Рагчаагийн ОЮУН
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай ярилцлаа.
-Сэлэнгэ аймаг улсыг мод үржүүлгээр хангагч гол аймаг. Өнөөдөр нөхцөл байдал хэр байна?
-Ерөнхийлөгч тэрбум мод тарина гэж уриалсны дараа манай аймаг үүнийг боломж хэмээн хүлээж авсан. Яагаад гэвэл Монгол Улсын хэмжээнд 9.2 сая тарьц байсны найман сая нь Сэлэнгэд байсан. Бид өөрсдийгөө хангаад зогсохгүй зах зээл байна гэж харсан. Тиймээс энэ ажлыг зоригтой барьж авч, төлөвлөгөө гаргаж хаана ойжуулах, хаана ойн зурвас гаргах, хаана бургасжуулах вэ гэсэн судалгаа гаргаад судалгаанд тулгуурласан, шинжлэх ухаанд үндэслэсэн төлөвлөлтийг хийсэн. Үүнийгээ аймгийн ИТХ-аар батлуулж авсан. Анх 27 мод үржүүлгийн газар байсан бол өнөөдөр 94 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мод үржүүлгийн үйл ажиллагааг эрхэлж 27 сая гаруй ширхэг тарьц ургаж байна.
-Эдийн засагт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хамгийн гол нь тогтвортой ажлын байр, тогтвортой тарьц, суулгацын нөөц бий болно. Мөн тарьц, суулгацын үнийн тогтвортой байдал. Зах зээлийн үнэ нэг ширхэг тарьц 1000 төгрөг гэвэл Сэлэнгэ аймаг үнээ тогтвортойгоор бариад явна. 2022-2030 он гэхэд бид 627 сая ширхэг мод тарихаар төлөвлөсөн байгаа. Үүнийгээ зургаан нэгж, байгууллага, уул уурхайн нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж 320 гаруй сая нь уул уурхайн хүрээнд хийнэ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөрөө жилд 1000 гаруй га газрыг ойжуулна. Үүнд 200 гаруй сая ширхэг мод нийт 600 гаруй сая модтой “Тэрбум мод”-ныхоо үр дүнг харна гэж бодож байгаа. Мөн Засгийн газартай Сэлэнгэ аймаг аймгийнхаа хэмжээнд 20 сая тарьц ургуулахаар үүрэг даалгавар авсан. Энэ амлалтаас гадна өөрсдийнхөө туршлагад тулгуурласан боломж байгаа учраас 627 сая ширхэг модыг тарьж чадна гэж үзэж байна.
-Нэмэлтээр ойжуулалт хийхээр 200 га талбайг баталсан гэсэн?
-Жил бүрийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар тодорхой хэмжээний хөрөнгө зардаг. Тухайлбал, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувийг буцаагаад байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг. Энэ хөрөнгөөрөө бид 2022 онд нэг тэрбум 460 төгрөг, 2023 онд нэг тэрбум 664 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулахаар аймгийн ИТХ-аар батлуулаад хэрэгжүүлээд явж байна.
-“Сэлэнгийн ирээдүй-тогтвортой ногоон хөгжил”-ийн хүрээнд хэдэн хүнийг ажилтай, орлоготой болгох вэ?
-Бид тогтвортой ажлын байр бий болгоно гэж зарласан байгаа. Жилд мод үржүүлгийн газруудынхаа тоог нэмээд байхад байнгын ажлын байртай, одоогийн байдлаар 300 гэж байгаа. Үүнийг 4-5 дахин нэмсэн ажлын байртой болох боломж бидэнд харагдаж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд үүрэг гүйцэтгэнэ.
-Өөр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Бид “Тэрбум мод”-ны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь мод үржүүлгийн газруудын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Өнөөдрийн байдлаар мод үржүүлгийн газар эрхлэхэд дуудлага худалдаагаар авч байна. Үүнийг эрх зүйн орчинд төр-хувийн хэвшлийн хоорондын уялдааг хангаж мод үржүүлгийн харилцаа холбоог сайжруулж байж мод үржүүлгийн газрынхаа тоог нэмэгдүүлж болохоор байна уу. Иргэнд яаж чирэгдэлгүйгээр өгч болохоор байна гэдэгт туслалцаа үзүүлэх. Нөгөө талаар Сэлэнгэ аймаг байгаль, цаг уурын тааламжтай нөхцөлтэй. Дээр нь уур амьсгалын тааламжтай нөхцөл байна. Өмнө нь Тужийн нарсаа ойжуулсан туршлагатай инженерүүд, ойжуулагчидтай. Тиймээс үүндээ тулгуурлаад тогтвортой ажлын байр бий болгох, тогтвортойгоор тарьц, суулгацын нөөцтэй болох. Үүний үндсэн дээр хомсдол, доройтолд орсон ойгоо нөхөн сэргээх мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан газрын доройтолд орсон газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулахаар зорин ажиллаж байна. Үүнийхээ ачаар бид 27 сая тарьцтай болсон.
-Танай туршлагаас судлахаар бусад аймгаас хүн их ирж байна уу?
-Их ирж байна. Бид Сэлэнгэ аймагтаа төдийгүй Дундговь, Өмнөговь аймагт Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудад ургуулсан тарьц, суулгацуудаа тарих, ЗДТГ-ын даргаар Ө.Сувдаагаар ахлуулсан удирдлагын баг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан баг яваад мод тариад ирсэн. Нийслэлд байнгын тарьц, суулгацаа зах зээлд гаргах үзэсгэлэн, худалдааг тогтмол явуулж байгаа.
-Танай тарьц, суулгацуудыг хаана ч тарих боломжтой гэсэн үг үү?
-Тийм ээ. Сэлэнгэ аймгийн хөрсөнд ургасан мод ганцхан говьд бус бүх орон нутаг манай модыг авч тарьдаг. Учир нь бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон моднуудыг мод үржүүлгийн газрууддаа тарьж ургуулдаг. Дээр нь уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт ихтэй болж байгаа, салхинаас хамгаалсан зурваст тарьдаг учраас чийг, ган тэсвэртэй моднуудыг тарьж ургуулдгаараа онцогтой.
Эх сурвалж www.polit.mn