Базарбямбын НЯМСҮРЭН

 

Дэлхийн улс орнуудын удирдагчид Дубай хотноо цуглаж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулж буй. 28 дахь удаагийн уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал COP-28-ыг Арабын Нэгдсэн Эмират улс эх орондоо зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 140 гаруй орны төрийн тэргүүн, удирдагч нар болон улс төр, бизнесийн нөлөө бүхий эрхмүүд цугласан юм. Манай улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

НҮБ-ын бага чуулганыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Энэ удаагийн чуулган бол ирээдүйг аврах итгэл найдвар байх ёстой” хэмээн онцоллоо. Тэрбээр улс орны тэргүүнүүдэд хандан бидэнд манлайлал, хамтын ажиллагаа, улс төрийн хүсэл зориг хэрэгтэй байна. Мөн цаг уурын нөхцөл байдал биднээс шударга ёсыг шаардаж байгааг та бид харж байна"гэв.

 

Зохион байгуулагч орон 100 сая доллар амлав

 

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөгжиж буй орнууд томоохон үүрэг хүлээх ёстой гэсэн байр суурийг зарим орны зүгээс гаргадаг. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тусгай сангийн санхүүжилтийн асуудлыг шийдэх нь чуулганы нэгэн томоохон зорилт байсан. Тэгвэл зохион байгуулагч орны зүгээс дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 30 тэрбум ам.долларын сан байгуулах түүхэн шийдвэр гаргаснаа тус улсын тэргүүн Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян мэдэгдсэн.  Энэ сан нь уур амьсгалын асуудалтай холбоотой санхүүгийн зөрүүг арилгах зорилготой бөгөөд 2030 он гэхэд 250 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах болно гэж тэрбээр онцлов. Тус улсын араас улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Тухайлбал, “Loss and damage” санд гэхэд Их Британи 51 сая ам.доллар, АНУ-ын зүгээс хандивлах хөрөнгийг 17 сая ам.доллараар нэмэгдүүлж байгаагаа дуулгасан бол Япон улс 10 сая ам.доллар амлав. Европын холбооны хувьд 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэний 100 сая нь ХБНГУ-аас оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.

Ийнхүү улс орны удирдагч нар НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг Уур амьсгалын дээд хэмжээний чуулганыг үр дүнд чухалчилсан, хамгийн гол асуудал болох санхүүгийн бэрхшээлийг шийдэхэд түлхүү анхаарснаар эхний өдрийн чуулга уулзалт өндөрлөв.

 

Цөмийн эрчим хүчийг гурав дахин өсгөнө

 

2015 онд улс орнууд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан гаргаж байсны зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой үр дүнд хүрэхээ баталгаажуулсан байдаг. Энэхүү Парисын хэлэлцээрийн дагуу 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн амлалт бий. COP-28-д оролцсон зарим орны төрийн тэргүүнүүд чуулганы хоёр дахь өдөр цөмийн эрчим хүчийг дэмжсэн томоохон тунхаглалд гарын үсэг зурлаа. Атомын цахилгаан станцтай Их Британи, Унгар, Канад, Нидерланд, АНЭУ, Польш, АНУ, Украин, Финланд, Франц, Швед, Өмнөд Солонгос, Япон зэрэг 22 улсын удирдагчид дээрх тунхаглалд нэгдсэн бол БНХАУ болон ОХУ-ын хөршийн удирдагчид зураагүйг онцлов.

Улс орны удирдагчид “Triple Nuclear Energy” тунхаглалд гарын үсэг зурснаар 2050 он гэхэд цөмийн эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх зорилтод нэгдэж буй юм. Мөн атомын цахилгаан станцын хамгийн гол асуудал болсон аюулгүй байдал, хог хаягдлыг аюулгүй шийдэх талаар улс орон бүр стандартад нийцсэн арга хэмжээ авах нь баримт бичгийн гол шаардлага байх аж. Тунхаглалыг гаргаснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилгод хүрэхэд цөмийн эрчим хүчний гүйцэтгэх үүргийг онцлон харуулах зорилготой болохыг санаачлагч улс орнууд онцлон тэмдэглэжээ.

 

Газрын тосны үйлдвэрлэгчдийн амлалтад байгаль орчны төлөөх байгууллагууд эргэлзэж байна

 

Улс орны удирдлагуудаас гадна газрын тосны салбарын “акул”-ууд энэ чуулганд томоохон үүрэгтэй оролцож байна. Арабын ертөнц, газрын тосны салбарыг салгаж ойлгох боломжгүйг баталж, АНЭУ-д зохион байгуулагдсан COP-28-ын томоохон зорилт болсон дэлхийн дулаарлын эсрэг газрын тосны компаниуд хамтрахаа амлалаа.

Саудын Арабын “Aramco” зэрэг газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хийнүүдийг нэмж ялгаруулахаа зогсоохоо амлав. Компаниудын амлалтыг дэмжиж буй Европын Холбоо, COP-28-ыг зохион байгуулагч АНЭУ зэрэг орнууд энэхүү амлалтыг эцсийн хэлэлцээрт оруулахыг хүсэж байгаа тул бага хуралд оролцож буй улс орон бүр гарын үсэг зурна гэсэн үг юм. 

Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид уг амлалтыг тийм ч эерэгээр хүлээж авахгүй байна. Энэ талаар  НҮБ-ын хэд хэдэн тайланг гаргахад идэвхтэй оролцож байсан профессор Билл Харе “Би хувьдаа дээрх амлалтад эргэлзэж байна. Газрын тос, байгалийн хийн салбарт тулгамдаж буй гол асуудал бол үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэгчид газрын тос үйлдвэрлэхээс татгалзсан тохиолдолд л бүх зүйл шийдэгдэх боломжтой. Түүнээс өөр юу ч энэ асуудлыг шийдэж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 241 (7226)