгчид тус асуудалд шинэлэг шийдлүүдийг бий болгож байна. Жишээлбэл, технологид суурилсан хямд өртөгтэй агаар цэвэршүүлэх төхөөрөмж, хог хаягдлыг дахин боловсруулсан барилгын материал зэрэг оржээ. Дээр дурдсанчлан Энэтхэг улс агаарын бохирдлыг буруулахад амьжиргааны түвгин доогуур эмзэг бүлгийн хүн амыг орхигдуулахгүй байх нь чухал. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдэд хүн амийн бүхий л хэсэгт ижил тэгш хүртээмжтэй байх ёстой хэмээн эрх баригчид үзжээ.
Дэлхийн удирдагчдын олон талын хэлэлцүүлэг, дээд хэмжээний уулзалтуудаас агаарын бохирдол нь дэлхий нийтийн асуудал бөгөөд үүнд бүхий л улс орон хариуцлага хүлээх ёстой хэмээсээр байна. Ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилтэд хүрэх нь тодорхой хугацаа шаардах ч зогсолтгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь сайн үр дүнг бий болгох юм. Үүнд дэлхийн олон хэд хэдэн орны сайн жишгүүд бий. Мөн энэ асуудлаар олон талт хамтын ажиллагаа хамгийн эрчтэй хөгжиж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)