Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Иргэн та Монгол Улсын төсвийн төсөлтэй танилцаж байсан уу. Хэрэв тийм бол бүрэн дүүрэн ойлголт авч чадсан уу. Танд мэдээлэл нь ойлгомжтой, тодорхой байсан уу. Хүмүүст төсвийн талаар мэдээлэл хүргэхийн тулд би багагүй цаг зав, хүчин чармайлт гаргадаг.

 

ХҮРЭХ ҮР ДҮНГЭЭ ТОДОРХОЙЛЧИХООД, ТӨЛӨВЛӨ

Төсвийн одоогийн уламжлалт төсөл

Бидэнд хамгийн ойр гэж хэлж болох салбарыг эшлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад 30 тэрбум төгрөг тусгасан байна. Харин энэ мөнгөний хэд нь яг юунд зарцуулагдах талаар тухайлбал төсвийн төсөлд нарийн задалж бичээгүй байдаг. Тэгэхээр нарийн задаргааг нь яамныхан л мэддэг байх. Харин төсвийн төсөлтэй танилцаж байгаа жирийн иргэнд тэрхүү мэдээлэл харагдахгүй. Хэрэв энэ мөнгөний хэдийг нь тус салбарын цалин хөлсөнд зарцуулж, ямар шинэчлэлд яаж зориулагдах нь бичигдсэн байвал иргэд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, төсөв батлахад оролцох боломж нь бүрдэх юм. Үүнийг дагаад хариуцлага нэмэгдэнэ. Харамсалтай нь Монгол Улсын төсөв өнөөдөр энд тоочсончлон хагас хаалттай хэвээр байна.

Бас нэг асуулт. Монгол Улсын төсөв үр дүнтэй байгаа юу гэж асуувал “Тийм” гэхээсээ “Үгүй” гэж хариулах хүн нь олон. Яагаад гэвэл амьдралд, өрхөд бодитой үр дүнгээ өгөхөөсөө илүүтэй үрэлгэн хөрөнгө оруулалт, оновчгүй зарцуулалтууд хийгдсээр байна. Үүнийг залруулах боломж, гарц нь үр дүнд суурилсан төсвийн бодлого юм.

Дахиад боловсролын салбарыг эш татаж, иргэд бид энэ салбараас юуг чухалчилж хүлээдэг болохоо нэг эргэцүүлье. Хүүхдүүд чанартай боловсрол эзэмшдэг, багш нар нь чадвартай байх нь хүмүүсийн хүлээлтээр илэрхийлэгдэнэ. Тэр сайн багш гэх ам дамжсан яриагаар сайн багшид өгөх гэж харъяаллын бус сургуулийнхныг царайчилж, нийслэлийн түгжрэлийн буруутан хэмээгддэг. Түүнээс гадна тав тухтай, аюулгүй орчинд хүүхдээ сургахыг эцэг эхчүүд эрмэлздэг.

Том зургаараа бол Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсвийг баталснаар хэдэн өрх айлын ахуй сайжирч, амьдралд нь эерэг өөрчлөлт гарах вэ гэдэг нэн тэргүүний асуудал. Хэрэв нийгмийн амьдралд эерэг өөрчлөлтийг бодитойгоор авчирч байвал энэ бол үр дүнд суурилсан төсөв болно. Өөрөөр  хэлбэл, хүрэх үр дүнгээ эхлээд тодорхойлж, тухайн өөрчлөлтийг хийхэд шаардагдах хөрөнгийг төлөвлөнө гэсэн үг. Гэтэл төсвийг улам боловсронгуй болгож чамбайруулах ёстой УИХ-ын гишүүд нь "Манай аймгийн тэр соёлын төвийн мөнгийг тусгасан уу" гээд сууж байгаа нь өнөөгийн гунигт хэдий ч үнэн төрх билээ.

 

ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА БА НОТОЛГООНД СУУРИЛ

Үр дүнд суурилсан төсвийн жишиг ийм байх боломжтой.

Түүнээс гадна үр дүнд суурилсан төсвийн гол зарчим нь бүх шатны шийдвэр гаргалт мэргэжилтний түвшнээсээ эхлээд УИХ хүртэл нотолгоон дээр суурилж хийгдэх учиртай. Өмнөх оны төсвийн зардалд шинжилгээ хийж, амжилттай хэрэгжсэн болон амжилтгүй байсан шалтгаан зэрэг судалгаанд суурилж дараагийн хөрөнгө оруулалтаа уян хатан төсөвлөх нь чухал юм. 

Энэ бүгдийг нуршин байж тоочиж байгаа шалтгаан нь Монгол Улсын төсвийн зарцуулалт, төлөвлөлт үнэхээр үр дүнгүй байгаагийнх. “2022 оны төсвийн хөрөнгө оруулалтын биелэлт 65 хувьтай гарсан бол санхүүжилт 95 хувь гэсэн үр дүн гарсан” гэдгийг эдийн засагч Б.Энхбаяр хэлж байсан юм. Мөнгөө авсан ч ажлаа гүйцэтгэдэггүй болохыг энэ байдал илтгэж буй. Гэхдээ ганц удаа л ийм үр дүн гарч байгаа биш л дээ. Жил бүр, дандаа л ийм байсан гэхэд хэн нэгэн үгүйсгэхгүй болов уу. Энэ бүхэн үр дүнд суурилаагүй арга хэмжээнд тулгуурласан төсвийн төлөвлөлтийн гажуудал. Тэрчлэн төсвийн сахилга бат, хариуцлага хамт яригдана. Төсөв алдагдалгүй байх, хугацаа үл алдах, он дамжих эрсдэлийг ч үр дүнд суурилсан төсөв хааж, хамгаалж өгөх дархлаа юм. Тэгвэл үр дүнд суурилсан төсөв гэж юуг хэлээд байна вэ. Төсвийг төлөвлөхдөө урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, тэр ч бүү хэл сонгуулиар амласан амлалтаа биелүүлэхийн тулд хэдэн төгрөгийг хэдий хугацаанд зарцуулах вэ гэдгээ сайтар төлөвлөж тусгахыг хэлж байгаа юм. Энэ нь нийтлэлийн эхэнд дурдсан хүмүүсийн амьдралын чанар, бодит хөрсөнд ямар үр дүн гарч байгаагаар илэрхийлэгдэнэ гэсэн үг.

Тиймээс л зөвхөн яамны мэргэжилтнүүд бус монголчууд нийтээрээ төсвийг хараад шууд ойлгох боломжтой байсан бол долоон буудлын Должин эмээ ч саналаа тусгуулж болно. Ингэснээр шаардлагагүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үр ашиггүй мөнгө зарцуулахыг эсэргүүцэн, зогсоох ч боломж бий. Ер нь бол үр дүнд суурилах нь чанар, стандарт, нийгэм, эдийн засгийн бодит тооцоолол, үр ашгийн талаар ярина гэсэн үг л дээ. Төсөв энэ зүгт чиглэж, төвлөрсөн цагт л хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлт уялдаж, хариуцлага, хяналт сайжирдаг учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)