С.УЯНГА

Улс орны бодлого бичих боловсруулахаас эхлээд хэлэлцэх, шийдвэрлэх гээд анхан шатнаас эцсийнх хүртэл бүх дамжлага эрчүүдийн санал бодол, эрх мэдлээс “урган” гарч байгаа. Ингэж өнгөрсөн 30 жилийн тэн хагаст нь бүгдийг эрчүүдэд даатгаж, тэднээр шийдвэрлүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, улс орны бүхий л бодлого шийдвэрт эрчүүдийн ам, ая талыг харж ирсэн. Үр дүн нь өнөөгийн нийгэм. Үндсэндээ, хүн амын хамгийн том бүлэг болох эмэгтэйчүүд өөрсдийнхөө амьдралд хамаатай улс төрийн шийдвэр гаргахад нөлөө үзүүлэхүйц жин дарах хэмжээний хангалттай төлөөлөлгүй өдий хүрлээ. Төлөөллийг хангаагүй, нэг хүйс давамгайлсан өрөөсгөл бодлогын үр дагаврыг нийтээрээ амсаж байгаа. Тиймдээ ч хүйсийн төлөөлөл, жендэрийн дэвшилд дорвитой ахиц гарахгүй байсаар ардчилсан Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн үзүүлэлтээрээ 193 орноос 134 дугаарт жагсаж байна.

Зүй нь олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, тантай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй. Нэгэнт биелэлээ олохгүй байгаа энэхүү уламжлалыг өөрчлөхийн тулд дэлхий нийтээр эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих давлагаа эрчимжиж байна. Монгол Улс, Монголын эмэгтэйчүүд энэ трэндээс хоцрохгүйн тулд “энүүхэндээ” өөрчлөлтийн төлөө нэгдэж, дуу хоолой хүргэсээр буй юм. Төрийн бодлогын түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих, ээлтэй шийдвэр гаргах хууль батлуулахаас эхлээд үр дүн гарч эхэлсэн. Сонгуулийн хууль, Улс төрийн намын хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвшүүлэх квотыг 30 хувь болгож чадсан нь манайдаа л урьд өмнө байгаагүй бодит жендэрийн дэвшил болсон юм. Тэгвэл өөрчлөлтийн төлөө нэгдэж байгаа эмэгтэйчүүдийн цар хүрээ илүү өргөжиж салбар бүрт шийдлээ танилцуулсаар байна. Үүний нэгээхэн хэсэг нь "Өөрчлөлтийн замын зураг” бодлогын хэлэлцүүлэг боллоо.

Шийдвэр гаргах түвшинд ажиллах, өөрчлөлтийг түүчээлэх зорилготой эмэгтэйчүүд хөгжлийн бодлогын асуудлуудаар хэлэлцэж, хувийн болон хамтын улс төрийн бодлогоо илэрхийлэх  орон зай, индэр нь “Өөрчлөлтийн замын зураг” байв. Энэ индэр дээр төр, хувийн хэвшил, иргэнийн нийгмийн байгууллагын эмэгтэйчүүд  сэдэвчилсэн бодлогын асуудлуудаар  байр сууриа илэрхийлэхээс гадна бодит  шийдлүүдийг дэвшүүллээ. Мөн өөр хоорондоо хэлэлцэж, харилцан суралцах, урам өгөх зорилготой бодлогын дугуйлангуудыг “хичээллүүлсэн” нь  хэвшил ойлголтыг эвдсэн огт өөр өнцөг байв.

Эмэгтэйчүүдийн өмнө “Ардчилал ба засаглал”, “Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд”, “Эдийн засаг ба ажил эрхлэл”, “Байгаль орчин ба хотжилт” агуулгаар индэр зассан байв. Энэ индэр дээрээс шийдэл танилцуулж буй эмэгтэйчүүдийн хамгийн гол онцлог нь практик дээр ажилласан туршлагатай. Алдаж, онож ухаажаад сорилт бэрхшээлийг туулаад ирснээрээ онцлог юм.

Эмэгтэйчүүд бодлогын түвшинд илүү олноороо гарч ирэхийн тулд хэрсүү сонгогч бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Монголчуудын туулж ирсэн сонгуулийн нийтлэг туршлагыг харвал сонгуулийг мөнгө олох хэрэгсэл гэж хардаг байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Тиймээс илүү их мөнгө амласан, тараасан нь сонгогдож байна. Энэ нь эдийн засаг, санхүүгийн чадамжаараа эрс ялгаатай эрчүүд, эмэгтэйчүүдэд ижил тэнцүү гараанаас өрсөлдөх боломж олгодоггүй, сорилт болж байна. Харин идэвх оролцоотой, мэдлэг чадвартай хэрсүү сонгогчидтой байж чадах юм бол эдийн засаг биш бодлого, шийдлээр өрсөлдөх боломж нээгдэнэ. Энэ агуулгыг хүний эрхийн эксперт Х.Баасанжаргал хөндөв. Дараагийн асуудал нь жендэрийн мэдрэмжтэй төсөл хөтөлбөр байв. Монголд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг харахад эмэгтэйчүүд голдуу жижиг сажиг шат дамжлагын ажил дээр нь оролцоод замдаа “гээгддэг” бол эцсийн үр шимийг нь эрчүүд хүртдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнтэй адил соёлын үйлчилгээ ч эмэгтэйчүүдэд хүртээмжгүй. Гэртээ хүүхдээ асардаг эмэгтэйчүүд номын сан, соёлын үйлчилгээнээс хоцордог. Тиймээс явуулын номын сантай болох, ажил эрхлэлт нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөр, төсвийн үр шимийг эрэгтэй, эмэгтэйчүүд тэнцүү хүртэж байна уу, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж чадаж байгаа юу гэдгийг хэмждэг болох хэрэгтэй. Ингэж байж эмэгтэйчүүдэд ээлтэй байж чадна гэдгийг Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн зөвлөх Э.Эрдэнэцэцэг онцолсон юм.

Жендэрийн тэгш байдал гэхээр ихэнх нь хүйстэй холбож ойлгодог. Гэтэл зөвхөн хүйсийн ялгаатай байдал биш эдийн засаг, улс төрийн тэгш эрх, оролцоотой уялдуулж илүү өргөн хүрээнд ойлгох шаардлагатай байгаа аж. Зөвхөн ирэх оны төсвийг харахад л байгалийн баялаг, татвар төлөгчдийн мөнгийг тойрог тордоход зарцуулж байгаа талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан “Манай улсын макро эдийн засгийн бодлого хаашаа явж байгаа вэ, цаашид хэрхэн хөгжих вэ гэсэн бодлогын шинж чанартай асуудлуудыг ажил хэрэгчээр ярилаа. Улс орны бодлого, тэр дундаа эдийн засгийн тал дээр хамгийн судалгаатай, ажил хэрэгчээр хандаж байгаа нь яг үнэндээ эмэгтэйчүүд байна. Энэ утгаараа манлайлал үзүүлж чадна гэдэг нь тодорхой харагдаж байна. Саяхан батлагдсан ирэх жилийн төсвийг харахад эрх баригчдын сонгуульд зориулсан, тойргоо услах, иргэдийн саналыг худалдаж авахад чиглэлээ. Үүгээрээ олон залуучууд, аж ахуйн нэгжүүдийн боломжийг үгүй хийсэн харалган төсөв болсон гэдэгт санал нийллээ. Энэ “чөтгөрийн тойрог”-оос гармаар байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар, экспортын түүхий эдээс олж буй орлого нэмэгдэж илүү хөгжих боломж нээгдэж байна. Гэтэл энэ боломжийг ашиглаж чадахгүй байна. Нүүрснээс эхлээд янз бүрийн хулгай яригдсаар үгүй хийлээ. Энэ мөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулсан бол илүү үр дүнтэй. 2024 оны төсвийн ганцхан тооноос манай улс юунд ач холбогдол өгч хөрөнгө оруулж буй нь харагдана. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг манаж хүний эрхийг хамгаалахад 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн хэр нь төрд нүүрлэсэн хулгайч, авлигачдаа мөрдөж мөшгихөд 45.8 тэрбум төгрөг баталж байна. Эндээс нийгэм хаашаа явж буй, ямар зүй тогтолтой нь ил тод харагдаж байна. Үүнийг өөрчилж чадахгүй бол гэгээлэг ирээдүйн талаар яриад нэмэргүй” гэв. Энэ бүхнээс харахад эдийн засаг дахь тэгш бус байдал газар авч ардчилалд аюул учирлаа. Хүний эрх, жендэрийн мэдрэмжээр дэлхий нийт хэдэн алхмаар урагшилж байхад манайх байрандаа л үлдэж байна гэсэн дүгнэлтийг оролцогчдын ихэнх нь хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 229 (7214)