Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Шатахуун тасалдаад хагас сар гаруй хугацаа өнгөрч байна. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаагаас үүдэж шагийн түлшний наймаа газар аваад буй. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдийн гараар орж 4200-4500 төгрөг болжээ. Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 бензиний хүртээмж багассан. Харин орон нутагт дизель түлш, АИ-92 бензин олдохоо больж малчид малдаа явж чадахгүйд хүрчээ. Аргаа барсан малчид аймаг, сум дамжин шатахуун хайж байгаа тухай бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Ашигт малтмал газрын тосны газар АИ-92 шатахууны 23 хоног, дизель түлшний 19 хоногийн нөөцтэй байгаа, тус газрын тосны газрын дарга Л.Баярмандал шатахууны нөөц хэвийн болж байна гэсэн юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногт зүүн аймгуудын нутгаар цасан шуурга болж хоногт 335 иргэн төөрч, сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Баруун-Урт, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Эрдэнэцагаан сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Баянмөнх, Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Мандах, Сайншанд, Сайхандулаан суманд нийт 335 иргэн сураггүй болсон байна. Онцгой байдлын алба хаагчид 334 иргэнийг эсэн мэнд олжээ. Харин Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэний цогцсыг олсон байна.

Өвөлжилт хэцүү энэ үед малчдын хөлд дүүжлэх унаа нь машин, мотоцикл байдаг. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт орсон цасан шуурганы улмаас олон мал шуурганд урууджээ. Гэвч орон нутагт шатахуун тасалдсан хэвээр байна. Энэ талаар Сайншанд сумын малчин Д.Банзрагч “Цасан шуурганы улмаас ихэнх айлын адуу, үхэр уруудсан. Гэвч Дорноговь аймгийн хэмжээнд дизель түлш, бензин олгохгүй байна. Шунхлай шатахуун түгээх станц АИ-92  бензинийг 50 мянган төгрөгт олгож байна. Бусад нь өөрийн харилцагч байгууллага болон хөнгөлөлтийн карттай хүндээ л шатахуун олгож байна. Өвөлжилт хэцүү энэ үед малчид бидний хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикл байдаг. Гэвч явганаас ялгаагүй байдалтай байна. Малынхаа хойноос явдаггүй малчин гэж хаана ч байхгүй. Өдөр бүр төв орж бензин авч малдаа явж байна. Эрэлд явж байгаа шатахуунгүй суусан хүмүүс манай ойр хавиар дүүрэн байна. Шагийн түлш ч олдохгүй байна” гэсэн юм.

Харин УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 92 мянган тонн, АИ-92 түлшний хэрэглээ 52-53 мянган тонн орчим байдаг. ОХУ-ын Засгийн газраас хоёр хоногийн өмнө зуны зориулалттай дизель түлшний хоригоо цуцалсан. Өвлийнх хоригтой хэвээр байна. Автобензиний хоригоо хоёрхон хоногийн өмнө цуцалсан. Манай улс руу хязгаарлагдмал байдлаар экспортолж ирсэн. Хоригоос хойших 21 хоногт бүх нөөцөө шавхсан. БНХАУ-аас 7,6 тонн түлш авсан байна. Баруун аймгуудаар дизель түлшний хүрэлцээ хүндэрсэн байсан. Харин тодорхой хэлэлцээрийн үр дүнд баруун аймгуудын боомтуудаар дизель түлш орж ирж, түлшний хангамж тогтворжсон" гэв.

Цаашид баруун аймгуудын зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Салбарын сайд шатахууны нөөц хэвийн байгаа гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр орон нутагт хязгаарлагдмал хэвээр байна. Шатахуун хомс учраас цасан шуурганд уруудсан малдаа явж амжаагүй малчид ч байгаа аж. Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын малчин Б.Хөлөг “Малчдыг морио унаач гэх шүүмжлэл их харагддаг. Цаг сайхан үед мориор малаа хариулж болдог. Харин зудын нөхцөл үүсээд буй энэ үед морь унаж малд тэр тусмаа эрэлд явах хэцүү. Өнгөрсөн лхагва гарагт болсон шуурганаар айлуудын бод мал их уруудсан. Манай адуу, үхэр уруудсан. Бензин олгохгүй байгаа учраас малдаа явж чадахгүй байна. Шатахууны хомсдол энэ хэвээрээ байвал хэдэн малчдын хот нь харлах нь ээ” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)