П.АМГАЛАНБАЯР

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багийн залуу малчин Ш.Дэлгэрбат нь чанарыг эрхэмлэн малынхаа тоог 400-600 толгойд барьдаг  байна. Залаа жинстийн цагаан ямааг цэврээр нь өсгөн үржүүлдэг. “Ашиг шим багатай 1000 ямаанаас 200-300 кг ноолуур авдаг бол чанартай 500-600 ямаанаас мөн ижил хэмжээний ноолуур авч болдог” хэмээн өгүүлэх түүний хувьд жилд 100 төл авлаа гэхэд 60-70-ыг нь тухайн жилээ  борлуулдаг байна. “Чанартай, Сүргийн зохистой бүтэцтэй ямаатай байхын тулд ухнандаа анхаардаг. Ухнаа сонгохдоо баталгаажсан цөм сүрэгтэй малчин өрхөөс худалдаж авдаг. Тэгээд хоёр жил үржилд ашиглаад сольдог” хэмээн ярих Дэлгэрбат нь  НҮБХХ-ийн дэргэдэх “Монголын тогтвортой ноолуурын платформ”-оос “Тогтвортой ноолуурын өдөр-ийг угтан малчид, малчны байгууллагууд, хоршоодын дунд зарласан дөрвөн төрлийн уралдааны “Малын үүлдэр угсааг сайжруулж, түүхий эдийн чанарыг сайжруулсан малчин өрх”-ийн төрөлд шалгарчээ.

Ш.Дэлгэрбат

Тэрбээр энэ сарын 13-нд болсон “Тогтвортой ноолуурын өдөр-2023”-д уригдан ирж, 1.5 сая төгрөг, цомын хамт гардлаа.

НҮБХХ-ийн “Монголын тогтвортой ноолуурын платформ” болон “Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж ба эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл хамтран Монгол Улсад анх удаа “Тогтвортой ноолуурын өдөр-2023” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 13-нд “Шангрила” зочид буудлын хурлын танхимд зохион багуулсан юм.  

Төр, хувийн хэвшил, малчид, хоршоод, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд, худалдан авагчдын төлөөллийг оролцож, текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн чиг хандлага, Монгол ноолуурыг тогтвортой болгоход чиглэсэн сайн туршлагуудын талаар хэлэлцсэн уг хурлын үеэр ганц Дэлгэрбатыг шагнаагүй. “Монголын тогтвортой ноолуурын флатформ”-оос Монгол Улсад мөрдөгдөж буй мал аж ахуйн бодлого, тогтвортой ноолуурын стандартыг хангах чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргасан малчин өрх, хоршоо, ноолуурын үйлдвэрүүдийг шагнасан юм. 

Энд зүгээр нэг шагнал урамшуулал өгсөн зүйлийн тухай магтан сайшааж бичиж байгаа юм  биш, дэлхийн ноолуурын  зах зээлийн тал шахуу хувийг нийлүүлэгч Монгол Улсын хувьд хэрэглэгчдийн байгальд ээлтэй, амьтны тавлаг байдлыг хангасан зэрэг хэрэглэгчдийн нарийн шаардлага шалгуурт монголчууд тэнцэхийн тулд малчид, үйлдвэрлэгчид зэрэг олон талын оролцоо, хамтын ажиллагаа чухал билээ. Тэгвэл энэ чиглэлд сүүлийн жилүүдэд дорвитой өөрчлөлт гарч байгааг дээрх шагналууд илэрхийлж буй юм.

Матильда Димовска

Энэ үеэр НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матильда Димовска сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “НҮБХХ нь Монголын тогтвортой ноолуурын платформ санаачилгыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн асуудал байна гэж харж байна. Монголын ноолуур бол стартегийн түүхий эд төдийгүй нэг сая орчим малчны амьжиргааны гол эх үүсвэр болдог. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Мөн бэлчээрийн доройтлыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Тиймээс бид байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр дээрх санаачилгыг эхлүүлээд байна. Ажлыг үр дүнтэй болгоход бүх талын хамтын оролцоо чухал” хэмээн онцлов.

Хурлын үеэр дотоод, гадаадын зочид төлөөлөгчид Монгол Улсын уул уурхайн бус орлогын экспортыг тэргүүлдэг ноолуурын түүхий эдийн чанар, стандарт, байгальд ээлтэй байдал зэрэг асуудлыг бүх оролцогч тал нэгдэн хэлэлцдэг ийм тэмдэглэлт өдөртэй болж байгаад олзуурхаж, цаашид уламжлал болгохыг сануулж байлаа.

Түүхий ноолуурын том тоглогч Монгол Улсын хувьд цагаан алт гэгддэг ноолуурын чанараа сайжруулж, олон улсад нэр төртэйгээр худалдан борлуулсаар байхын тулд бэлчээрийн мал аж ахуйгаа ээлтэй үйлдвэрлэл болгон хувиргах их замын өмнө буй юм. Иймээс малчдаасаа эхлээд бэлчээрийн менежмент, малын үүлдэр угсаа, ноолуурын чанарыг сайруулахаар санаачилгатай ажиллаж эхэлсэн нь  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 228 (7213)