Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин “Жендэрт суурилсан өгөгдлийн цоорхой” буланг эхлүүлж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлын талаар цуврал нийтлэлүүдээ хүргэсээр байгаа. Ингэхдээ Төрийн ордон болон хүний эрхийг хангагч байгууллагууд болох “Жендэрийн үндэсний хороо”, Хүний эрхийн үндэсний комисс болон дунд сургуулийн орчинд ямар байгаа талаар сурвалжилсан. Тэгвэл энэ удаа иргэд хамгийн их үйлчлүүлдэг арилжааны банкуудын ариун цэврийн өрөөний хүртээмж ямар байгаа талаар сурвалжиллаа.
Хүмүүсийн өргөнөөр үйлчлүүлдэг арилжааны таван банк байдаг. Аль ч салбараар орсон урт дараалалтай. Гэвч иргэдийн дунд “Банкнууд нь үйлчлүүлэгчээ ариун цэврийн өрөө хэрэглэх боломжоор хангадаггүй, төлбөртэй ашиглуулдаг, засвартай гэдэг” гэх яриа үргэлж гардаг. Эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.5-д “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан үйлчүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан.
Банкны үйлчилгээ цахимд шилжиж салбараар үйлчлүүлэх хүмүүсийн урт цуваа нэг үеэ бодвол багассан. Гэхдээ зайлшгүй шаардлагаар үйлчлүүлэх нь бий. Монголын арилжааны аль ч банкинд үйлчлүүлэхээр дугаарлах үед өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдэд тулгамддаг нэг асуудал нь ариун цэврийн өрөө юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкаар үйлчлүүлж байгаа тохиолдолд ариун цэврийн өрөөнд нь орж, давсгаа суллах нь "хориотой" үйлчилгээ байдаг нь худлаа биш. Түүнийг И.Энхманлай гурван настай охинтой. Тэрбээр охинтойгоо хамт банкаар үйлчлүүлжээ. Гэвч банк ариун цэврийн өрөөгөө ашиглуулах боломжгүй гэсэн учраас охин нь өмдөндөө шээжээ. Энэ тухай “Аль ч банкны салбараар үйлчлүүлсэн нэг цаг дугаарлаж суудаг. Би өнгөрсөн жил Хаанбанкны Жуковын Jobi-72 салбараар охиныхоо хамт үйлчлүүлсэн. Охин маань шээмээр байна гэхээр нь харилцагч үйлчилгээний ажилтнаас ариун цэврийн өрөө орж болох уу гэхэд “Гадны хүн оруулдаггүй. Зөвхөн ажилчид ордог” гэсэн. Гэвч гадаа гарч амжилгүй хүүхэд маань өмдөндөө шээчихсэн. Олон хүнтэй газар өмдөндөө шээснээсээ ичиж дахиж гадуур хамт явахаа больсон” гэсэн юм.
Спортын төв ордны урд байрлах Хаанбанкны салбараар орвол арав гаруй хүн үйлчлүүлж байлаа. Ихэвчлэн өндөр настнууд байв. Ариун цэврийн өрөө нь хоёр давхарт нь байрлажээ. Эрэгтэй, эмэгтэй нэг өрөөтэй бөгөөд ажилчид болон үйлчлүүлэгчид орох зориулалттай ажээ. Энэ талаар салбарын ахлах, харилцааны менежер Б.Билгүүн-Эрдэнэ “Хаанбанкны бүх салбарт ариун цэврийн өрөө бий. Иргэд ариун цэврийн өрөө хаана вэ гээд асуувал хамгаалагч зааж өгдөг. Манай салбарын ариун цэврийн өрөөгөөр гадуур явж байгаа хүмүүс ч үйлчлүүлж байгаа харагддаг” гэсэн юм.
Харин СТӨ-ний ард байрлах Хасбанкаар орвол ариун цэврийн өрөө нь нэг давхартаа байрлажээ. Гэхдээ ажилчид үнэмлэхээрээ нэвтрэх ёстой хаалганы цаана нэг эрэгтэй, нэг эмэгтэй өрөө байх аж. Харилцагч үйлчилгээний ажилтнаас иргэд үйлчлүүлэх боломжтой эсэх талаар асуухад “Иргэд үйлчлүүлэх боломжтой. Ариун цэврийн өрөө ормоор байгаагаа хэлвэл манай хамгаалагч үнэмлэхээ дарж өгдөг” гэсэн юм. Харин 13 хорооллын автобусны буудлын урд байрлах Голомт болон Төрийн банкаар орвол багагүй ачаалалтай, дугаараа хүлээж суух үйлчлүүлэгч олон харагдлаа. Ариун цэврийн эрэгтэй, эмэгтэй нэг өрөөтэй бөгөөд иргэд үйлчлүүлэх боломжтой” гэсэн юм.
Харин банкаар үйлчлүүлж СХД-ийн наймдугаар хорооны иргэн н.Сайхантуяа “Монголд үйлчилгээний байгууллага, өрхийн эмнэлэг, олон нийтийн газар ариун цэврийн өрөөний үйлчилгээ ховор. Банкинд энэ бол их асуудалтай. “Иргэдэд үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй” гэсэн хариултыг банкнаас өгдөг. Та нарт иргэдэд үйлчилнэ гэж байгаа ч гадны хүн орохыг хориглодог” гэсэн юм.
Ахмадуудын хувьд ойр ойрхон бие засдаг. Гэвч банкууд ариун цэврийн өрөөгөө ашиглуулдаггүй байна. Энэ тухай Д.Сүрэн “Би 13 хороололд амьдардаг. 13 хорооллын автобусны буудлын ард байрлах Төр болон Хаан, Голомт банкууд ариун цэврийн өрөөгөө хэрэглүүлдэггүй. Ахмадууд тэтгэвэр буух үеэр банкны салбараар үйлчлүүлдэг. Бөхийн өргөөний хажууд байрлах Төрийн банкаар үйлчлүүлэх гээд сууж байхдаа ариун цэврийн өрөөг нь ашиглаж бие засмаар байгаагаа хэлсэн. Гэтэл засвартай байгаа гээд оруулаагүй. Өөрсдөө ариун цэврийн өрөө рүүгээ орж, гараад яваад байсан” гэв.
Саяхан цахим орчинд байгууллагууд ариун цэврийн өрөөндөө оруулахгүй гэвэл 1800-1286 дугаарт мэдэгдвэл гурван сая төгрөгөөр торгодог гэх мэдээлэл харагдах болсон. Гэвч энэ дугаарт залгахад ашиглалтад байхгүй гэв.
Монголын арилжааны банкууд үйлчилгээний хууль зөрчихөөс гадна хүний эрхийг зөрчиж байна. Тодруулбал, дээр дурдсан эрүүл ахуйн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.5-д зааснаар “үйлчлүүлэгч чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой ариун цэврийн өрөөгөөр хангасан байх” болон эмэгтэйчүүдийн биологийн ялгаатай байдлыг үл харгалзан эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний тоог тэнцүү байрлуулсан байгаа юм. Учир нь биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие засах хэрэгцээ өөр байдаг. Анатомийн бүтцээр нь авч үзвэл эрэгтэй хүний шээс дамжуулах суваг буюу гадна шээсний сүвнээс давсаг хүртэлх зай 20 см, эмэгтэй хүнийх гурван см байдаг. Өсвөр насны охидын 80 хувьд, нөхөн үржихүйн насны насны эмэгтэйчүүдийн 20-25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Мөн бие давхар үед ариун цэврийн өрөө орох нь ихэсдэг байна. Өнгөцхөн харахад нийтийн эзэмшлийн талбайд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байх нь зөв мэт. Биологийн хэрэгцээнд нь тулгуурлан харвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоо эрчүүдийнхээс их байх ёстой. Гэвч энэ төрлийн судалгаа байдаггүй учраас манай улсад ихэвчлэн ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа юм. Ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлаас шалтгаалан эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7229)