Ц.МЯГМАРБАЯР

 

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 9.7 тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын  хөрөнгө оруулалтаар  Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төслийн нээлт  энэ сарын 20-нд  “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-т боллоо. Ерөнхий сайдын 2023 оны  хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төвийг байгуулахаар төлөвлөн  хэрэгжүүлж эхэлснийг УУХҮЯ нээлтийн өмнө тодотгож байв. Монгол Улс ховор металлын нөөц ихтэй ч боловсруулах технологи, хүний нөөц дутмаг гэж БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ онцлов.

 

Монгол Улс ховор металлын судалгаа хийх тоног төхөөрөмж, боловсон хүчин дутмаг

 

Төслийг 2023 оноос 3-5 жилийн хугацаанд  дөрвөн үе шаттай хэрэгжүүлж  2027 он гэхэд судалгааны төвийг ашиглалтад оруулна. 2024 онд "Геологийн судалгаа шинжилгээний төв"-ийн байрыг шинэчлэн засварлах ажилд хөрөнгө оруулалтын зардлын 40 хувийг зарцуулна гэж  БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн төслийн Ерөнхий менежер Чон Хү Сок төслийн үе шатыг танилцуулах үеэр хэлсэн юм. Мөн  шинжилгээ болон баяжуулалтын тоног, төхөөрөмжүүд нийлүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг Солонгос улсад магистр болон докторын хөтөлбөрт хамруулах ажил хийнэ гэж БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ тодотгосон.  Монгол Улсын хувьд одоогоор ховор металлын судалгаа хийх тоног төхөөрөмж, боловсон хүчин хомсдолтой байгааг "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ мэдээлсэн. Буцалтгүй тусламжаар "Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн  байгуулах Ховор металлын судалгааны төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн ажиллаж байна.

БНСУ-ын хувьд ховор металлын зах зээл ойролцоогоор 40 их наяд воноор хэмжигдэж байгаа ч энэ нь зөвхөн импортоос бүрддэг. Тухайлбал, энэ чиглэлийн бүтээгдэхүүнээр 100 хувь импортын хамааралтай. Тиймээс төслийн үр дүнд  Монгол Улс БНСУ-д газрын ховор металл нийлүүлснээр эдийн засгаа хөгжүүлнэ, мөн манай улсын хувьд илүү найдвартай, тогтвортой ханган нийлүүлэгчтэй болно. Ингэснээр хоёр улс нэг нэгэндээ тохирсон, харилцан ашигтай түншүүд болж чадна гэсэн хүлээлттэй байна.  Төслийн нээлтэд БНСУ-ын талаас Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний орлогч сайд И Ху Хёнь (Hohyeon Lee), Гадаад харилцааны яамны Эрчим хүч, шинжлэх ухаан, гадаад  харилцааны хэлтсийн дарга Пак Сэ А, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Нүүрс, ашигт малтмалын албаны дарга Dae-hwan Jung, КОМИР-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Чой Сын Жинь, КИГАМ-ын дэд ерөнхийлөгч Ким Сэ Жүн, KИАТ-ын Аж үйлдвэрийн технологийн ХАЁТ-ын асуудал эрхэлсэн захирал Им Бён Хёг, Солонгосын эрчим хүчний технологийн үнэлгээний төвийн (KETEP) Эрчим хүчний дэд бүтэц аж үйлдвэрийн ерөнхий газрын дарга Ки Сон Ёоб болон бусад албаны төлөөлөл, Монголын талаас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарын төлөөлөл оролцож, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдах хамтарсан судалгааны төвийг талуудад танилцуулав. Энэ үеэр зарим оролцогчдын сэтгэгдлийг сонссон юм.

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү: Солонгос боловсруулах технологиор илүү

-Монгол Улс, БНСУ-ын хамтарсан Ховор металлын судалгааны төв нээгдэж байгаад их баяртай байна. Энэ төв нээгдсэнээр Монгол Улс-БНСУ-ын харилцаанд чухал ач холбогдолтой. БНСУ лити, графит зэрэг ховор металлуудаар цэнэг хураагуур үйлдвэрлэдэг. Цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт улам нэмэгдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа илүү хөгжиж, идэвхжнэ гэж найдаж байна. Монгол Улс Зүүн хойд болон Төв Ази, Европыг холбосон стратеги, геополитикийн чухал байрлалтай орон бөгөөд байгалийн арвин нөөц баялагтай учир цаашид хөгжих өндөр нөөц, боломжтой төдийгүй бүс нутаг дахь манай хамтын ажиллагааны гол түнш орон юм. Солонгос манай  судлаачын хэлснээр газрын  баялаг тийм ч баян орон биш. Тиймээс Монгол Улсын баялагт түшиглэж  нөөцөө  бүрдүүлэх  зорилгоор тус судалгааны төвийг  байгуулахаар ажиллаж байна. Цаашдаа илүү өргөжүүлэх шаардлагатай.

 

БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн төслийн ерөнхий менежер Чон Хү Сок: Монгол Улс ховор металлын нөөц баялаг ч боловсруулах технологигүй

 

- БНСУ-ын дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн хүрээнд ховор металлын хэрэгцээ их байдаг. Манай улсын дэвшилтэт технологийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад өндөр түвшинд байгаа. Харин Монгол Улс ховор металлын нөөц баялаг ихтэй. Гэхдээ түүнийгээ нийлүүлэх зах зээлд, боловсруулах шатны технологи байхгүй. Эсрэгээрээ БНСУ-д ховор металлын хэрэгцээ шаардлага их. Тиймээс олон улсад нэлээн томдоо орох өндөр ач холбогдолтой төсөл билээ.

 

"Геологийн судалгаа шинжилгээний төв" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Бүжинлхам: Бүрэн автоматжуулсан өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд  суурилагдана

-Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын шинжлэх ухааны салбарт  хамгийн орчин үеийн өндөр бүтээмжтэй тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа гэдгээр хамгийн том хөрөнгө оруулалт юм. Энэ төслийн хүрээнд манай судалгааны төвийг түшиглэж дөрвөн төрлийн лаборатори байгуулна.Үүнд ховор металлын түүхий эдийг баяжуулах, мөн ялгаж эцсийн бүтээгдэхүүн хүртэлх  боловсруулалтын технологийн судалгаа хийх лаборатори. Үүнд бүх суурь тоног төхөөрөмж суурилагдана. Дараагийнх нь ховор металлын түүхий эдийн олборлолтын үеийн анхан шатны болон баяжуулалтын үеийн бүх шатны эрдэсийн болон химийн шинжилгээний лаборатори.  Үүний дотор голлох болон үндсэн дагалдах элементүүдийг шинжлэн тодорхойлох өндөр хүчин чадалтай шинжилгээний лабораторийг зохион байгуулна. Гуравдугаарт, баяжуулах лабораторийг байгуулна. Энд ашигт малтмалыг хаягдалгүй оновчтой  байдлаар баяжуулалтын горимыг тогтоох ажлыг хийнэ. Дөрөв дэх нь  бүрэн автоматжуулсан хагас боловсруулалтын технологи туршилтын лаборатори байна. Өөрөөр хэлбэл, энд үйлдвэрлэлийг зохион байгуулна гэсэн үг. Лаборатори тус бүрт өндөр хүчин чадалтай бүтээмж ихтэй суурь тоног төхөөрөмжүүд  багтаж байгаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)