Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Зохистой ариун цэврийн өрөө ашиглах нь зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй дэлхий нийтийн асуудал болоод байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин ариун цэврийн өрөөний хүртээмж, хэрэгцээний талаар хөндөж цуврал нийтлэл хүргэсээр байна. Бид өмнөх дугаартаа ерөнхий боловсролын сургуулийн орчинд ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа талаар сурвалжилсан. Сургуулийн орчинд эмэгтэй ариун цэврийн өрөөний гадаа үргэлж урт дараалал үүссэн байдаг бол эрэгтэй ариун цэврийн өрөө дараалалгүй байсан юм. Судалгаагаар эмэгтэйчүүд, эрчүүдээс 2.3 дахин их цагийг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эмэгтэйчүүдийн бие засах цаг эрчүүдээс урт байдаг аж. Жишээлбэл, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Мөн бие давхар үед ариун цэврийн өрөө олон ордог байна. Тиймээс биологийн ялгаатай байдлыг харгалзан сургуулийн орчинд эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоог нэмэх шаардлагатай гэдгийг онцолсон.

Харин энэ удаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаа болон шээсээ удаан барих нь ямар сөрөг нөлөөтэй талаар эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Насанжаргалтай ярилцлаа.

 

-Эмэгтэйчүүд эрчүүдээс олон удаа ариун цэврийн өрөө ордог. Үүнийг биологийн талаас нь тайлбарлавал?

-Анатомын бүтцээр нь авч үзвэл эрэгтэй хүний шээс дамжуулах суваг буюу гадна шээсний сүвнээс давсаг хүртэлх зай нь 20 см байдаг. Харин эмэгтэй хүнийх гурван см байдаг. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ солих хэрэгтэй. Жирэмсэн үед бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд 25 хувиар нэмэгддэг. Мөн олон удаа төрсөн эмэгтэйчүүдийн шээс нь задгайрдаг. Эдгээрээс шалтгаалан олон удаа бие засдаг.

-Эмэгтэйчүүд шээсээ удаан барьснаар ямар сөрөг нөлөө үүсдэг вэ?

-Эмэгтэйчүүд ариун цэврийн өрөө оролгүй хэт удснаас болж давсаг болон шээс дамжуулах замын үрэвсэл, өвчлөлд өртөх нь их байдаг. Давсганд шээс хуримтлагдсан үед барьснаар бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Бөөр нь дээрээсээ доошоо чиглэлтэй ялгаруулах байдлаар шээсийг гадагшлуулдаг. Давсганд шээс удаан хадгалагдсанаар бөөрний ялгаруулах үйл ажиллагаа саатна гэсэн үг. Цаашлаад сөрөг урсгал үүсэж өгсөх замын халдвар үүсдэг. Мөн шингэний хэрэглээгээ хязгаарласнаар ус дутагдах, гэдэсний түгжрэл болох эрсдэлтэй. Гадна талбайд бие засдаг эмэгтэйчүүд аарцаг орчмын халдварт өвчин, цагаан хорхой, гепатет холери, суулгалт зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр.

-Манай улсын хувьд эрс, тэс уур амьсгалтай. Энэ нь ойр ойрхон бие засахад нөлөөлдөг гэсэн үү?

-Тийм ээ. Манай улс эрс тэс уур амьсгалтай. Жилийн дөрвөн улиралд эмэгтэйчүүд их даардаг. Ингэснээр бөөр, давсагны үйл ажиллагаа өөрчлөгддөг. Үүнээс үүдэж бие засах үйл явц өөрчлөгддөг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

-Сурагчид ариун цэврийн өрөө оръё гэж багшдаа хэлж чаддаггүй. Үүнээс үүдэж циститтэй болдог гэх яриа бий. Энэ тухай?

-Өсвөр нас буюу 12-оос дээш насны охидын 80 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Мөн мөчлөг нь тогтворгүй байдаг. Тодруулбал, өсвөр насны охидын сарын тэмдэг олон хоногоор эсвэл их хэмжээгээр ирэх нь элбэг. Гэвч ариун цэврийн өрөө оръё гэдгээ багшдаа хэлэхээс ичдэг. Үүнээс үүдэж цистит буюу давсаг, шээсний замын үрэвсэлтэй болдог. Тиймээс багш нарын хувьд мэдрэмжтэй байж тэдэнд ариун цэврийн өрөө орох боломжийг олгох хэрэгтэй.

 

Ариун цэврийн байгууламж хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй  жишээ юм

 

Өнгөцхөн харахад нийтийн эзэмшлийн талбайд эрэгтэй, эмэгтэй хүний ариун цэврийн өрөөг ижил тэнцүү байх нь зөв мэт. Харин биологийн хэрэгцээнд тулгуурлан харвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө олон байх нь зүйтэйг дээрх ярилцлагаас харж болно. Мөн манай улсад ариун цэврийн байгууламжийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох тохиолдол элбэг гэдгийг дээр дурдсан. Сургуулийн орчинд охид ариун цэврийн өрөө орж чадахгүй байгаагаасаа үүдэж циститээр өвчлөх нь элбэг байдаг ажээ. Тодруулбал,  НҮБ-ын Хүүхдийн сан болон Нийгмийн ажлын хөгжлийн төв Төрийн бус байгууллагын хамтран Монгол Улсад анх удаа сарын тэмдгийн үеийн охидын сэтгэлзүй, ариун цэврийн талаар судалжээ. Судалгаагаар сарын тэмдгийн үед  охид сургууль дээрээ байх үедээ эрүүл ахуй, ариун цэвэр болон сэтгэл санааны хувьд олон хүндрэлтэй асуудалтай тулгардаг байна. Үүнд, бусдаас ичих, хөвгүүдэд шоолуулахаас айх, тавгүйтэх, хичээлдээ оролцох идэвх нь сулрах, ангийнхаа бусад хүүхдээс зай барих, хичээлээс анхаарал нь сарних, сарын тэмдгийн үед ариун цэвэр сахих хувийн орон зай бүхий ариун цэврийн байгууламж дутагдах зэрэг олон асуудал байна. Эдгээрийн улмаас охидын хичээл болон сургуулийн үйл ажиллагаанд оролцох идэвх нь илт буурах, цаашилбал хичээл таслах явдал гардаг ба энэ нь тэдний сурлагын амжилтад төдийгүй бие, сэтгэл санааны байдалд таагүй нөлөө үзүүлж байна. Тэгвэл сургуулийн орчинд охид хэт их ариун цэврийн өрөө оръё гэдэг учраас завсарлагаан болтол хүлээлгэх тохиолдол их гэдгийг хэлж байлаа. Энэ тухай XI ангийн сурагч Ц.Наран “Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болдог. Заримдаа хичээлийн дундуур гарах шаардлага үүсдэг. Гэвч заавал завсарлагаанаар гарахыг багш шаарддаг. Гэвч завсарлагааны хугацаа маш богино. Заримдаа завсарлагаанаар тухтай ариун цэврийн өрөө орж чаддаггүй. Мөн охидын ариун цэврийн өрөө үргэлж дараалалтай байдаг учир хичээлийн дундуур гарах нь илүү амар байдаг” гэсэн юм.

Сонирхуулахад, Канад болон Их Британид хийсэн хэд хэдэн судалгаанд нийтийн ариун цэврийн байгууламжийг хаасны дараа тухайн хэсгийн оршин суугчдын дунд шээс дамжуулах замын болон давсагны өвчлөл нэмэгдэж байгааг тогтоожээ. Ариун цэврийн байгууламж хангалтгүй байдлыг хот төлөвлөгчид жендэрийн мэдрэмжгүй төлөвлөлт хийж, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй нэг жишээ юм. Өөрөөр хэлбэл санаатай санамсаргүй байдлаар эмэгтэйчүүдийн хэрэгцээг чухалчлахгүй байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)